Гялалзсан БОЛОР-ЭРДЭНҮҮД

Эзэмшсэн мэргэжил, дурласан салбартаа чин сэтгэлээ зориулж, амжилт гарган, тууштай, хөдөлмөрлөж яваа гурван залуу “Нэр нэгтийн чих нэг” булангийн маань зочин.

Баатарын Болор-Эрдэнэ есдүгээр ангийн сурагч байхаасаа сагсан бөмбөгөөр хичээллэжээ. Дурласан спортоороо тууштай хичээллэж, амжилт үзүүлж яваа түүнийг сагсан бөмбөгийн хорхойтнууд андахгүй. Учир нь Монголын багийн спортын түүхэнд сагсан бөмбөгийн 3х3 төрөлд спортын мастер Б.Болор-Эрдэнийн баг олимпын эрхийг анх удаагаа авсан юм. Тэрбээр бэлтгэлээ базаахын зэрэгцээ Худалдаа хөгжлийн банканд ажиллаж буй.

Урт үс, бүрх малгай, чамин нүдний шил, хүзүүний ороолтоор байнга гангардаг Найданнямын Болор-Эрдэнэ киноны зураач. 2005 оноос хойш шүүмжлэгч, урлаг судлаачдаас чамгүй өндөр үнэлгээ авсан “Аравт”, “Ану хатан”, “Миний ах атаман”, “Ар хударга”, “Үхэж үл болно”, “Долоон бурхан харвадаггүй”, “Намрын синдром”, “Содура”, “Зүрхний хилэн”, “37 дугаар точка” гэхчлэн 40 шахам уран бүтээлд тэрбээр ажиллажээ.

Нийтлэлч Болушка буюу Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ Япон Улсын Токиогийн их сургуулийг олон улсын санхүүгийн бодлогын чиглэлээр төгсжээ. 2014 оноос trends.mn-ийг байгуулан ажиллаж буй. Тэрбээр Японы компаниудтай хамтран ажиллаж, олон нийттэй харилцах, видео продакшн хийх зэрэг олон ажлыг нэгэн зэрэг бүтээмж өндөртэй гүйцэтгэдэг. Түүнчлэн нийгэм дэх олон үйл явцыг гярхай ажиглаж бичдэгээр нь уншигчид эчнээ мэднэ.

Ижил нэртэй эрхмүүд доорх асуултад хэрхэн хариулсныг сонирхъё.

1.Алдаа бүхэн сургамж болдог. Өөрөөсөө ичиж, түүнээсээ ухаарал авсан туршлагаасаа ярина уу?

2.Хүн үхэн үхтлээ суралцдаг. Оройтсон ч гэсэн суралцахыг хүсэж буй зүйл тань юу вэ?

3.Та эцэг, эхээ хэзээ хамгийн их баярлуулсан бэ?

4.Үлгэр дуурайл болгодог хүн тань хэн бэ. Яагаад?

5.хүүхэд насны хамгийн том мөрөөдөл юу байв. Тэр мөрөөдөлдөө хүрсэн үү?

6.Урам хугарсан үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулж, урамшуулдаг вэ?

7.Амжилтад хүрэхийн тулд хэрхэн хөдөлмөрлөдөг вэ. Өдөр бүр хийж хэвшсэн зүйл, дадал тань юу вэ?

8.Баримталдаг гол зарчим юу вэ?

9.Хэнээс хамгийн хатуу шүүмжлэл сонсож байсан бэ. Юу гэж шүүмжлүүлж байв?

10.Нас ахихаас айдаг уу. Өөрийгөө өтөл настай болсноор төсөөлж байсан уу. Хэрхэн төсөөлсөн бэ?

Баатарын Болор-Эрдэнэ: Ц.Цэвэрбал багшаасаа үлгэр дуурайл авдаг

1. Хоёдугаар дамжааны оюутан байхдаа Ц.Цэвэрбал багшийн удирдлагад Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн шигшээ багаараа Польш улсад нөхөрсөг тоглолт хийхээр очсон юм. Тухайн улсын лигийн шилдэг багтай тоглоод олон оноогоор хожигдсон. Би их муу тоглосон. Тэр үед “Сагсан бөмбөг дахин тоглохгүй” гэж бодтолоо ичиж, шантарсан юм. Гэхдээ би шантраагүй. Ялагдал бүрийнхээ дараа дүгнэлт хийж, алдаагаа засахыг хичээх ёстойг ойлгосон.

2. Олон орны хэл сурахыг хүсдэг. Сурагч байхаасаа л гадаад хэлний хичээлд их сонирхолтой байлаа.

3. Спортоор, тэр дундаа сагсан бөмбөгөөр хичээллэснээр олон удаа ээж, аавыгаа баярлуулсан. Миний тоглож байгааг зурагтаар үзэхдээ, олон улсын тэмцээнд оролцохдоо аавынхаа нэрээр дуудуулдагт баярладаг болов уу. Бас бахархдаг гэж найддаг.

4. Спортод өдий зэрэгтэй явахад чухал нөлөө үзүүлсэн хүмүүсийн минь нэг Ц.Цэвэрбал багшаасаа үлгэр дуурайл авдаг. Багш минь шавь нарынхаа төлөө гэсэн чин сэтгэлтэй мундаг хүн. Тийм болохоор зөвхөн спортдоо ч биш, амьдрал, ажил гээд бүх л зүйл дээр үлгэрлэдэг. Багш минь олон мундаг шавьтай. Тэднээс бас суралцдаг даа.

5. Багадаа дуучин болохыг мөрөөддөг байлаа. Биелүүлж чадаагүй ээ. Гэхдээ түүнээс том мөрөөдлөө биелүүлээд, олимпод оролцох эрх гардчихсан болохоор өөрийгөө их азтай хүн гэж боддог шүү.

6. Урам хугарсан үедээ ихэвчлэн өөртэйгөө ярилцдаг. Гэр бүл, найз нөхөд, хамт олон, багш гээд надад итгэж, зөвлөдөг хайртай хүмүүсийнхээ тухай боддог. Тэгсний дараа өөрийгөө ялан дийлэх зориг, тэвчээртэй болдог доо.

7. Яаж ч яарсан, ямар ч үед өглөөний цайгаа уугаад бэлтгэлдээ явдаг. Тамирчин хүнийг амжилтад хөтлөх чухал зүйл нь бэлтгэл сургуулилалт. Манай шигшээ баг өдөр бүр, байнгын бэлтгэл сургуулилалттай байдаг учраас эрүүл мэнд, хооллолт, амралтдаа маш их анхаарах хэрэгтэй. Тэгж байж бэлтгэл үр дүнтэй болно.

8. “Хүн нүднээс далд ч зөв байх хэрэгтэй” гэж багш минь хэлдэг. Энэ үгийн утга учир, үнэ цэнийг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлж явахыг хичээдэг.

9. Хамгийн хатуу шүүмжлэлийг оюутан байхдаа сонсож байлаа. ОХУ-ын Казань хотод оюутны универсиад наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон. Тэр үед тэмцээнд бодсон шигээ сайн оролцож чадаагүй болохоор сэтгэлээр их унасан. Буцах замд багшаасаа хатуу үг сонссоноо мартдаггүй. Мартахыг ч хүсдэггүй.

10. Нас ахихаас айдаггүй ээ. Сүүлийн үед дотнын хүмүүс “Хань ижил, үр хүүхэдтэй болох нас чинь оройтож байна даа” гэх болсон. Гэхдээ спортын замналаа төгсгөх бодолгүй учраас гэр бүл зохиоход яарахгүй байгаа. Нас ахихаараа ач, зээгээ тойруулчихаад сагсан бөмбөгийн тухай ярьж суудаг өндөр, шар эмээ л болох байх.

Найданнямын Болор-Эрдэнэ: Бие өтлөхөөс биш, ухаан бодол хөгширдөггүй

1. Алдахаас айж болохгүй. Мэдээж алддаггүй хүн ч үгүй. Гол нь алдаанаасаа суралцах ёстой. Харин алдсанаа ч мэдэхгүй явна гэдэг хамгийн ичгүүртэй шүү.

2. Гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлмээр байна. Энэ нь ажил, мэргэжилтэй ч холбоотой.

3. Оюутны ширээнээс холдоод удаагүй байхдаа “Х ТҮЦ” продакшны “Аянгын бороо” жүжигт ажилласан юм. Тухайн оны “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас “Аянгын бороо” жүжгээр шилдэг зураачаар шалгарсан. УДЭТ-ын тайзан дээр шагналаа гардахад аав, ээж минь их баярласан даа.

4. Ааваасаа л хамгийн их үлгэр дуурайл авдаг. Аав минь маш хөдөлмөрч, уран гартай. 20-иод жил урлагийн байгууллагад ажилласан А.Найданням гэж хүн бий. Ер нь миний аавын талынхан бүгд гарын дүйтэй хүмүүс. Өвөө маань уран Авирмэд гэж хүн байлаа. Өвөөгийн урласан дээл, зодог шуудаг, монгол гутлыг тэр үеийнхэн нь шагшдаг байсан гэсэн. Аав багаас минь намайг дагуулж олон зүйл зааж, гарын дүйтэй болгожээ. Тэгж дагаж явахдаа янз бүрийн зүйл сонирхож, оролдсоор энэ мэргэжлээ сонгож, эзэмшсэн. Кино зураачийн ажил олон мэргэжлийн нийлбэр. Одоо ч ааваасаа суралцсаар л байна.

5. Хүүхэд байхдаа кино үзэх их дуртай байлаа. Том болоод кино зураач болох юм сан гэж их мөрөөдсөн. Санасандаа хүрсэндээ баяртай байдаг. Оюутан байхдаа япончуудын хийсэн Чингис хааны тухай “Зах хязгааргүй тэнгис” кинонд жижиг хэрэглэлийн зураачаар ажилласан. Тэр кинонд ажилласан нь маш их туршлага болж энэ мэргэжилд эргэлт буцалтгүй оруулсан даа.

6. Гэр бүлийнхэнтэйгээ байж тайвшрал, урам зориг авдаг.

7. Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл зүрхээ зориулж ажиллахыг хичээдэг. Өдөр бүр шинэ, сонин зүйлсийг судалж, туршиж, эрэл хайгуул хийдэг. Зурах авьяастай л бол кино зураач болчихно гэвэл өрөөсгөл. Гүйлгээ ухаан, түргэн сэтгэх чадвар, дээрээс нь гарын ур дүйтэй, дархан, мужааны ажлыг ч хийж чадахыг шаарддаг. Хамгийн гол зэвсэг нь судалгаа. Судалгаагүйгээр кино зураачийг төсөөлөхийн аргагүй.

8. Цаг барих. Ер нь цаг барихаас авхуулаад хувь хүний зохион байгуулалт ажил, мэргэжилд их нөлөөлдөг. Төлөвлөсөн ажлаа санасандаа хүртэл биелүүлэхэд эдгээр зарчим хамгийн чухал.

9. Том эгчээсээ хатуу бөгөөд үнэн үгийг сонсож байлаа. Одоо ч “Хийсэн жаахан зүйлдээ эрдэх хэрэггүй. Энэ бол эхлэл” гэж үргэлж хэлдэг.

10. Нас ахихаас мэдээж айдаггүй ээ. Уран бүтээлч хүний бие өтлөхөөс биш, ухаан бодол хөгширдөггүй гэж боддог.

Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ: Асуудал, бэрхшээл ихсэх тусам толгой ажиллана

1. Миний цаг гаргаагүй, очоод золгож амжаагүй хүн өөд болоход хана мөргөмөөр болдог. Араас нь их удаан бодож явна. Эмээгээ төрсөн нутаг руу нь авч яваагүйдээ харамсаж явна. Тэгсэн хэрнээ дахиад л анзааргагүй явж, алдаа гаргадаг. Магадгүй бид амьдралыг үргэлжилнэ гэсэн итгэлтэй амьдардаг болохоор ийм тэнэг байсаар үхэх юм болов уу.

2. Багадаа орчуулгын уран зохиол их уншдаг байлаа. Харин япон хэл сураад, уран зохиолыг эх хэлээр нь унших ямар өөрийг мэдсэн. Орос хэлээр сонгодог зохиол уншдаг болчихоод үхэх юм сан гэж боддог. Бүтэхгүй мөрөөдөл боловч бүх л орны зохиолыг өөр өөрийнх нь хэлээр уншиж үзмээр санагддаг юм.

3. Эцэг, эх нь үр хүүхдээ эрүүл саруул яваад л баярладаг байх. Японы Засгийн газрын шалгалтад тэнцэж, тэтгэлэг авч, явахад эдийн засгийн хувьд нуруу нь хөнгөрсөн байх. Бас дүүгээ Японд сургуульд оруулж, тэндээ хань ижилтэйгээ учраад сайхан амьдарч байгаа болохоор аав, ээж хоёрт бас сайхан л байдаг байх.

4. Ялангуяа философичид, зохиолч, багш нар, өмнө нь ажиллаж байсан компанийн захирал, найз нөхөд гээд олон хүнээс суралцаж явдаг. Дазай Осамү гэж Японы декадент төрлийн зохиолчоос хүн өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрөх гэх мэтээр суралцдаг.

5. Ямар мөрөөдөлтэй байснаа ч мартчихжээ. Зарим мөрөөдөл зам зуур гээгдэж, зарим нь төсөөлөө ч үгүй байсан хэрнээ биелсэн байна.

6. Урам хугарах гэдэг зүйл бараг үгүй болсон шиг байна. Өөрийнхөө төлөө хийж байгаагаа мэдсэн хүн бусдаас урам харахаа больчихдог. Мэдээж бэрхшээл, хэцүү асуудал таарна. Тэр үед санаагаар унаж байгаа мөчөөс хойш цаг хугацаа өнгөрсөн байгааг төсөөлдөг. Ер нь асуудал, бэрхшээл ихсэх тусам толгой ажилладаг, илүү сонирхолтой санагдаж, мотивац төрдөг онцлогтой хүн.

7. Нэлээд тааваараа, тайван хүн болохоор хөдөлмөрч гэвэл худлаа хэлсэн болно. Ямар ч гэсэн юмыг олон талаас нь гүн бодох дадалтай болж байна. Өдөр бүр хийж хэвшсэн зүйл гэвэл сайн агуулга унших, сайн урлаг “хэрэглэх”.

8. Үзэл бодол, оюун санааны хувьд бие даасан байх. Бусдын уураг тархинд агуулга хийдэг бүх хүн, ер нь бүх хүн тийм байвал идеал нийгэм бий болно байх.

9. Олон нийтийн сэтгэлгээнд, заримдаа бодож, сэтгэж дадсаныг нь хатгах, “Хаан нүцгэн байна” гэж хэлэх ажил хийдэг учраас янз бүрээр л хэлүүлж, шүүмжлүүлдэг.

10. Үхэл бол амьтай амьтны нийтлэг айдас шүү дээ. Нас ахих нь тэр цорын ганц үнэн рүү дөхөж байгаа жам учраас мэдээж аймаар. Намайг өтөл болсон үед нийгэмд ямар нэг сайн, сайхан зүйлс байвал тэрнээс бүтээлцсэн гэсэн нэр төртэй эмээ болж чадвал сайхан л байна.