Гэрээт хилчид халагдахдаа дансандаа 10-13 сая төгрөг хуримтлуулж байна

 Хил хамгаалах байгууллага гэрээт хилчин хэмээх нэгэн албыг “өлгийдөн аваад” 13 дахь жилтэйгээ золгож байна. Гэрээт цэрэг, тэр дундаа хилчний алба энэ хугацаанд өмнөх үеийнхээсээ суралцаж, улам төгөлдөржин, өнгө зүсээ засахын зэрэгцээ хэд хэдэн шалгуур, шаардлага амжилттай даван туулжээ. Үүнээс цааш ч олон сорилт хүлээж байгаа нь тодорхой. Хамгийн гол нь бартаа саад бүрийг амжилттай даван туулж, гэрэлт ирээдүй рүү урагшлах тэргүүн зорилт гэрээт хилчдийн өмнө бий.

Нэг арван гэдэг бол багагүй хугацаа. Тэгэхээр гэрээт хилчний алба нэгэн арваныг туулжээ. Энэ хугацаанд дунджаар 40 мянга орчим залуу гэрээ байгуулж, цалин урамшуулал аван, эх орныхоо хил хязгаарыг гортиглон татсан хилийн зурваст бие даан үүрэг гүйцэтгэжээ. Гэрээт хилчдээс Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуульд 70 гаруй, ОХУ-ын Хилийн цэргийн дээд сургуульд 20 гаруй, офицерын албанд 80 гаруй, ахлагчаар 700 гаруй залуу шилжсэн гэсэн тоон үзүүлэлт бий. Өөрөөр хэлбэл, хил хамгаалах байгууллага гэрээт хилчний албыг нэвтрүүлсэн 13 жилийн хугацаанд 40 гаруй мянган залууг ажлын байраар хангаж, 800 орчим хүнийг гэр бүлийн хамтаар хилийн цэргийн байнгын бүрэлдэхүүнд оруулан, 100 орчмыг нь дээд боловсрол эзэмшүүлжээ. Цаашид ч гэрээт хилчний албаар овоглосон залуусыг хил хамгаалах байгууллага эгнээндээ нэгтгэхэд бэлэн байна.

ТӨВИЙН БҮСИЙН АЙМГИЙН ЗАЛУУС ГЭРЭЭТ ХИЛЧНИЙ АЛБАНД БУЦАЖ ОРОХ СОНИРХОЛТОЙ БАЙНА

Монгол Улс 21 аймаг, 330 гаруй сумтай. Хилийн цэргийн ангиуд өөрийн байрлаж буй орон нутагтаа гэрээт хилчний албыг сурталчилж, бүртгэл явуулж байна. Харин гэрээт хилчний албаны талаар мэдээлэл, сурталчилгаа төдийлөн хүрдэггүй, хилийн цэргийн анги салбар байдаггүй, төвийн аймгийн ард иргэд, цэргийн насны залуустай энэ удаад хил хамгаалах байгууллагынхан тулж ажиллахаар болжээ. Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын Цэргийн сургалт, албаны зохион байгуулалтын хэлтсийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын тоо бүртгэл хариуцсан офицер, хурандаа Ц.Эрдэнээ, Сэтгэлзүй, мэдээлэл, соёл сурталчилгааны хэлтсийн мэдээлэл, сурталчилгааны офицер, дэд хурандаа Б.Нямжав нарын бүрэлдэхүүнтэй албаны хүмүүс Төв, Дундговь, Өвөрхангай, Архангай, Дархан-Уул, Орхон аймгийн залууст гэрээт хилчний албыг сурталчлан таниулах, алба хаах хүсэлтэй залуусыг бүртгэх зорилготой ажилласан юм. Нөгөөтээгүүр, залуусын үзэл бодлыг тандах, түүвэрчилсэн судалгаа хийх, цэргийн штабуудын судалгаатай танилцах, дүн шинжилгээ хийх давхар бодлогыг өвөртөлсөн байна. Өөрөөр хэлбэл, бизнесийн салбарынхны хэлдгээр зах зээлийн судалгаа хийсэн аж.

Төрийн болон хувийн хэвшилд зах зээлийн судалгаа хамгаас чухал. Тиймээс сэтгүүлчийн хувьд очсон аймаг бүрээсээ “ажлын байрны хүртээмж ямар байгаа, цэргийн насны залуусыг ажлын байраар хэрхэн хангадаг вэ” гэсэн сэдвээр хариулт эрлээ. Үүнээс хоёр аймгийг жишээ болгон дурдъя.

Өвөрхангай аймаг 114 000 орчим иргэнтэй. Хүн амын тоогоороо улсын хэмжээнд хоёрдугаарт ордог. Энд бидний хайж буй 18-29 насны 20 мянга гаруй залуу оршин суудаг. Тэдний дунд ажилгүйдлийн түвшин 6.3 хувьтай байна. Ард иргэдийн олонх нь мал аж ахуй эрхэлж амьжиргаагаа залгуулдаг бол сүүлийн жилүүдэд худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал даган хөгжиж байгааг орон нутгийн удирдлага хэлэв. Ажилгүйдлийн гол шалтгаан нь мэргэжил эзэмшсэн байдал, боловсролын түвшин гэдгийг Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч Ш.Доржсүрэн онцолж байлаа. Мөн нэг шалтгааныг ажлын байрны хүртээмж муутай холбон тайлбарласан юм. Аймаг орон нутагт ажлын байрны гол цөм нь хувийн хэвшил. Гэвч үүнийг өргөжүүлэн хөгжүүлэх нь зах зээлийн хуулиар шийдэгддэг учир санааны зоргоор нэмэх боломжгүй. Мөн орон нутагт залуусын эзэмшсэн мэргэжлийн дагуу ажлын байр тэр бүр олдоод байдаггүй гэнэ. Энэ бүхнээс дүгнэхэд дээд боловсрол эзэмшихээс илүүтэй, тусгай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх шаардлага орон нутаг гэлтгүй улс, эх орны хэмжээнд тулгамдсан асуудал хэвээр. Тус аймгаас гэрээт хилчний албанд 140 залуу үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэдний олонх нь хугацаат цэргийн алба хил хамгаалах байгууллагын анги, салбарт хаагаад гэрээт хилчний алба руу шилжин үүрэг гүйцэтгэжээ. Албаны хүмүүс бүртгэл, сурталчилгаа явуулж байх үед 2012 онд хил хамгаалах байгууллагад гэрээт хилчнээр улирч, нэг жил алба хаагаад ар гэрийн гачигдлаар халагдсан залуу ирсэн юм. Тэрбээр дахин гэрээт хилчин болох хүсэлтэй гэнэ. Гэвч эргэж орох учраа ололгүй өдий хүрчээ. Энэ мэтчилэн зорьж очсон аймгуудаас гэрээт хилчин байсан залуус дахин шалгалт өгч, уг албандаа дахин орж ажиллах хүсэлтэйгээ илэрхийлж байлаа.

Дундговь аймгийн хувьд орон нутгийн ард иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй. Түүнээс үүдэлтэй бэлчээрийн даац хэтэрсэн талаар Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн танилцуулсан юм. Тус аймгийн нутаг дэвсгэрт газар тариалан, уул уурхайн салбар төдийлөн хөгжөөгүй, хүн ам, газар нутгийн хувьд улсын хэмжээнд багадаа тооцогддог. Үүнтэй холбоотойгоор ажлын байр хангалтгүй гэв. Залуус цэргээс халагдаад ирэхээр хүссэн ажлын байр нь байдаггүй учир мал малладаг аж. Тус аймагт албаны хүмүүсийн хайж буй 18-29 насны 4500 гаруй залуу байдгаас 40 гаруй хувь нь цэргээс халагдаж ирээд ажилд орсон бол бусад нь уламжлалт мал аж ахуй эрхэлж, идэвхтэй ажил хайгч болон үлджээ. Өнгөрсөн жилүүдэд гэрээт хилчний албанд энэ нутгаас 90 орчим эр элссэн байна.

Дээрх хоёр жишээнээс дүгнэхэд гэрээт хилчин болох насны залуусын тоо хангалттай байгаа бололтой. Гэтэл аймаг орон нутагт тэднийг ажлын байраар хангах боломж бололцоо хомс байна уу гэвэл тийм. Харин гэрээт хилчин болох часхийсэн залуус хил хамгаалах байгууллагад хэрэгтэй юү гэвэл бас л тийм. Дээрх зургаан аймгаар явахад ХХЕГ-ын холбогдох албаныхныг зорин уулзах, гэрээт хилчний албыг сонирхох залуус цөөнгүй гэдэг нь илэрхий байлаа. ХХЕГ-ын албаны хүмүүстэй Булган аймгийн харьяат залуу ирж уулзсан нь хоёр жилийн хугацаанд гэрээт хилчний албаа амжилттай хааж, гэрээгээ дүгнүүлээд нутагтаа ирээд долоо хонож буй залуу. Хоёр жилийн хугацаанд цалингийнхаа 70 хувийг дансандаа, 30 хувийг гар дээрээ авч байсан бөгөөд нийт 12 сая төгрөг дансандаа хуримтлуулсан байна. Уг мөнгөөрөө аав, ээждээ “Бонго” маркийн автомашин, өөртөө мотоцикл авснаа ярьсан юм. Түүний дансанд одоо гурван сая төгрөг үлдсэн гэнэ. Гэрээт хилчний алба хаах хугацаагаа дуусган, дүгнүүлсэн хилчид дунджаар 10-13 сая төгрөгтэй халагджээ. Энэ мэтчилэн залуус гэрээт хилчний үр шимийг хүртэх боломж бий гэдэг нь харагдаж байна. Заавал хүний нутагт очиж мөнгө хураах албагүй гэдгийн тод жишээ энэ гэлтэй.

ГЭРЭЭТ ХИЛЧИД ХИЛ ХАМГААЛАЛТАД ХЭРХЭН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭВ

“Гэрээт хилчин гэрэлтэй алба” уриан дор алба хааж буй цэргүүд хил хамгаалах байгууллагын үндсэн бүрэлдэхүүний нэг хэсэг болоод багагүй хугацааг үдсэнийг дээр дурдсан. Энэ хооронд гэрээт хилчний алба үр дүнгээ үзүүлж, бүр баталсан гэхэд хилсдэхгүй. Анх тус албыг шаардлагагүй гэж үзэж, үл ойшоогчид ч байсан. Удаа дараагийн үл ойлголцол, эсэргүүцэлтэй тулж байсан тухай энэ албаны шанг таталцсан хүмүүс өгүүлдэг. Тэгвэл “Гэрээт хилчид хил хамгаалахад хэрхэн үүрэг гүйцэтгэв” гэсэн асуултад сэтгүүлч би вээр хариулт эрэв. Гэрээт хилчний албанд бүрэн шилжсэн хилийн 0168 дугаар анги болон хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албанд гэрээт хилчдээр үүрэг гүйцэтгүүлж буй хилийн 0108 дугаар ангийн удирдлагатай холбогдлоо.

Хилийн 0168 дугаар анги 2008 оноос хойш гэрээт хилчдийг улсын хил хамгаалалтад тасралтгүй үүрэг гүйцэтгүүлж байгаа юм. Гэрээт хилчид улсын хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлийн илрүүлэлт 20 хувиар өссөн байна. Тэгвэл хилийн 0108 дугаар ангийн хувьд хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны үйл ажиллагаанд 2017 оноос гэрээт хилчдийг оролцуулж эхэлжээ. Улсын хил хамгаалалт, хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албанд гэрээт хилчид үүрэг гүйцэтгэснээр хилийн болон хил орчмын дэглэмийн болон хилийн боомтод мөрдөх журмын зөрчлийн илрүүлэлт, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан эд зүйлийн илрүүлэлт хоёр дахин нэмэгдсэн гэсэн үр дүнг танилцуулсан юм. Мөн сонор сэрэмж, хариуцлага алдах, дүрэм журам зөрчих зэрэг хугацаат цэргийн алба хаагчдын зонхилон гаргадаг алдаа дутагдал, сахилга, ёс зүйн зөрчил буурсан зэрэг давуу тал байгааг хоёр ангийн офицер, ахлагч нар дуу нэгтэй онцолж байлаа. Учир нь гэрээт хилчний албанд хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дундаас дээш боловсролтой, сахилга, ёс зүйн хувьд төлөвшсөн, гэмт хэрэг, сахилгын зөрчилд холбогдож байгаагүй, ар гэрийн хувьд хүндрэлгүй, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй залуусыг сонгон шалгаруулж авахын зэрэгцээ хил дээр үүрэг гүйцэтгэнэ гэсэн чин сэтгэлтэй, сэтгэл зүйн бүрэн бэлтгэлтэй эрчүүд ирдэг. Сэтгэл зүйн хувьд илүү байна гэдэг алба, үйл ажиллагаа алдаа дутагдал багатай байхын нэг үндэс юм.

Дээрх хоёр ангийн жишээнээс харахад Хил хамгаалах байгууллагад гэрээт хилчний алба хэрэгтэй юү гэвэл нэн чухал хэрэгтэй. Энэ зөвхөн тус байгууллагын хэмжээнд яриад өнгөрөх асуудал биш юм. Хил хамгаалалтын үр дүн сайн байна гэдэг улс эх орны аюулгүй байдал, эдийн засаг, цаашлаад ард иргэдийн амар амгалан аж төрөхийн гол тулгуур хүчин зүйл болдог жамтай.

Бэлтгэсэн: О.Баярмаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)