"Гүйж байгаад бахардаад унахад нь дээрээс дэвсэлж зодсон гэдгийг нь хамт байсан цэргүүд гэрчилж байгаа"

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид амиа алдсан цэргийн өмгөөлөгч нар мэдээлэл хийлээ. 

Тэд талийгаач Б.Алтантулга нь бие бялдрын хувьд эрүүл учир золгүй байдлаар амиа алдах үндэслэлгүй хэмээгээд ийм мэдээлэл гаргасан цагдаагийн удирдлагуудад гомдол гаргасан гэлээ.

Өмгөөлөгч Э.Билгүүн хэлэхдээ "Энэ хэргийн талаар ЦЕГ-аас урьдчилсан дүгнэлт гаргаж, нийгэмд буруу ташаа мэдээлэл хүргэж байгаа учраас өмгөөлөгч нарын зүгээс хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулахаас аргагүй нөхцөл байдалд хүрлээ. Зэвсэгт хүчний 336-р ангийн алба хаагч Б.Алтантулга нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнд мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой байтал золгүй явдал байсан мэтээр ярьж байна.

Тус 336-р цэргийн ангид өмнө нь цэргүүдийг дэглэж, тамлаж, тахир дутуу болгож байсан тохиолдлууд нэг бус удаа гарч байсан. Энэ удаа ч мөн талийгаачийг гүйж яваад бахардаж унаад амь насаа алдсан гэж ярьж байна. Үнэн хэрэг дээрээ гүйж байгаад бахархаад унахаар нь цэргийн удирдлагууд нь дээрээс нь дэвсэлж зодсон тухай хамт гүйж байсан цэргүүд нь гэрчилдэг. Цэргийн ангийн камерын бичлэгт үлдсэнээр Алтантулгыг гүйлгэсний дараа тэнхээгүй болтол нь зодоод хувцасаа ч өлгөж чадахгүй ухаан алдаад унахад чирж аваачаад орон дээр нь хэвтүүлсэн байдаг. Нэг цаг орчмын дараа эмч ирээд үзлэг хийхэд нас барсан байдалтай байсан гэсэн эмчийн дүгнэлт гарсан.

Талийгаач Алтантулга нь 19 настай, ямар нэгэн суурь өвчингүй, бие бялдрын хувьд эрүүл байсан учир цэргийн албанд тэнцсэн. Золгүй байдлаар амь насаа алдах ямар ч үндэслэл байхгүй.

Талийгаачийн биед үүссэн улаан толбо бол хүүрийн толбо биш. Гадны нөлөөтэйгөөр тус толбо үүсэх боломжтой гэж үзэж байгаа. Мөн хөлний шилбэний орчим их хэмжээний хөхрөлт няцралттай, баруун мөрний дээд хэсэгт гадны нөлөөтэй шарх соривтой, баруун гарт шалбарсан шарх байсан. Үүнийг албаныхан урьдчилсан дүгнэлтээр гадны нөлөөгүй гэж гаргасан явдалд харамсаж байна” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)