“Гэр хорооллын барилгажилт” хоршооны хохирлын 81 хувийг барагдуулах боломжтой болжээ

 Улсын Ерөнхий прокурорын газраас гэмт хэргийн улмаас хохирогчдод учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар анхаарч, иргэдэд учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр багагүй арга хэмжээ авч эхлээд байгаа юм. Тэдний дундаас хад галамж зээлийн хоршооны гэх 8400 гаруй иргэнд 72 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэг ихээхэн анхаарал татаж байгаа гэдгийг УЕПГ-ын эх сурвалж мэдээллээ. Тиймээс Улсын ерөнхий прокурор тушаал гарган иргэдийн гомдол, УИХын зарим гишүүний тавьсан санал зэргийг иш үндэс болгон хадгаламж зээлийн хоршооны хохирлыг барагдуулах ажиллагааны талаар болон хохирол төлүүлэх ажиллагаанд учирч буй саад бэрхшээл, түүний шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор Ажлын хэсэг байгуулж ажилласан байна.

Ажлын хэсгээс хадгаламж зээлийн хоршооны хэрэгт хураагдсан болон би түүмжилсэн эд хөрөнгийг хэрхэн шийдвэрлэсэн, тухайн эд хөрөнгийг хэрхэн борлуулж хохирогчдын хохирлыг барагдуулсан зэргийг судалж, уг ажиллагааны явцад хууль зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй зөрчил дутагдал байгаа эсэхийг илрүүлж тогтоох ажил хийжээ. Шалгалтын явцад хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулах ажилд зарим нэг ахиц гарч, үр дүнд хүрсэн гэж Ажлын хэсгийнхэн үзжээ.

Тухайлбал, “Гэр хорооллын барилгажилт” хадгаламж зээлийн хоршооны хохирлын тодорхой хувийг барагдуулж, хохирогчдод олгож эхлээд байгаа бөгөөд цаашид уг хоршооны нийт хохирлын 81 хүртэл хувь буюу 2.1 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах боломж бүрдээд байгаа гэнэ. Цаашид хадгаламж зээлийн хоршооны хэргийг шалгах, шийдвэрлэх, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх шатанд гарсан зөрчил, дутагдал, хууль бус үйл ажиллагааны улмаас хохирол барагдуулах ажилд учирсан саад бэрхшээлийг арилгах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох ажлыг үргэлжлүүлэн явуулахаар болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)