Гэрэл зураг, визуаль урлагт “Хүмүүс ба хотын орчин”

Цүнхэнд нь юу байгаагаар тухайн хүний хүйс, нас, ажил мэргэжил, сонирхлыг ч тодорхойлж болно гэдэг. Үүнийг оюутнууд бүтээлээрээ нотолсон гэрэл зургийн үзмэрийг  Blue Moon уран зургийн галерейд нээгээд буй үзэсгэлэнгээс харж болно. 21 настай бүсгүйн цүнхэнд уруул өнгөлөгчөөс авахуулаад гоо сайхны нэлээд хэдэн хэрэгсэл, чихэвч, автобусны карт, гарын цаасан алчуур зэрэг байхад 55 настай харуулын цүнхнээс түлхүүр цоож, тамхи, нэг удаа уух ногоон цай, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг зүйлс гарч иржээ. 27 настай борлуулалтын менежерийн цүнхэнд сүүлийн үеийн гар утас, бүхэл, задгайгаар нь ялгаж эвхэж  хадгалсан мөнгө зэрэг байжээ.  

Тухайн цаг үе, агшныг гэрэл зурагт буулгаж түүх үлдээхийн зэрэгцээ хөдөлшгүй баримт болгодог гэрэл зураг нь бүхэл бүтэн асуудал хөндөж олон нийтэд дэлгэдэг, хүргэдэг онцлог урлаг юм. Баримтад түшиглэн уран сайхны аргаар асуудал хөндөхийг арт фото гэдэг аж. Гэрэл зургийг бодит үзүүлэн, видео болон аудиотой хослуулан мэдээллийг цогцоор нь хүргэх урлагийг визуаль, медиа урлаг гэх. XXI зууны урлагийн чиг хандлагын эдгээр төрлийг эх орондоо өндөр түвшинд хүртэл хөгжүүлэх нь СУИС-ийн Дүрслэх дизайн урлагийн сургуулийн зорилтуудын нэг. Энэ хүрээнд эднийх ХБНГУ-ын Дортмундын их сургууль, Берлиний урлагийн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Германы эрдмийн солилцооны алба, “Урбан номадс” төрийн бус байгууллагатай хамтран гэрэл зураг болон визуаль урлагийн сургалтыг хоёр долоо хоногийн турш зохион байгуулан тайлан тавьж, үзэсгэлэн гаргаад буй юм. Герман мэргэжилтнүүдээр удирдуулсан хоёр долоо хоногийн сургалтын хугацаанд гэрэл зураг болон визуаль урлагийн төрлөөр “Хүмүүс ба хотын орчин” сэдвийн хүрээнд явуулсан сургалтын үр дүнтэй танилцах бол Blue Moon галерейд зочлоорой.  

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)