Гэр бүлийн хуулийг чангатгах гэж байгаад өөрөө баригдав


Гэр бүлийн хуулийг чангатгах байгууллагад ажилладаг 46 настай индонез эр өөрөө нөхөртэй эмэгтэйтэй дотно харилцаатай байсан нь баригджээ. Ачех мужийн зөвлөлийн гишүүн Мухлис бин Мухаммед нийтийн өмнө ташуурдуулах шийтгэл сонсжээ. Шүүх түүнд 28 удаа, нууц амрагт нь 23 удаа ташуурдах ял оноосон байна. Хэргийн эзэн Мухлис Индонезийн шариатын хуулийг мөрддөг цорын ганц хамгийн консерватив Ачех мужид амьдардаг аж. Эл мужид ижил хүйстэн харилцаанд орох болон мөрийтэй тоглоом тоглоход мөн ташуурдуулах шийтгэлтэй. Мухлис өнгөрсөн есдүгээр сард жуулчдын амардаг наран шарлагын газрын ойролцоо машиндаа нууц амрагтайгаа байж байхдаа баригджээ. Шүүхийн шийдвэрийг 10-р сарын 31-нд олны өмнө гүйцэтгэжээ. Одоо Мухлисийг мужийн зөвлөлөөс хөөх аж. Үүнээс гадна тэрбээр мужийнхаа исламын шашны тэргүүлэгч байжээ. “Энэ бол Бурхны хууль. Хотын зөвлөлийн гишүүн байсан ч гэсэн гэм буруутай нь нотлогдвол бурхны хуулийн дагуу ташуурдуулах ёстой" гэж Ачех мужийн амбан захирагчийн орлогч Хусаини Вахаб шариатын хэм хэмжээний талаар BBC агентлагт ярьжээ. 2017 онд дотно харилцаатай байсан хоёр ижил хүйстэн эр 83 удаа тус тус ташуурдуулсан аж. Индонезод ташуурын оронд саваа мод хэрэглэдэг бөгөөд шийтгэл гүйцэтгэгчид нь өөрсдийгөө таниулахгүйн тулд нүүр амаа халхалсан хувцас өмсдөг аж. Шийтгэлийг олон нийтийн өмнө гүйцэтгэдэг бөгөөд харин хүүхдийг харуулдаггүй юм байна. Шариатын хууль лалын шашинтан болон лалын бус шашинтанд ялгаагүй ижил үйлчилдэг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)