"Гүйе! Түүе!" аяны хүрээнд 1500 орчим залуус хог цэвэрлэв

Залуучуудын сайн дурын оролцоотой “ГҮЙЕ ТҮҮЕ” аяныг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Тээврийн газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ хамтран өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгууллаа.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртын гүүрнээс “Гурван модны рашаан”, Маршалын гүүрнээс Баянзүрх хайрхан, Хар усан Тохойгоос “Монгол Шилтгээн” цогцолбор хүртэл гол дагуу тархсан, хуримтлагдсан хог хаягдлын түүвэр цэвэрлэгээг хийсэн бөгөөд 24 байгууллагын албан хаагчид, “Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо” ТББ-ын гишүүд, сайн дурын иргэд нийт 1,408 залуус оролцож, 5408 тонн хог цэвэрлэлээ.

Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Хотын гудамж, зуслангийн бүсийн хогийг иргэд бид өөрсдөө тарьж байгаа. Иргэн бүр хогоо хогийн саванд хаядаг бол нийслэл Улаанбаатар хот хоггүй хот болно. Нийслэлийн иргэдэд хогоо хаяхгүй байх, хаясан хогийг хогийн саванд аваад хаячих хандлагыг төлөвшүүлэх нь чухал юм.

Нийслэлийн Засаг даргын гурван хэрэгжүүлэгч агентлаг, БЗД-ийн ЗДТГ, иргэний нийгмийн оролцоотойгоор энэ удаагийн аяныг зохион байгууллаа. Сүүлийн үед эрүүл мэндээ анхаарч, биеийн тамир спортоор хичээллэх, өглөө болгон гүйж дасгал хийх залуучуудын тоо нэмэгдэж байна" гэлээ.

Хогоо түүнгээ дасгал хийх “Гүйе! Түүе!” залуучуудын сайн дурын аяныг цаашид тогтмол зохион байгуулж, нийслэлийн иргэд Улаанбаатар хотдоо тав тухтай, цэвэр цэмцгэр орчныг хамтдаа бүрдүүлэх болно” гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)