Гялгар уутыг хаягдал цаас, даавуугаар орлуулах боломжтой

Бид өдөр бүр, алхам тутамдаа гялгар уутыг талх шигээ л хэрэглэдэг гэхэд хилсдэхгүй. Талх, чихэр, нарийн боов, зайрмаг, ундаа гээд бүх л бараа бүтээгдэхүүн гялгар уутаар “өлгийдүүлсэн” байдаг. Засгийн газрын шийдвэрээр эхний удаад 0.035 мм-ээс зузаан уутнууд хамаарахгүй гэнэ. 

Тодруулбал, нэг удаагийн кофе, нарийн боовны уутыг эхний ээлжид хориглохгүй. Харин 10, 20 эсвэл 50 төгрөгийн цэнхэр, цагаан уутнуудыг хэрэглээнээс бүрмөсөн халах юм. 2016 онд улсын хэмжээнд нийт 3000 орчим тонн, 480 000 ширхэг нийлэг уут, түүний бэлдэц импортоор оруулж ирсэн байна. 

Харин өнгөрсөн онд энэ тоо 4000 тонн, 500 000 ширхэг болж нэмэгджээ. Энэ үзүүлэлт жил ирэх тусам өсөж буй тул ийнхүү гялгар уутны хэрэглээг халах шаардлагатай бид тулгарчээ. Хятадууд өнгөгүй гялгар уутыг хаягдал бүтээгдэхүүн дахин боловсруулж хийдэг учир хүнсэнд ашиглахыг хориглодог аж. Бид түүнийг мэдэхгүйгээс кг-аар савлаж зардаг хатаасан жимс, гоймон, задгай сүү, тараг зэрэг төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн хадгалахдаа гялгар уут хэрэглэдэг. 

Тиймээс нийлэг уутны хэрэглээг “хазаарлах” байгаль орчинд ээлтэй, эдийн засагт ч хэмнэлттэй тогтоолыг Засгийн газраас өнгөрсөн зун баталсан юм. Бидний нэрлэж заншсанаар 20, 50, 100 төгрөгийн буюу хальсан уут хэрэглэхийг хориглосон эл шийдвэр ирэх оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. 

БОАЖ-ын сайд “Гялгар уутыг хэрэглээнээс гаргаснаар хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж буй эх үүсвэрийг хязгаарлах боломж бүрдэнэ. Энэ шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан хяналт тавих юм. Харин гялгар уутыг юугаар орлуулахыг аж ахуйн нэгж, байгууллага болон үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид өөрсдөө шийдэх хэрэгтэй” гэв.

Чингэлтэй дүүргийн иргэн н.Отгон “Би хувьдаа гялгар уутны хэрэглээг огт дэмждэггүй. Тиймдээ ч даавуун уут үйлдвэрлэж эхэлсэн. Анх өөрийн гэсэн бизнестэй болохыг их хүсдэг байлаа. Удаан бодсоны эцэст хүмүүсийн амьдралд даавуун уут хамгийн их хэрэгтэй юм байна гэж дүгнэсэн. Миний амьдардаг газрын хөрс гялгар уутаар бүрхэгдсэн гэхэд хилсдэхгүй. Хавар, намрын шуурганд янз бүрийн гялгар уутнууд энд тэнд хийсэж харагддаг. 

Тиймээс ийм уутны хэрэглээг багасгахаар шийдсэн. Гэрт байсан даавууны өөдсөөр уут хийж үзлээ. Хөршүүд маань ч миний хийсэн даавуун уутыг их сонирхсон тул тэдэнд ч бас хийж өгсөн. Тэгээд Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих төвд хандаж даавуун уутны бизнес эрхлэхээр зориг шулуудсан юм. Уг төвийнхөн “Маркетингийн менежмент”, “Үйлдвэрлэл үйл ажиллагаа эрхлэх боломж” зэрэг сургалтад хамруулж, бизнес эрхлэх арга ухаанд суралцахад минь дэм болсон доо” гэсэн юм. 

Тэрбээр даавуун тор, уут үйлдвэрлээд долоон жил болжээ. Даавууны материал, хэлбэр, хэмжээ, загвараас шалтгаалан үнэ нь хэлбэлзэнэ. Эхэндээ хаях гэж байсан хувцсаа ашиглан уут хийжээ. Муудсан даавуугаар хийсэн уутыг худалдахад тохиромжгүй байсан тул тэрбээр захаас материал авч үйлдвэрлэлээ өргөжүүлжээ. Хааш, хаашаа 50 см урттай гоёмсог хийцийн даавуун уутыг хамгийн үнэтэйдээ 6000 төгрөгөөр худалддаг гэнэ. 

Хэмжээ, эсвэл материалаас шалтгаалаад үнэ нь 1000 төгрөг хүртэл хямдарна. н.Отгон долоо хоногт гурван удаа бараагаа нийлүүлдэг төдийгүй худалдааны томоохон захуудад байнгын захиалагчтай болоод амжжээ. Энэ мэтчилэн гэртээ байгаа өмсдөггүй хувцсаараа даавуун тор, цүнх хийж болдог аж.

Харин гялгар уут үйлдвэрлэгч компаниудад дээрх шийдвэр хэрхэн туссаныг лавлахад “Идэр ивээлт” ХХК-ийн төлөөлөл “Ирэх оны гуравдугаар сараас гялгар уутны импортыг бүрмөсөн хаах тул үйлдвэрлэлээ зогсоохоос өөр аргагүй л дээ. Гэхдээ үйлдвэрээ хаана гэсэн үг биш. Ирэх гуравдугаар сараас даавуун болон цаасан уут хийнэ. Одоогоор даавуун уут их хэмжээгээр үйлдвэрлэхэд юу шаардах талаар судалж байна. Бусад компани эко уут үйлдвэрлээд эхэлсэн байна лээ. 

Ер нь нийгэмд цаасан болон даавуун уутны зах зээл бий. Хэрчсэн гурил, талх зэрэг дотооддоо үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнээ эхний ээлжид цаасан сав, баглаа, боодолтой болгох хэрэгтэй. Ингэснээр гялгар уутны хэрэглээг хязгаарлах боломж бүрдэнэ. Түүнээс гадна сүлжээ дэлгүүр, зах, худалдааны төвүүд өөрийн гэсэн хаяг, шошго бүхий даавуун уутыг захиалж хийлгэвэл тэр хэрээр байгальд сөрөг нөлөөгүй төдийгүй эдийн засагт ч хэмнэлттэй. Иргэд даавуун уутыг нэг авсан байхад дор хаяж зургаан сар хэрэглэнэ шүү дээ” гэсэн юм. 

Дэлхийн жишигт ч гялгар уутны хэрэглээг “хазаарлах” ажил сүлжээ дэлгүүрүүдээс эхэлсэн байдаг. Австрали Улсын Засгийн газраас энэ оны эхээр гялгар уутны хэрэглээг хязгаарласан. 

Уг хуулийн хүрээнд өнгөрсөн зун тус улсын хамгийн том хүнсний сүлжээ дэлгүүр болох “Woolworths”-ынхан нэг удаагийн хэрэглээний гялгар уут худалдахаас татгалзсан байна. 

Ингэснээр жил бүр байгаль орчинд хаягдал болдог 3.2 тэрбум гаруй уутыг ашиглалтаас гаргасан гэнэ. “Woolworths” группийн ерөнхий захирал Брэд Бандуччи “Хойч үедээ ногоон ирээдүйг бэлэглэхийн тулд энэ шийдвэрийг гаргасан бөгөөд яг одооноос эхлэн манай дэлгүүрүүд нэг удаагийн гялгар уутыг хэзээ ч худалдахгүй хэмээн бахархалтайгаар хэлэхэд таатай байна. Хэрэглэгчид манай дэлгүүрээр үйлчлүүлэхдээ даавуун, эсвэл цаасан тортой ирэх шаардлагатай. 

Энэ нь гялгар уутны үйлдвэрлэлийг бууруулахад ихээхэн нэмэр болно” гэжээ. Энэ мэтчилэн Австралийн бусад сүлжээ дэлгүүр гялгар уутны хэрэглээг хязгаарласнаас хойш дөрвөн сарын хугацаанд 1.5 тэрбум гаруй ширхэг гялгар уутыг байгальд шингэхээс нь өмнө “аварчээ”. Үр дүнд нь тус улсын хэмжээнд гялгар уутны хэрэглээ 80 хувиар буурсан байна.

Манай улсын сүлжээ дэлгүүрүүд ч энэ жишгийг хэрэгжүүлбэл гялгар уутны хэрэглээ тэр хэмжээгээр буурахыг үгүйсгэхгүй. “Номин”, “Миний сүлжээ”, “Хүчит шонхор”, “Дүүхээ” гэсэн худалдааны төв өөрийн нэр бүхий шошготой даавуун тор захиалгаар хийлгээд хэрэглэгчдэд гялгар уутны оронд борлуулж болно шүү дээ. Манайд даавуун болон цаасан уутны үйлдвэрлэл эрхэлдэг “Цэгц”, “Тагтаа паблишин”, “Торхон”, “Эко тор”, “Бодь шим”, “Аз хур” зэрэг олон газар байдаг юм байна.

Бид өргөн хэрэглээний бараа, задгай сүү, тараг, кг-аар савлаж зардаг бүтээгдэхүүн авахдаа өдөр тутам гялгар уут ашигласаар ирсэн. 1990-ээд онд бид фермийн сүү, “ес”-ийн тос авахдаа дэлгүүр рүү даавуун уутаа бариад явж болдог л байж.

Элсэн чихэр, масло зэрэг хуурай хүнсний бүтээгдэхүүнийг зарахдаа гялгар уутанд боодог үзэгдлийг захын аль ч хүнсний дэлгүүрээс харж болно. Гялгар уутны оронд цаас хуйлж үзүүрийг нь нугалаад дотор нь хуурай зүйл хийхэд хэсэг хугацаанд асуудалгүй. Энэ мэтчилэн гялгар уутнаас татгалзах олон арга байж болох юм.

Манай улс хэрэглэсэн хуванцар, гялгар уутныхаа найман хувийг л дахин боловсруулдаг аж. Үлдсэн 92 хувийг нь байгальд шууд хаядаг гэсэн үг. Гялгар уут байгальд шингэхдээ зарим тохиолдолд 500-гаас дээш жил шаарддаг. 

Энэ хугацаанд нар салхины нөлөөгөөр жижиг хэсгүүдэд хуваагдаж, шүлтлэг орчин үүсгэн хөрсийг бохирдуулахаас гадна шатсан тохиолдолд автомашины дугуй шатаасантай тэнцэх хэмжээний хорт хий (хар тугалга) ялгаруулдаг гэдгийг олон улсын эрдэмтдийн судалгаанд онцолсон. Гялгар уутны буруу хэрэглээ нь хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмдэгийг хэвлэлээр байнга ярьдаг. Гэвч гялгар уутны хэрэглээ буурахгүй л байна.

Хүнсний гялгар уутнуудаас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын лаборатори 132 сорьц авч, өнгөрсөн онд шинжилгээ хийжээ. Химийн 58, хүнд металлын 27, нянгийн 72 төрлийн сорьц авахад бичил биетийн тоо байж болох хэмжээнээс тав дахин их гарсан байна. Иймээс байгальд ээлтэй сав баглаа боодол үйлдвэрлэх, энэ төрлийн хэрэглээнээс татгалзах цаг хэдийн иржээ.

Г.Баясгалан


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)