Гэр бүл төлөвлөлтөд гэгээ тусаж эхэлжээ

Тааламжтай мэдээ чих дэлсэв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын өнгөрсөн оны гуравдугаар сарын 25-нд гаргасан А/122 тоот тушаалыг ажил хэрэг болгохоор харьяа газрууд нь хөдөлж эхэлжээ. Тодруулбал, “Гэр бүлийн боловсролын сургалтын хөтөлбөр” боловсруулахаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас БСШУСЯ-ныхантай хамтарсан ажлын хэсэг байгуулсан юм байна.

Өнөөгийн нийгэмд монгол гэр бүлийн үнэ цэн алдагдсаныг судлаачид гурван янзаар тайлбарладаг. Нэгдүгээрт, гэр бүлээ эрхэмлэх үзэл, хандлага суларсан. Болохгүй бол салчихна, яасан ч яах вэ гэсэн хандлагаар залуус гэр бүлийн харилцаанд ордог болсон. Улмаар салалтын тоо сүүлийн жилүүдэд өсжээ. Хоёрдугаарт, ээж, аав нь үр хүүхдээ, тэд эх, эцгээ гэх сэтгэл, удам угсаагаа эрхэмлэх нандин харилцаа бараг устсан. Гуравдугаарт, монгол ёс заншлаа дээдлэхээ больсон учраас гэр бүлийн үнэ цэн алдагдсан хэмээж буй.

Гэр бүлээ тогтвортой авч явахад шаардлагатай, мэдлэг, чадварыг гэр бүлийн боловсрол гэдэг. Тэгвэл цаг үетэйгээ зохицсон, гэр бүлийн боловсрол олгох шинэ тогтолцооны эхлэл Монголд тавигдах гэж байна. Олон улсын жишигт гэр бүл төлөвлөлт, мэдлэг ойлголтыг ерөнхий боловсролын сургууль, цаашлаад их, дээд сургууль төгсөх хүртэл нь олгодог аж. Мөн уламжлал, соёл, ёс заншилд суурилсан албан бус сургалтаар ч эзэмшүүлдэг. Уг хичээлийг эхлүүлэхдээ олон улсын жишгээр тусгайлсан, бие даасан хичээл болгож ерөнхий боловсролын болон, их, дээд сургуулийн хөтөлбөрт оруулаасай хэмээн гэр бүл судлаачид хүсэж байгаа аж.

Хамгийн чухал нь өсвөр үеийнхэнд гэр бүлийн боловсрол олгох боловсон хүчин Монголд хангалттай бий. Жишээ нь, олон улсын “Улаанбаатар” их сургууль гэр бүл судлалын тэнхимтэй. Тэнд гэр бүл судлаач, гэр бүлийн сэтгэлзүйч, гэр бүлийн социологич, зөвлөгч бэлтгэдэг. 10-аад жилд 3000 гаруй боловсон хүчин бэлтгэсэн гэх. Харамсалтай нь, гэр бүл судлаач, гэр бүлийн сэтгэлзүйч, гэр бүлийн социологич, зөвлөгч мэргэжлээр төгсөгчдөөс бодлогын яам, мэргэжлийн агентлаг, хэлтэст ажиллаж буй хүн бараг үгүй гэсэн. Энэ нь Монгол Улс дахь ажил мэргэжлийн ангилал тодорхойлолтод гэр бүл судлаач, социологич мэргэжил бий хэрнээ төрийн албан хаагчийн шалгалт өгөх мэргэжлийн жагсаалтад байдаггүйтэй холбоотой юм байна.

Хожуу боловч эл ажлыг эхлүүлсэнд мэргэжлийнхэн талархаж буйгаа хэлсэн. Хөтөлбөрийг боловсруулж, амьдралд нэвтрүүлснээр хосууд гэр бүл гэх тодорхойлолтыг өөр өөрийнхөөрөө ойлгох биш, шинжлэх ухааны үндэстэйгээр төлөвлөж, зөв, цэгцтэй мэдлэгтэй болох юм байна. Ер нь, гэр бүлийн боловсролыг хамтын амьдрал зохиохоос өмнө олгох зорилготой аж.

Гэр бүлийн боловсролыг одооноос л олгож эхлэхгүй бол хожимдоно, Монголд жинхэнэ гамшиг болох байх гэх хүн ч байна. Учир нь Монголд 894 496 өрх бий. Тэднийг хэв шинжээр нь 12 ангилжээ. Тухайлбал, наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй ядуу гэр бүл Монголд барагцаагаар 192.2 мянга бий. Нийт өрхийн 22.1 хувь гэсэн үг. Товчхондоо өдрийн хоолоо ч залгуулж, хүчрэхгүй өлөн зэлмүүн айл олон байна. Үүний улмаас хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрх зөрчигдөж буй нь дамжиггүй. Угаас хогийн цэг даган амьдарч, бусдын голсноор голоо зогоож буй айл олон бийг төр, засгийнхан андахгүй биз. Яагаад гэвэл тэд сонгууль болгоны өмнө Улаанчулуут, Цагаандаваа зэрэг газраар явж бүтэх, бүтэхгүй амлалт өгч, зураг хөргөө даруулдаг. Үйл явдлыг нь гэрчлэх баримт олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн архивт цөөнгүй байгаа. Үүнээс гадна олон хүүхэдтэй, гэрлэлтээ цуцлуулсан, хэн нэг нь нас барсан, өрөөсгөл буюу өрх толгойлсон эх, эсвэл эцэгтэй, архины хамааралтай, дахин гэрлэсэн, хүчирхийлэлтэй, тус тусдаа амьдардаг, хөгжлийн бэрхшээлтэй, шилжин суурьшсан гэр бүл олон. Нийт өрхийн цөөн хувь нь л хэвийн амьдралтай гэр бүл. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийт гэр бүлийн олонх нь аз жаргалгүй амьдарч байна. Яагаад гэж үү, байнга хүчирхийлдэг, архины хамааралтай юм уу, хойт эцэг, эх, урд хойдох дагавар хүүхэдтэйгээ зохицож, хайрлаж амьдардаг гэр бүл олон биш гэдгийг нийгэмд өдөр тутам болж буй үйл явдлууд гэрчилнэ. Жишээ нь, олон хүүхэдтэй гэр бүлд стресс бухимдал тасардаггүй гэнэ. Гэр бүлийн аль нэгэн гишүүний архины эмгэг нь олон хүнийг сэтгэл санааны тогтворгүй байдалд оруулдаг. Мөн өрөөсгөл гэр бүлд ч зовлон бэрхшээл мундахгүй. Өрх толгойлсон эцэг, эсвэл эх сэтгэл зүйн хувьд ганцаардах нь нийтлэг аж. Үүнээсээ болоод маш их бухимддаг. Өрөөсгөл гэр бүлийн цөөнгүй нь орлогын хомсдолтой тул хүүхдүүд нь аминдэм болон хоол хүнсний дутагдалтайг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхны хийсэн судалгаа нотолно.

Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүлд тулгардаг хамгийн том бэрхшээл нь эдийн засгийн асуудал. Ийм гишүүнтэй олон гэр бүлд өдөр тутмын хоол хүнсээ худалдан авах, хашаа байшинтай болох, газар өмчлөх, байр цахилгааны төлбөр, банкны лизинг төлөх, тохирсон ажил олж хийх, эрүүл мэндийн зардлаа олох зэрэг асуудал тулгардаг. Дахин гэрлэсэн гэр бүлийг аз жаргалтай амьдардаг гэвэл бас л учир дутагдалтай. Гэр бүлийн дотоод харилцаа, сэтгэл зүйн төлөв байдал, нийгмийн идэвх, өөртөө итгэх итгэл зэрэг хувийн чадамжтай холбоотой асуудал тулгардаг гэх. Энэ асуудал ихэнхдээ хүүхдүүдийн төлөв байдлыг дордуулдаг нь судалгаагаар батлагджээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй Нийгмийн халамжийн багц хуулийн хүрээнд өрх, иргэн, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүнд нөхцөлд байгаа болон бүтэн өнчин хүүхэд, хүчирхийлэлд өртөгсдөд, хорих ангиас суллагдсан иргэн, согтууруулах, мансуурах донтох эмгэгтэй хүн, өрх толгойлсон эх, эцэгт чиглэсэн 72 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Харамсалтай нь, Засгийн газрын хэрэгжүүлэгч агенлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын хамтарсан судалгаагаар эдгээр нийгмийн халамж, тэтгэмж, тэтгэвэр, хөнгөлөлт, тусламж, нэмэгдэл нь гэр бүлүүдийг хөгжилд хөтлөөгүй, үр ашиг багатай гэсэн дүн гарч.

Мөн Үндэсний Статистикийн хорооны судалгаанд гэр бүлийг дэмжихэд чиглэсэн оновчтой хөтөлбөрүүдийг тасралтгүй, хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмж гаргажээ. Өөрөөр хэлбэл, глобалчлал, нийгмийн эрс өөрчлөлтийн нөлөөгөөр гэр бүлийн харилцаанд ихээхэн гажилт гарсан гэж тус хорооноос дүгнэжээ.

Монгол Улс Гэр бүлийнтухай хуулиа 1999 онд баталсан. Гэвч есөн бүлэг, 76 зүйлтэй уг хуулийг гэр бүл цуцлахад л ашигладаг гэж хэлж болно. Бусдаар гэр бүлийн ашиг сонирхлыг хэрхэн хамгаалах, яаж дэмжих зэрэг асуудал хуулийн гадна үлдсэн. Иймээс тус хууль үзэл баримтлалын хувьд ч, зүйл заалтаараа ч гэр бүл, хүүхдийн язгуур эрх ашгийг хамгаалах, дэмжиж чадахгүй болж, нийгмээс хоцорсныг салбарын яамныхан хүлээн зөвшөөрсөн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш 20 дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч эдгээр нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан бусад хуулийн шинэчлэлийг дагалдан хийсэн” гэв. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн төсөл боловсруулсан. Уг хуулийг төслийг өгөөжгүй, хэлэлцүүлгийн явцад хэрэгтэй зүйл заалтыг хассан гэж баалж, шүүмжлэх судлаач бишгүй гарсан. Тухайлбал “Гэр бүлийн өмнө хүлээх хувь хүний үүрэг хариуцлагыг маш хатуу зааж өгөх шаардлагатай. Гэр бүлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд салбар байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, иргэний нийгмийн байгууллагын оролцоог маш нарийн тодорхойлох хэрэгтэй. Дэлхийн аль ч улсад төр бүх зүйлийг нуруундаа үүрээд шийдсэн жишиг байхгүй. Иргэний нийгмийн байгууллагаар дамжуулж, гэр бүлийн зарим асуудлыг шийддэг. Жишээлбэл, Унгар улсад жил бүрийн тавдугаар сарын 20-нд иргэд нь төлдөг татварынхаа хоёр хувийг төрийн бус аль нэг байгууллагад өгдөг. Татвар төлөгчдийн мөнгөөр иргэний нийгмийн байгууллагууд тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд оролцдог. Манайд ийм тогтолцоо алга” гэлээ. Гэсэн ч уг хуулийн төслөө хэлэлцүүлэхээр холбогдох байнгын хороонд зүтгүүлж, санасандаа хүрсэн. Тодруулбал УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны энэ оны нэгдүгээр сарын 21-ний хурлаар уг хуулийн төслийг хэлэлцэж, оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн юм. Улмаар төслийн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон.

Одоо төрөөс гэр бүлд чиглэсэн ямар бодлого баримталж буй хийгээд хэрэгжүүлснийг нэхэн саная. Гоё зорилт, “амттай” заалт бүхий хэд хэдэн бодлогын бичиг баримт боловсруулж, хэрэгжүүлжээ. Тухайлбал, УИХ-ын 2003 оны 16 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг нэрлэж болно. Гэр бүл нь хүний хөгжлийн анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж, соёл, уламжлал өвлөгдөн шинэчлэгдэх, аж төрөх ёсны бичил ахуй мөн. Тиймээс гэр бүлийн амьдралыг түвшнийг тасралтгүй дээшлүүлж, тэдний харилцаа, ёс зүйн эрүүл орчин, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж, монгол хүний хөгжлийг дэмжих зорилго дэвшүүлсэн. Тус бодлогыг ойрын 10-15 жилийн хугацаанд гэр бүлийн хөгжлийн хэтийн чиглэлийг тодорхойлох үндсэн баримт бичиг гэж үзсэн. Тус баримт бичгийн хэрэгжих хугацаа 2018 онд дууссан. Даанч дээр дурдсан гоё, сайхан зорилтын биелэлт, үр дүн тааруухан байсан гэх.

Өөр нэг баримт бичигнь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны хоёрдугаар тогтоолын хавсралтаар баталсан Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр юм. Гэвч эл хөтөлбөрийг Засгийн газрын 2016 оны 16 дугаар тогтоолоор хүчингүй болгосон. Тус хөтөлбөрөөр боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, санхүүгийн үйлчилгээг гэр бүлийн гишүүдийн хүсэл, хэрэгцээ, санаачилгад тулгуурлан өрхийн хөгжлийг дэмжиж, амьжиргааны түвшнийг тасралтгүй дээшлүүлэхээр зорьжээ. Улмаар гэр бүлийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдаж, мэдээллийн баазын бага хэрэглээтэй бүлэгт орсон 130 мянган өрхийг эхний ээлжид хамруулах байсан ч ажил хэрэг болоогүй өнгөрсөн билээ.

Үүнээс гадна Засгийн газрын мөрийн хөтөлбөр 2016-2020-д Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын бүтцийг бий болгон, төрийн үйлчилгээг хүргэхээр зорьсон. Гэхдээ нийгмийн өөрчлөлт, шилжилтийн нөлөөгөөр гэр бүл, гэрлэлтийн харилцаанд багагүй өөрчлөлт гарсан нь олон талт, ялгаатай асуудал бүхий гэр бүлийн ашиг сонирхлыг хэрхэн хамгаалах, яаж дэмжих зохицуулалт хуулийн гадна буй. Мөн халамжийн олон янзын хөтөлбөрийн үр дүнд айл өрхөд ирэх үр өгөөжийг нэмэхийн тулд төрийн үйлчилгээг гэр бүлүүдийн онцлогийг харгалзан хүргэх бодлогыг боловсруулах шаардлагатайг судлаачид хэлдэг.

Ер нь дээр дурдсан хөтөлбөр, төслүүдэд гэр бүлийн хөгжлийг дэмжсэн оновчтой үйлчилгээ дутмаг гэдгийг НҮБ-ын Хүн амын сангаас чамласан сурагтай. Өөрөөр хэлбэл, халамжаа хавтгайруулж, хэт бэлэнчлэх сэтгэлгээнд сургаснаас бус, гэр бүлийг хөгжүүлэх, дэмжих бодлогогүй шахам хэмээн баалсан гэнэ.

Засгийн газрын бас нэг “амттай” бодлого, хөтөлбөрөөс эш татъя. 2018-2025 онд хэрэгжүүлэх Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогод Гэр бүлийн амьдралын таатай орчинг бүрдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах маш олон зорилт дэвшүүлсэн. Тухайлбал, тус баримт бичгийн 4.3.1-т “Хүүхдэд бага наснаас нь эхлэн гэр бүлийн боловсрол олгох, ялангуяа өсвөр үе, залуучуудад гэр бүл болоход бэлтгэх, амьдралаа зөв авч явах, хариуцах чадварыг эзэмшүүлэх”-ээр тусгажээ. Үүнээс гадна 4.3.5- д “Гэр бүлийн харилцааны тогтвортой байдлыг дэмжих” гэх заалт орсон. Мөн Монгол Улсын төрөөс баримтлах хүн амын бодлогод “Гэр бүл нь хүний амьдралын анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж гэж үзэж, түүний хөгжлийн тухай асуудлыг төрийн бодлогын анхааралд байлгана” гэж заасан. Нэг ёсондоо эдгээр баримт бичиг нь Монгол өрхийг чадавхжуулах, тэдэнд гэр бүлийн боловсрол олгох нь төрийн үүрэг гэдгийг нотлоод өгч буй. Даанч эдгээр төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байна. Гэхдээ сайдын тушаал хэрэгжсэнээр Гэр бүл төлөвлөлтөд гэгээ тусаж эхлэх нь ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)