Гэр хороололд төгөл байгуулжээ

Гэр хороололд саар зүйл ч бий, сайхан нь ч байна. Гэвч сүүлийн үед нүүрс түлэх, нүхэн жорлон ухах, хогоо ил задгай асгах зэрэг саар үйлдэл нь төр, засгийн буруу мэтээр ам уралдан ярьцгаах болжээ, бид. Уг нь иргэн бүр хичээвэл дээрх асуудлаасаа салах боломжтой. Үүнийг баталсан, цэвэр, бохир ус, хог хаягдлын асуудлаа энгийн хэрнээ ухаалгаар шийдсэн үлгэр жишээч нэгэн айлаар зочиллоо.

Улаанбаатар хотын гэр хороололд, тэр тусмаа хайрга, элсээр хучигдсан хөрс бүхий багахан хэмжээтэй хашаанд бичил ой гэж болохоор орчин бүрдүүлжээ. Швед, Финланд, Норвег улсад биш, нийслэлийн Сүхбаатар дүүргийн XVI хорооны нутаг, Бэлхийн хоёрдугаар гудамжны 18 тоотод оршин суудаг айл хашаандаа үлгэрт гардаг үзэсгэлэнт байгалийг цогцлоосон гэвэл хэтрүүлсэн болохгүй.

Тус айлын хашааны гадна шороо боссон, хог хийссэн дүр зураг харагдах боловч дотор нь гурван цөөрөм, 30 нэр, төрлийн 300 гаруй мод, бут, сөөг байх юм. Тэдгээрийн 90 гаруй хувь нь Монголд ургадаг мод. Үлдсэн нь сакура. Тарьсан модод ногоон, шар өнгөөр алаглан тун үзэсгэлэнтэй харагдав. Гэрийн эзэд хөдөлмөрч, тууштай хүмүүс бололтой. Хөрс нь гологдож, суулгасан мод нь хортон шавжид идэгдэх, үхэх тохиолдол олон гарсан ч, зуны аагим халуунд өглөө бүр эртлэн босож цэнэг усалгаагаа хийн, өвлийн улиралд хашааны гадна хунгарласан цасыг мод руугаа авчирч хийдэг байжээ. Одоо ч мөн адил.

Өрхийн тэргүүн Ч.Эрдэнэчулуун 2000-2005 онд Шведэд ажиллаж, амьдарчээ. Олон улсын харилцааны чиглэлээр сургууль төгссөн бөгөөд дипломатчаар явсан нь тэр. Эх орондоо ирээд амьдрах орчноо сайжруулахын зэрэгцээ гадаадын орны ногоон байгууламжийн жишгийг Монголдоо нутагшуулахаар 15 жил гаруй хичээж буй нь энэ аж. Шведийн гэр хорооллын дэд бүтэц, хашаа болгонд тарьж ургуулсан зүлэг, моддыг тэрбээр бахархан ярьж байсан.

Гэрийн эзэгтэй А.Ариунаа модны үйлдвэрт инженерээр ажилладаг байжээ. Уулнаас огтолсон модоор бүтээгдэхүүн хийдэг байсан бол өдгөө нөхрийнхөө санаачилгыг дэмжих болсон гэнэ. Тэдний байгуулсан төгөлд нэг өдөр саатав.

Одоогоос 14 жилийн өмнөөс тэд гацуур, хайлаас, улиас, нарснаас гадна долоогоно, тэхийн шээг, үрэл, аньс, үхрийн нүд зэрэг жимсний мод тарьж, өдгөө үр шимийг нь хүртэж байна. Энэ намар гэхэд гурван ширхэг модноос 60-70 кг алим хураан авчээ. Гурван төрлийн алимны мод жимсээ өгөөд эхэлсэн нь энэ. Том алим нь хэмжээгээрээ төө, дунд зэрэг нь сөөм орчим аж. Хамгийн жижиг нь давжаа алим. А.Ариунаа “Өрхийн хэрэгцээнээс илүү гарсныгаа борлуулаад “хөөрхөн” хөрөнгө хуримтлуулчихна. Жимсний модноос гадна ногоон сонгино, өргөст хэмх, бууцай тарьдаг” гэв.

Түүнийг минималист гэж болох аж. Гал тогооныхоо өрөөнд хүнс, цаас, гялгар уут, хуванцрыг ангилж хаях зориулалтаар гурван ширхэг сав байрлуулсан байв. Хогийн саваа ч хаягдлаар хийжээ. Өрхийнхөө хэрэгцээг өөрсдөө үйлдвэрлэснээр худалдан авах бүтээгдэхүүнийх нь тоо, төрөл багассаныг А.Ариунаа хэлсэн. Дахин боловсруулах боломжтой гялгар уут, хуванцраа хогийн машинд ачуулж, бүр их хуримтлагдсан тохиолдолд түүхий эд хүлээн авах цэгт тушаачихдаг гэнэ. Цаасны хог хаягдлаа дахин ашиглаж, жимс, хүнсний ногооныхоо хальсыг бордоо болгодог юм байна. Жимс, ногоо угаасан усаараа модоо усалчихдаг аж. Химийн найрлагатай хаягдал усаа зайлуулах бохирын шугам, сүлжээ ч суурилуулжээ. Ингэснээр хог хаягдлаа багасгаад зогсохгүй, усаа ч хэмнэснийг нь харахад бахархах сэтгэгдэл төрөв. Халаалтаа цахилгаанаар шийдэхдээ байшингаа сайн дулаалсан учраас сарын хэрэглээ нь дунджаар 150 мянган төгрөг гардаг гэнэ. Шөнийн цагаар ашигласан цахилгааны төлбөрийг ирэх сарын 1-нээс хөнгөлөхөөр дээрхээс ч бага мөнгө зарцуулах боломжтойг гэрийн эзэгтэй тодотгосон. Байшингаа дулаалахаас өмнө бараг хоёр дахин их мөнгийг дулааны төлбөрт төлдөг байжээ.

Модны навчис шарлаж, унасан ч түүнийг хог гэж үздэггүй гэнэ. Шарласан өвсийг шатааж, шуудайлж хаяхын оронд хөрс бордоно хэмээж цэвэрлэхгүй орхидог аж. Хашаа нь модоор дүүрэн учраас унасан навчис газрыг тэр чигт нь бүрхээд шар өнгийн ширдэг дэвссэн мэт харагдав. Шороо, тоос бужигнахгүй амар бололтой.

Ногоон байгууламждаа хэр хөдөлмөр, хөрөнгө зарцуулсныг Ч.Эрдэнэчулуунаас асуухад “15 жил хөдөлмөрлөсөн ч энэ богино хугацаа юм. Өөрийнхөө хэмжээнд эко орчин, ногоон байгууламж бий болгохыг зорилоо. Үүнд нэг их хөрөнгө зарцуулаагүй. Хар шороо буулгах, тарьц, суулгацаа худалдаж авахад мэдээж мөнгө хэрэгтэй. 2005 онд Монголдоо ирээд нийслэлд ногоон байгууламжтай газар дутмаг байгааг анзаарсан. Хог, шороо зэргийг гэр хороололд байдаг л зүйл гэж иргэд ойлгодог. Энэ хандлагыг өөрчилж, бусдадаа үлгэрлэх жишиг хашаатай болъё гэж шийдсэн юм. Бидний амьдарч буй газрын хөрс чулуу ихтэй, хар шороогүй. Энд нэг модны нүх ухах хугацаа хар шороотой газарт 10 мод тарихтай тэнцэнэ. Тийм их хөдөлмөр зарцуулжээ. Бага мөнгөөр олон мод тарихын тулд ухсан газрынхаа шорооноос том чулуу, жижиг хайргыг нь шигшиж, ялгаад хэрэглэсэн. Хашааныхаа багахан зай талбайд буюу 0.07 га газраас ухсан шар шороогоо бууц, уулын хар шороо, элс зэрэгтэй хольж, мод суулгасан юм. Хүмүүс “Угаасаа ийм хөрстэй юм уу” гэж асуудаг. Зөвхөн манай хашаа л ийм хөрстэй байна гэж үгүй л дээ. Ойр орчмоо ногоон хороолол болгохоор зүтгэсэн ч яг үнэндээ чадсангүй. Иргэдийн ухамсар, оролцоо, хандлагыг өөрчлөхөд багагүй хугацаа шаардах юм билээ. Гэхдээ хамар хашааныхан минь мод тарьж эхэлсэн. Уг нь сэтгэл, хөдөлмөр, хугацаа зарцуулахад л ийм орчныг хүн бүр ядах юмгүй бүрдүүлнэ” гэв.

Байгальд ээлтэй гэр бүлийнхэн хар шороо, тарьц, суулгацаа нэг л удаа худалдаж авчээ. Ирэх жил тарих үрээ ганц модноос түүчихдэг гэнэ. Тарьсан модонд нь шувууд ирж үүрлэн, жимсээр нь хооллодог аж. Өөрөөр хэлбэл, тэд Шведийн иргэд шиг байгальдаа ээлтэй амьдрах жишгийг өөрсдийнхөө хэмжээнд бий болгожээ. Модон дээр нь шувууны хэд хэдэн үүр харагдав. Цөөрөм орчимд нь соно, зөгий зэрэг шавж ирдэг болсныг гэрийн эзэгтэй өгүүлсэн. Хашаандаа гүний худагтай ч усныхаа нөөцийг хамгаалж, саарал усаа дахин ашигладаг гэнэ. Энэ санаачилга, хөдөлмөрийг нь үнэлж, Баянзүрх дүүргийн XVI хорооны “Эко гэр бүл”-д өнгөрсөн онд өргөмжлөн, урамшуулсан байна. Амьдрах орчноо сайжруулахын тулд төрийн оролцоо, дэмжлэггүйгээр иргэн юу хийж болохыг харуулсан учраас ийн өргөмжилжээ. Хашаандаа сайхан амьдрахын тулд төр, засгийн дэмжлэг хэрэггүйг энэ гэр бүл харуулсан гэхэд хилсдэхгүй. Өрх бүр энэ мэтээр зөв хэвшилд суралцвал Улаанчулуут, Цагаандаваанд үүсдэг хур хог ч багасаж, дахин боловсруулах үйлдвэрүүд түүхий эдээр дутагдах зовлонгоос ангижрах боломжтой байж ч мэдэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)