Гэрээсээ суралц

Коронавирусийн тархалтаас сэргийлж хөл хорио тогтоосон. Энэ үед ерөнхий боловсролын болон, их, дээд сургуулийн суралцагчид цахимаар хичээллэж буй. Үүний хажуугаар гэрээсээ, байгаа газраасаа сонирхсон зүйлээ судалж, мэдлэгээ зузаатгах боломжийг сургалтын төвүүд олгож байна. Чөлөөт цагаа зөв өнгөрүүлэнгээ суралцах боломжтой цахим зарим сургалтыг танилцуулъя.

Монголын оюун ухааны академиас гэр бүлийн бүх гишүүнд зориулсан “Memory skills” ой тогтоолт хөгжүүлэх цахим сургалт явуулах болжээ. Бүх насныханд зориулсан энэхүү сургалтад хамрагдсанаар ой тогтоолт хөгжүүлэх анхан шатны үндсэн аргачлалууд буюу харааны ой тогтоолт, хоёр тархи хөгжүүлэх дасгал ажиллаж, мэдээллийг системтэйгээр тогтоох арга барил эзэмших аж. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн 4-12 дугаар ангийн сурагчид, оюутан, насанд хүрэгчдэд зориулсан гурван өдрийн онол, практик хосолсон сургалт ч хичээллүүлэх юм. Сургалт зохион байгуулснаас хойш 48 цагийн турш сургалтын бичлэгийг хэдэн ч удаа давтан үзэх боломжтой учир мэдлэгээ бататгах давуу талтай гэнэ. Тус сургалтыг даваа, лхагва, баасан гарагт зохион байгуулах бөгөөд хамрагдахыг хүсвэл Монголын оюун ухааны академийн фэйсбүүк хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Сонсох биш, гүйцэтгэх зарчмаар ажилладаг “Сураад” хөтөлбөрийг танилцуулъя. Сурагчдын математикийн хичээлийн мэдлэгийн түвшнийг нэмэгдүүлэх, бие даан суралцах чадварыг дээшлүүлэх нь “Сураад” цахим сургалтын зорилго аж. Суралцагч www.suraad.mn вэб сайтад хандан мэдлэгийн түвшнээ тодорхойлуулж, өөрт тохирсон дасгал, даалгаврыг хялбараас нь хүндрүүлэх зарчмаар хийж, алдвал эргэн санах маягаар суралцах нь. Түүнчлэн сургалтын үр дүнг долоо хоног бүр эцэг, эхэд нь мэдээлэх юм байна. “Сураад” хөтөлбөрт хамрагдах сарын төлбөр нь 20 000 төгрөг бөгөөд “Юнител”-ийн хэрэглэгч бол www.suraad.mn вэб сайт руу нэвтрэхэд үнэгүй гэнэ.

Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн Боловсролын хороо болон “Mongolian open school” хамтран монгол хэлний цахим сургалтыг гадаадад амьдарч буй хүүхдэд зориулан зохион байгуулна. Гадаадад өсөж, сурч байгаа хүүхдүүдэд эх хэлийг нь туршлагатай, монгол хэлний мэргэжлийн багш нар “Zoom” аппликэйшн ашиглан заах бөгөөд 7-гоос дээш насны хүүхдүүд хамрагдах боломжтой. Хүүхдүүдийг монгол хэлний түвшнээр нь ангилан, 4-8 хүүхэдтэй цахим группэд хуваарилж хичээллэх, мөн ганцаарчилсан сургалт ч явуулах юм байна.

“Mongolian nomadic” компани үндэсний үнэт өв соёл болох ардын язгуур урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Тус хамт олон жуулчдад зориулсан тоглолт зохион байгуулахаас гадна сургалт явуулдаг болжээ. Тодруулбал, хээл хуур, морин хуур, лимбэ хөгжим, хөөмийн цахим сургалт явуулж буй гэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг компанийн фэйсбүүк хуудаснаас авах боломжтой.

Цахимаар англи болон хятад хэл сурах боломжийг “Start now” төв оюутан, сурагчдад олгож байна. Хичээлийг монгол болон гадаад багш заах бөгөөд сургалт сар бүрийн 1, 15-нд эхэлнэ. Дүрэм, ярих, сонсох, унших, бичих ур чадварыг хослуулан заах сургалтад хамрагдахаас гадна “Stitcher”, “But why: A podcast for curious kids”, “Short and curly”, “The past and the curious: A history podcast for kids and families”, “Little stories for tiny people” зэрэг хүүхэд, залууст зориулсан англи хэлээрх подкастыг сонсох боломжтой аж. Түүнчлэн АНУ-ын Нью-Йорк хотын төв номын сангийн 300 000 гаруй номыг цахим хэлбэрээр унших боломж олгох юм байна.

“Артикоур” галерей уран зургийн цахим сургалт хичээллүүлэх нь. Тус галерей дэргэдээ зургийн дамжаа хичээллүүлээд 10 жил болжээ. Энэ удаа дугуйлангаа цахим хэлбэрээр үргэлжлүүлэхээр болсон аж. “Уран зургийн хэлд суралцахдаа нас насанд тохирсон, алхам алхмаар гүйцэтгэх дасгалуудыг системтэй, хөнгөнөөс хүндрүүлэх, ажиглахаас ургуулан бодох, бодсоноо дүрслэх эрэмбэ дараалалтай суралцах нь чухал” хэмээн зохион байгуулагчид онцолсон. Тиймээс нас ба уран чадварын ангилалд нийцүүлсэн сургалт явуулахаас гадна төгсөгчдийг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх ч боломжтой аж. Сургалтыг суралцагчдад шинэ сонирхолтой сэдэв, сэтгэхүй хөгжүүлэх зохиомжтой даалгаврыг өдөр бүр өгч, долоо хоногийн хоёр өдөрт нь заавар зөвлөгөө өгөх, тайлбарлах, шалгах хэлбэрээр явуулах юм байна. “Артикоур” галерейн цахим хуудсаар бүртгүүлэх ёстой бөгөөд жилийн төлбөр нь 450 000 төгрөг аж. Ташрамд дурдахад, “Монгол арт” галерей мөн “Хүүхэд бүр зураач” цахим сургалт зохион байгуулж байна. Энэ нь онол, дадлага, бататгах хичээл хослуулсан, нийт 12 удаагийн хичээлээс бүрдсэн аж.

Бэлтгэсэн: А.Тайшир


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)