“Гэрэгэ” бондод 8.4 дахин их захиалга ирүүлжээ

Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлд 2023 онд төлөх, 800 сая ам.долларын “Гэрэгэ” бондыг 5.625 хувийн хүүтэй арилжжээ. Уг бондын мөнгө ирэх сарын 1-нд орж ирэх юм байна. “Чингис”, “Дим сам” бондыг дахин санхүүжүүлэ­хээр шинийг арилжих тухай бид өмнө нь мэдээлсэн. Энэ тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монгол Улс 650 сая ам.долларын бондыг 6.1 хувийн хүү­тэй, 5.5 жилийн хугацаатай арилжихаар төлөвлөж буй хэмээн дамжуулсан. Тэгвэл ийнхүү дээрхээс илүү хэмжээний бонд гаргажээ. Хөрөнгө оруулагчид 5.5 тэрбум ам.долларын захиалга ирүүлснийг эх сур­валж дуулгалаа. Тэр дундаа Лондон, Нью-Йорк, Хонконгийн хөрөнгө оруулагчид дийлэнх захиалгыг ирүүлсэн бололтой. Бондыг анх 6.125 хувийн хүүтэй санал бол­госон ч захиалгатай холбоотойгоор ийн 0.5 хувиар доошлуулж чаджээ. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээ эерэг байсан, цаа­шид үргэлжлүүлнэ гэдгийг баталгаажуул­сан нь хөрөнгө оруулагчдад эерэг мэдээ болжээ. Андеррайтераар “Credit suisse”, “Deutsche bank”, “JP Morgan” ажилласан агаад хөрөнгө оруулагчдад танилцуулах уулзалтыг Нью-Йорк, Бостон, Лондон, Сингапур, Хонконгод хийсэн юм. Энэ талаар Монголбанк “2017 онд Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд, Хя­тадын Ардын банктай хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцэл, “Чингис” болон “Дим сам” бондын төлбөр шийдвэрлэгдлээ. Ма­най улс 2021 он хүртэл бондын төлбөрөөс үүдэлтэй дефольтын эрсдэлээс сэргийлэх нөхцөл бүрдсэн” гэжээ. Монгол Улс ирэх оны нэгдүгээр сарын эхээр “Чингис” бондын 500, зургадугаар сарын 30-нд “Дим сам” бондын 160 сая ам.долларын төл­бөрийг хийх хуваарьтай. Эдгээр бондын эхнийхийнх нь хүү 4.125, удаагийнхынх нь 7.54 хувь байв. Тэгэхээр дахин санхүүжүү­лэх хоёр бондын дундаж хүү 5.8 хувь гэж үзвэл шинээр арилжсаных нь үүнээс доо­гуур байж чадлаа. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)