Гэр хорооллын замыг сайжруулахад нэмж найман тэрбум төгрөг зарцуулна

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас дараах зүйлсийг тодрууллаа.


-Зүүн дөрвөн зам дээгүүр барих гүүрийн ажлыг хойшлуулах болсон шалтгаан юу байв?

-Бид өнөө жил Улаанбаатар хотын гол гурван гүүрийн ажлыг эхлүүлсэн. Төлөвлөсөн хугацаанаасаа хоцроогүй, ажил хэвийн үргэлжилж байгаа. Гэхдээ эдгээр ажлын хажуугаар Зүүн дөрвөн замын гүүрийн барилгын ачааллыг эхлүүлж, хөдөлгөөнийг хаавал Баянзүрх дүүргийн гэлтгүй Улаанбаатарын замын хөдөлгөөн зогсчих гээд байна. Энэ бол эхний шалтгаан. Хоёрдугаарт уг гүүрийн зураг төслийг 2008 онд гаргасан байдаг. Арван жилийн өмнөх зураг учраас инженерийн шугам сүлжээнээс авхуулаад тодотгох зүйл цөөнгүй гарсан. Тиймээс гүүрийн барилгыг ирэх онд эхлүүлэх санал гаргасан. Ажил эхлүүлэх хөрөнгө, боломжгүйдээ хойшлуулаагүй гэсэн үг.

-Уг гүүрийн барилгын ажилд зориулж хотын энэ оны төсөвт найман тэрбум төгрөг төсөвлөсөн. Түүнийг хэрхэх вэ?

-Уг гүүрийг барихад нийт 25 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцсон. Бусад уулзварын адил гэрэл дохио суурилуулж, явган зорчигчид зам хөндлөн гардаг байдлаар барихад шүү дээ. Ингэснээр жолооч нар гэрэл дохио хүлээж, түр саатах учир уулзварын нэвтрүүлэх чадвар дорвитой буурахгүй. Тиймээс авто зам дээр дохио суурилуулахгүй, нүхэн гарц хийвэл үр өгөөж нь нэмэгдэнэ гэж үзсэн. Ингээд зураг төсөлд тодотгол оруулахдаа нүхэн гарц хийх санал гаргасан. Тэгэхээр төсөв нь нэмэгдэнэ. Үүнийг ирэх аравдугаар сард хуралдах нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанд танилцуулах юм.

Өнөө жил эл гүүрийн ажилд зориулж хотын төсөвт найман тэрбум төгрөг суулгасан. Хэрэв ажил эхлэхгүй бол Сангийн яам татаад авчих учраас өөр ажилд зарцуулах боллоо. Тухайлбал, гэр хороолол доторх зам сайжруулах болон Налайх дүүрэгт барьж буй Барилгын материалын үйлдвэр, технологийн паркийн 1.7 км авто зам тавихдаа уг эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

-Замын нөхөөсний ажил дууссан гэж үнэн үү?

-Долдугаар сарын сүүлчээр олон хоног дараалан бороо орсны улмаас Улаанбаатар хотын замын тодорхой хэсгүүдийн эвдэрч, цөмөрсөн талбайн хэмжээ нь 12 мянган ам метр. Онц байдал зарлаж, бүх бригадаа ажиллуулж, борооны улмаас эвдэрсэн замыг нөхөх ажил эхлүүлсэн, 95 хувьтай явж байгаа. Дарь-Эхээс Монелын уулзвар руу өгссөн авто замыг нөхөх л үлдсэн. Нөгөөдөр (маргааш) ажлаа дуусгана гэсэн төлөвлөгөөтэй. Харин төлөвлөгөөт буюу орон сууцны хороолол доторх авто замын нөхөөсийг өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд ирэх сард багтаан хийж дуусгана.

-Дарь-Эхээс Монелтой нийлэх замд гарсан нүхийг нөхөхөд бэрхшээлтэй байгаа гэсэн.

-Дарь-Эх орчимд хийх ёстой 4000 ам метр нөхөөсийн ажил дууссан. Одоо 200 ам метр нөхөөс хийх дутуу. Хөрснөөс ус гарсан учраас бага зэрэг хүндрэл гарсныг өнгөрсөн шөнө (28-29-нд шилжих) шийдээд, нөхөөд эхэлчихсэн. Монел руу өгсөх замын гурван хэсэгт хөрснөөс ус гарсан. Нэг иргэн үерийн ам дээр барилга барьж авто угаалгын газар болгосон байсан. Хөрсний усыг ашиглах зорилгоор байшин дотроо нүх ухаад, үерийн усны жалгыг тагласан гэсэн үг. Холбогдох албаныхантай хамтран энэ мэт зөрчлийг арилгаж, зам дээгүүр ус урсахыг зогсоосон.


Бэлтгэсэн: Г.Цэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)