Гээсэн гар утас завшсан иргэнд мөнгө угаасан гэж ял оноов

Бусдын гар утсыг олоод, завшсан Д.Х-д холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд мөнгө угаасан гэм буруутай гэж үзлээ. Тэрбээр энэ оны нэгдүгээр сарын 4-5-нд шилжих шөнө тус дүүргийн XVII хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг НРЖ баарны ариун цэврийн өрөөнөөс “Iphone 7 plus” загварын гар утас олсон аж.

Тэр утсыг С.А гэх эмэгтэй орхиод гарсан байжээ. Д.Х олсон гар утсаа бусдынх гэдгийг мэдсээр байж завшин, дахин давтагдашгүй нууц дугаарыг өөрчлөн худалдаж, нэг сая 251 мянган төгрөгийн хохирол учруулсан гэж Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн гээгдмэл эд хөрөнгө завшсан, 18.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан мөнгө угаасан гэсэн заалтын дагуу Д.Х-д яллах дүгнэлт үйлдсэн юм байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Х-г дээрх хоёр зүйл заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзэн гээгдмэл эд хөрөнгө завшсан хэрэгт нь 450 000 төгрөгөөр торгох, мөнгө угаасан үйлдэлд нь зургаан сар хорих ял шийтгэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)