Гүндүүгүй эрчүүдийн гундах шалтгаан

Монгол цэргийн өдөр буюу бидний ярьж заншсанаар Цэргийн баяр маргааш тохионо. Баяр ч гэж дээ, үнэндээ энэ өдөр монгол эрчүүд цэргийн алба хаасан, эсэхээрээ “талцан”, баяр тэмдэглэх эрхтэй хүн мөн үү гэдгээ хүүхнүүдэд батлан харуулах адармаат оролдлогодоо багагүй хүчин чармайлт гаргадаг билээ. Хүссэн ч, хүсээгүй ч олон нийтийн анхаарал эрчүүд дээр тусдаг энэ чухал өдрийг уг нь тиймхэн тоглоом наргиан болгоод өнгөрөөмөөргүй байгаа юм.

Учир нь энэ бол туурга тусгаар Монгол Улсын алтан хилийн сөөм газрыг амиараа нөхсөн ахмад дайчдын, энхийн манаанд өдгөө мөр зэрэгцэн зогсож буй цэрэг эрсийн, эх орон дуудсан цагт эрслэн хөдлөх хатан зоригт хөвгүүдийн баярын өдөр мөнөөсөө мөн билээ.

Эрчүүдэд хамаатуулан ойлгож болох ганц бахархалт баяраар нь үндэсний үйлдвэрлэгчид өнөө жил цэцгийн баглааны оронд оймс, дотуур хувцасны багц бэлгэнд боож, томоохон сүлжээ дэлгүүрүүд адууны умс, гитай хямдруулж буйгаа зурагтаар бахархалтай сурталчилсанд эгдүүцэх хүн олон нийтийн сүлжээнд цөөнгүй байна.

Мартын 8 дөхөхөөр эмэгтэйчүүдийн эрхийн тухай хаа сайгүй ярьж, эрчүүд гоё сайхан бэлэг сэлтийн эрэлд гарахын зэрэгцээ худалдаа, үйлчилгээ, олон нийтийн үзвэрийн газрууд нэг нэгэнтэйгээ өрсөн хямдрал зарлаж, нийгэм даяараа хөдөлгөөнд ордогтой тэд мэдээж барьцаагүй. Өрх гэрийн өмөг түшиг, сүлд хийморь, улс орныг удирдан жолоодох уураг тархи, ноён нуруу нь байх учиртай эр хүний үнэлэмж, тэдэнд хандаж буй манай нийгмийн нийтлэг дүр төрх ийм болсонд бухимдсан биз.

Тиймээс эл өдөр цэргийн алба хаасан, эсэх нь хамаагүй, бүхий л монгол эрчүүдийн эрхийн тухай, үнэлэмжийн тухай, нийгмийн асуудлынх нь талаар хөндөхийг хүслээ.

“Монгол эрчүүд хааччихсан юм бэ. “Боловсрол, ажил мэргэжил, царай зүсийг нь харахаа больё, яршиг” гээд хичээгээд хайсан ч ойролцоо насны аятайхан хүн олдохгүй байна” хэмээн 35 настай Э үнэн голоосоо санаашран хэлэв. “Эрчүүд “Улаан ном”-нд орчихсон юм уу. Нөхөр болчих хүн алга” хэмээн найз хүүхнүүдийн ярихыг сонсоод эхэндээ гайхдаг байлаа.

Монголын нийт хүн амын 48.6 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг, хүйсийн харьцаа ойролцоо байхад нөхөр олдохгүй байгаа бол өөрсөдтэй нь холбоотой (эрчүүдийн нас, зүс, боловсрол, хөрөнгө чинээг нь голлон хардаг) гэсэн бодол минь Үндэсний статистикийн хорооны мэдээллийг хараад өөрчлөгдөв.

2016 оны эцсийн байдлаар Монголд 1.533.983 эр хүйстэн байгаа ч Э-гийн үеийнх буюу 35-39 насны эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдээсээ даруй 4000-аар цөөн байх юм. Цаашлах тусам энэ зөрүү улам холдон, 40-44 насны эрчүүд бүсгүйчүүдээсээ 7100-гаар цөөн болж, 45-49 насныхны хувьд 9000-аар, 50-54 насныхны хувьд 11.000-аар цөөрөөд явчихаж байна.

0-29 насны хүн амын дунд эрчүүдийн эзлэх хувь ахиу жин дарж байснаа 30 наснаас дээшлэх тусам хүйсийн харьцаа илт алдагдах болсон нийгмийн энэ сөрөг үзэгдэл цаашид нөхөрт гараагүй хүүхнүүдийн “арми”-ийг тэлэх нэг шалтгаан байсаар байх бололтой. Дайн тулаангүй энх цагт монгол хүүхнүүд хань нөхөр хайн гансарч буйд хэн буруутай вэ.

Монголд жилд дунджаар 17 мянга гаруй хүн нас барж байгаагийн дийлэнх буюу 62 хувь нь эрчүүд байна. Тэр дундаа нөхөн үржихүйн насны эрэгтэйчүүдийн нас баралтын 45.6 хувийг хорт хавдар эзэлж байгаа нь тухайн насны эмэгтэйчүүдтэй харьцуулахад 1.5 дахин их үзүүлэлт аж.

Ялангуяа идэр залуухан эрчүүд элэг, уушгины хорт хавдраар нас барах явдал түгээмэл байгаа нь тэдний эрүүл мэндийн боловсролд анхаараагүй он жилүүдийн төлөөс гэлтэй. Манай улсад эрэгтэйчүүдийн өвчлөл сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, бүр залуужсаар байхад улсын эмнэлэгт эрэгтэйчүүдийн тасаг, тусгайлсан эмч байхгүй өнөөг хүрсэн байх юм.

Цаг бусаар хөгжлийн бэрхшээлтэй болж буй хүмүүсийн 80, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөгсдийн 90, амиа хорлогсдын 60 хувь нь эрчүүд байдаг гэнэ. Дээрх тоо баримтаас үзэхэд монгол эрчүүд үнэхээр л мөхлийн ирмэг дээр ирчихсэн мэт харуусал эрхгүй төрнө.

Гүндүүгүй гэгддэг монгол эрчүүдийн ноён нуруу хугарч, амиа егүүтгэх оролдлого хийх дээрээ тултал нь юу тэднийг зовоов. “Улс орноо хамгаалах нь байтугай, өрх гэрээ олигтойхон аваад явчих чадвартай монгол эрчүүд өдрийн од мэт цөөрсөн” гэх муу үгийн модон улаа монгол эр хүний сүр сүлд, хийморь лундааг сэвтүүлсээр буйг ингээд зүгээр л хараад суусаар байх уу.

Эрэгтэйчүүдийн эрх гээд ярихаар гарч ирдэг нэг гол сэдэв нь боловсрол. “Өнөөдөр манай нийгэмд өөрийнхөө ямар эрх эдлэх ёстойг, ямар эрхээ зөрчигдөж буйг мэдэхгүй эрчүүд цөөнгүй. Үнэндээ манай нийгэмд эрчүүдийн эрх бүсгүйчүүдийнхээс дутахгүй зөрчигддөг. Сэтгэл санаа, ахуй байдлын олон хүчирхийлэл эр хүнийг дотроос нь байнга зовоож байдаг юм билээ.

Тэдэнд эзэмшихийг хүсдэг мэргэжил, хийхийг хүсдэг ажил байдаг. Гэтэл түүнийгээ эзэмшээгүй учраас хүссэн ажлаа хийж чадахгүй байх нь элбэг. Өдгөө их, дээд сургуульд суралцдаг оюутнуудын дунд эрэгтэйчүүдийн эзлэх хувь маш бага байдаг. Үүнд “Эрэгтэй хүүхэд яах вэ, аяндаа болно” гэдэг ар гэрийнхний нөлөө их хамаатай. Гэтэл эрчүүд гэр бүлтэй болж, улмаар үр хүүхдээ тэжээн тэтгэх чадвартай байх ёстой. Тэд ашиг орлого ихтэй ажил олохын тулд хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг.

Сурч боловсрох, хөгжих эрхээ хойш тавьсаар яваад нэг мэдэхэд хажуудах хүндээ гологдох хэмжээнд очих нь элбэг. Тэгээд сэтгэлээр унан, уурлаж бухимдсанаар архидан согтуурах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх эхлэл тавигддаг. Сүүлийн жилүүдэд манай эрчүүдийн дунд амиа хорлолт нэмэгдэж буй нь сэтгэл түгшээдэг” хэмээн Эрчүүд, гэр бүл хөгжлийн нийгэмлэг ТББ-ын захирал Д.Эрдэнэцогт ярилаа. Монгол эр хүний үнэлэмж буурах болсон шалтгааныг эндээс хайх хэрэгтэй юм шиг ээ.

Архи, тамхины хэрэглээ их, хөдөлгөөний хомсдолд орсон, зохисгүй хооллодог гэх зэрэг амьдралын буруу хэв маяг, элдэв муу дадал зуршил эрэгтэйчүүдэд илүү байдгаас эд халдварт бус өвчинд өртөмтгий байгааг мэргэжилтнүүд анхааруулдаг. Гэтэл эр нөхрөө, аавыгаа өвдөхөөс нь өмнө эмнэлэг рүү дагуулж очоод, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг эмэгтэйчүүд манайд хэр олон билээ.

Үр хүүхдийнхээ төлөө үхэхэд бэлэн байдаг аавуудын сэтгэл хэзээд агуу. Гагцхүү тэд үр хүүхдийнхээ төлөө цаг минут тутамд амьдарч чадаж байна уу гэдгийг нь аавуудад ойлгуулах хатан ухаантай гэргий, үүнд чиглэсэн ажил хийдэг олон нийтийн байгууллага хэр олон бол гэдгийг бодох л учиртай. Эрүүл саруул байх нь аавуудын үр хүүхэд, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн том үүрэг гэдгийг монгол эрчүүдэд ухааруулах тийм хэцүү юм гэж үү.

“Цэх зогсоод буудуулсан ч 

сум хүрэхээргүй

Цээжний алсад эх орон минь буй”

хэмээн А.Эрдэнэ-Очир найрагчийн хэлсэнчлэн гэр бүлээ, элгэн саднаа, эх орноо нандигнан хайрлах ухаан монгол эрчүүдэд хэзээнээсээ байсан юм хойно энэ байтугай саад бэрхшээлийг туулаад гарахад нь тэдэндээ дэм хайрламаар байна.

Туйллаа ч, дурлалаа ч надад эргэсэн

хан шувуу

Тунилаа ч, гундлаа ч чамайг

хайрласан хатан шувуу

Үйл заяаны нуруу нь тэнэгэр

Үнэнийг хайж нисэн ирдэг

хан шувуу....

хэмээн өндөр хөх тэнгэрийн дайдаас дуулж суугаа хүүхнүүдийнхээ итгэл сэтгэлийг өргөн түмэн монгол эрс минь болгоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)