Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй хүмүүсийг бүртгэж байна

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй иргэдийг есөн дүүргийн хэмжээнд бүртгэж байна. Тодруулбал, нийслэлийн Цагдаагийн удирдах газраас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан, агсам тавьж эрүүлжүүлэхэд ордог, ажил хийдэг ч зан төлөвийн өөрчлөлттэй, архины хамааралтай хүмүүсийг бүртгэж, мэдээллийн цахим санд нэгтгэхээр судалгаа хийж эхэллээ. Өмнө нь энэ судалгаагаар 1700 орчим хүн бүртгэгдэж байжээ. Өдгөө эдгээр иргэнийг бүртгээд өнгөрөх бус, тэдэнтэй нэгбүрчлэн уулзаж, мөн ар гэрийнхэнд хуулийн зөвлөгөө мэдээлэл өгч буй аж. Өнөөдрийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй 1000 орчим хүнтэй уулзаж, урьдчилан сэргийлэх яриа танилцуулга хийсэн хэмээн НЦУГ-аас мэдээлэв. Улмаар тэднийг цуврал сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагын хяналтад хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх аж. Мөн ар гэрийнхэнтэй нь ярилцаж, хүчирхийллийг нууж, цааш нь даамжруулахгүйн тулд цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллахыг уриалсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)