Гэрэл зурагчны “Мөрөөдлийн хотхон”-д зочлоорой

“Гамма” агентлагаас зохион байгуулдаг байсан хэвлэл мэдээллийн салбарын оны шилдэг гэрэл зургийн уралдааны гран при шагналт Ү.Одбаяр дэвшилт технологийн тоног төхөөрөмжөөр өвч “зэвсэглэсэн” студи нээжээ. Тус хотхон Сүхбаатар дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт буюу олны ярьдгаар “Ардын эрх” сонины байрны чанх ард байрладаг. Олон жилийн өмнөөс мөрөөдсөөр байгуулсан ажлын байрандаа уран сайхны, хүүхдийн, жирэмсэн бүсгүйчүүдийн, ажил хэргийн зэрэг бүхий л төрлөөр зураг авч байх ажээ. 

Үүнээс гадна зураг авахуулах 20 гаруй фон бий. Үйлчлүүлэгчиддээ зориулж цай, кофегоор үйлчлэх хүлээлгийн өрөө тусгайлан гаргасан байна. Тус өрөөнд гэрэл зурагтай холбоотой хүүхдийн тоглоом, жааз, гадаадын орноос авчирсан бэлэг дурсгалын зүйлс ч байх аж. Зургийн аппарат түрээслэх, барьцаалан зээлдүүлэх, сэлбэг, хэрэгсэл худалдах, солилцох үйлчилгээ нэвтрүүлжээ. Аппаратын дуран, линз хуучирч, шороогоор дүүрсэн бол цэвэрлүүлж болно. Энэ мэт цогц үйлчилгээг нэг дор багтаасан гэрэл зургийн студи Монголд байхгүй гэхэд хилсдэхгүй.

Ү.Одбаяр “Гэрэл зурагчид бүтээлүүдээ манай студид байрлуулж, худалдах боломжтой. Өөрийн гэсэн ажлын байргүй байхын зовлонг мэддэг учраас мэргэжил нэгт нөхдөдөө боломж олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, бусад зурагчин тодорхой хэмжээний төлбөр төлөөд, шаардлагатай зориулалтаар манай студийг ашиглаж болно. Студиэ нээх гэж ганцаараа зүтгэсэн учраас хугацаа алдсан. Бүтэн жилийн хугацаанд 100 айл худалдааны төвийг 300-400 удаа зорьсон гэхэд хилсдэхгүй. Тус төвийн хаана хамгийн хямд барилгын материал байдгийг надаас өөр сайн мэдэх хүн байхгүй байх шүү" (инээв) гэж ярилаа.

Тэрбээр орон сууцны байшин өргөтгөж студи болгосон бөгөөд загвар болон тавилгын сонголт зэрэг нь дотоод ертөнцийг нь илтгэж байгааг онцолсон. Түүнийг гэрэл зурагчид “Одко өдөр тутмын сонинд 10 гаруй жил ажилласан. Түүнд 2007 оноос хойш оролцоогүй уралдаан, аваагүй шагнал гэж байхгүй дээ. Монголд хамгийн томд тооцогдох, 1800 гаруй гэрэл зургийн бүтээл оролцсон уралдааны мөн л тэргүүн байрын шагналт, лут зурагчин шүү дээ” хэмээн магтаж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)