Гэрэлгүй өрөөний гэгээ

Амьдралын ороо бусгаа цаг үе голлосон өнөөгийн нийгэмд шинэ жилийн баяраар засах гацуургүй, цадталаа идэх хоолгүй айл өрх айл олоон бий. Ийм нэгэн айл бол “Тусч” аяны маань гол эзэд болох Б.Эрдэнэчулууных юм. Unuudur.mn сайтын хамт олон бид амьдралаа залгуулахад хүндхэн нөхцөлд ороод байгаа дал гарсан эмээ, долоон бяцхан хүүхэд, осолд орсон залууд туслах сайн үйлсийн аянаа эхлүүлээд хэдийнэ гурван долоо хоногийн нүүр үзжээ. Энэ хугацаанд Монголын ард түмэн эрвийх дэрвийхээрээ тусалж, сэтгэлийн хандиваа харамгүй өгч байгаад бид туйлын их талархаж байгаа. Энэ удаад шинэ жилийн баярыг тохиолдуулан Г.Батмөнх эмээ, Б.Эрдэнэчулуун ахад баярын мэнд хүргэж, бяцхан багачуудад хувийнхаа зүгээс багахан бэлэг гардуулахаар Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгоныг зорьсон юм.

Хоёр оны зааг 12 дугаар сарын 31-ний өдөр бүгд л гэр бүл, хамт олон, хайртай хүмүүсдээ бялуу, амттан зэргийг барин яарч яваа харагдана. Б.Эрдэнэчулуун ах ч гэсэн шинэ оныг гэрийнхэнтэйгээ угтахаар ээж дээрээ түр иржээ. Энэхүү гэр бүлийн уулзалтын сайхан агшны гэрч болох хүсэлдээ хөтлөгдөн тэднийхийг зорьсон нь энэ байлаа.

Зорьсон айлдаа очихоор гэрээсээ яаран гарсан ч унаа олдохгүй баахан сандарч, эцэст нь замын унаанд үнэ тохирон суугаад авлаа. Жаргалантыг зорих зам зуураа авсан бэлгээ шалган шалган явав. Энэхэн зуур нэгэн бодол төрсөн нь хувийнхаа зүгээс баярлуулахаар багахаан бэлэгтэй яваа надаас том зүйл горьдчихвий дээ гэсэн болгоомжлол байв. Тиймээс дараа хамт олноороо дахин ирж албан ёсоор баярлуулах тухайгаа хэрхэн хэлэхээ бас тооцоолов. Ингэж явсаар зорьсон газартаа ирлээ. Эндэхийн цэвэр агаар хотынхтой харьцуулахын аргагүй бөгөөд болдогсон бол хадгалж аваад буцсан хойноо амьсгалж баймаар санагдана. Гадаа хэсэг зогсоод даарсан би Б.Эрдэнэчулуун ахынд сэтгэл догдолсоор орлоо.
Зорьсон айлдаа ирэхэд эмээ намайг угтан авч, “Даарч яваа биз дээ” гээд халуун цай, хоол аягалахаар зэхэв. Юуны түрүүнд Б.Эрдэнэчулуун ахын биеийн байдал хэр байгааг мэдэхээр том өрөө рүү ороход багачууд нойроо дийлэлгүй унтаж, Б.Эрдэнэчулуун ах орондоо сэрүүн хэвтэж байна. Тэд гэрлээ унтраачихсан юм болов уу гэтэл том өрөөнийх нь чийдэн шатчихсан гэнэ.

Гэрэлгүй бүүдгэр өрөөнд бүдэг бадаг харагдах Б.Эрдэнэчулуун ахаас “Таны бие сайн уу” гэж асуухад санаа зовсон өнгөөр “Ямар ч үүрэггүй хүн шинэ он болж байхад гэрлийнхээ чийдэнг ч сольж чадахгүй хэвтэж байна даа” гэж хариулав. Ахтай ярилцахад тэрбээр ээждээ болон хүүхдүүддээ тус болж чадахгүй байгаадаа өөрийгөө зэмлэж, санаа зовж байгаа нь мэдрэгдэж байлаа. 

Үнэндээ надад харин ч эсрэгээрээ энэ гэр дүүрээд, “Гэгээ” орчихсон шиг санагдав. Өмнө ирэхэд зэврүүхэн гэрт хүүхдүүд нусаа гоожуулан гүйлдэж, эмээгийн нүдэнд гуниг хураад байсан. Харин өнөөдөр эмээ “Хүүхдүүдийн ханиад зүгээр болчихсон шүү, хүүгийн бие ч дээрдээд байгаа” гэж баярлан өгүүлж байгаагаас харахад хэдий өвчтэй ч гэлээ хүүгийнх нь орон зай ямар их үгүйлэгдэж байсан бэ гэдэг нь харагдана. Мөн тэд таазаа шаараар чимсэн нь бүүдгэр гэрт гэгээ нэмж, баярын уур амьсгал оруулжээ. Бидний дуунаар хүүхдүүд сэрж, хоол ч боллоо. Эмээ биднийг хоолоор дайлж, зөрүүлээд би бэлгээ гардуулах болов. Бэлдсэн алга дарам бэлгийг минь бүгд л баяртайгаар хүлээн авсан бөгөөд ялангуяа Б.Эрдэнэчулуун ах хүүхдүүдээс дутуугүй баярлаж байсан юм.

Шинэ оноо тэмдэглэх энэ өдрийг эмээ их удаан хүлээсэн дээ. Нулимсаа урсгаж, шөнө нойргүй хонож хүлээсэн. Эмээ хэлэхдээ “Нэг үеэ бодвол бүх зүйл хүссэнээр болж эхлээд байна даа. Гэхдээ...” гээд уртаар санаа алдав. Хүү нь он гараад эмнэлэгтээ дахин хэвтэх ёстой тул энэ хэд маань шинэ жилээр л бүрэн бүрэлдэхүүнээрээ уулзаж байгаа нь энэ аж. Хэзээ бүрэн эдгэх нь тодорхойгүй өвчтэй хүү, цаашид хэрхэх нь тодорхойгүй дал гарсан эмээ, долоон хүүхэд...

Хэсэг ярилцсаны эцэст эмээд туслах бидний сэтгэлийн аяны хэрхэн өрнөж байгаа талаар түүнд тайлагнаж, одоогийн байдлаар дансанд хэдэн төгрөг цуглараад байгааг ч үзүүлэв. Мөн өнөөдрийг хүртэл өөртэй нь шууд холбоо барих боломжгүй байсан тул хөршийнх нь утсаар дамжуулан ярьж айлд хүндрэл учруулж байсныг санаад Nokia загварын утсыг эмээгийн гарт чимээгүйхэн атгуулчихав. Хэдий үнэтэй биш боловч холбоо барих боломжтой болж байгаадаа бид хоёр хоёулаа баяртай байлаа.

Шинэ он гарахаас цаг хагасын өмнө хотруугаа буцахдаа тэднийг бүгдийг нь тэврээд, эмээд үнсүүлээд гарлаа. Дараа дахин ирэхдээ олон хүний сэтгэл шингэсэн бэлгээ бариад илүү жаргалтайгаар эмээтэйгээ уулзах болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)