Г.ЭРХЭМБАЯР: Найзууд маань шоглоод сумын наадамд барилдуулчихаж билээ

“Эрхэмээгүй кино үгүй болжээ” гэсэн танилын минь яриа чих сортойлголоо. Нээрээ л бодоод байх нь ээ, “Аз ойрхон”, “Сексийн эрх чөлөө”, “Үлгэрийн хайр”, “Орхидос 2” гээд сүүлийн үеийн бүхий л бүтээлд УДЭТ-ын жүжигчин Г.Эрхэмбаяр тоглож амжжээ. Ихэвчлэн зугаа цэнгэлд дуртай, задгай амьдралтай залуугийн дүрд тоглодог түүний зан төрх, байгаа байдал дэлгэцнээ амилуулсан дүрүүдээс тэс өөр. Тэрбээр юм бодож, ганцаараа алхах дуртай гэсэн. Тиймдээ ч тэр үү асуулт бүрийг минь анхааралтай сонсож, хэдэн хором бодсоны дараа товчхон хариулах атал дараагийн асуултыг сонсох гэж яарахгүй байгаа нь илт.
-Эрхэмээ ихэвчлэн ямар дүрд тоглодог вэ?

-Тайзнаа хайр дурлалтай учирсан залуугийн дүрд голлон тоглож байсан. Харин дэлгэцэнд миний царай их өөр гардаг шиг байгаа юм. Дандаа эсрэг дүрд тоглож таардаг.
-Найруулагчид царай зүс, бие хааг нь шалгуур болгож жүжигчдээ сонгодог байх нь ээ?
-Найруулагчид уран бүтээлээ хийж эхэлж байхдаа киноныхоо ерөнхий зургийг гаргаж, түүндээ ямархуу төрх байдалтай жүжигчид тоглохыг ч дүрсэлчихдэг шиг байгаа юм. Тэгээд л тэр дагуу сонгодог байх гэж би боддог. Яагаад ч юм бэ, надад гэр бүл үймүүлж, зугаа цэнгэл хөөсөн хүн, гомо цагдаа гэх мэт дүр ногдчихдог юм.
-Бүтээсэн дүрүүдээс чинь Тантай хамгийн төстэй нь аль нь вэ?
-“Надад өгөөгүй хайр” жүжгийн сохор залуугийн дүр их төстэй. Бусад нь бол тэс өөр. Дүр бүтээх гэснээс би энэ үгийг хэлэхээс их эмээдэг юм. Манай театрт насаараа ажилласан нэгэн ахмад уран бүтээлч “Би өнгөрсөн хугацаанд гол, туслах нийлсэн 100 гаруй дүрд тоглосноос гурвыг нь л бүтээсэн байна” гэж ярьж байсан удаатай. Кино, жүжгийн дүрд тоглох нэг өөр, харин түүнийг үзэгчдийн сэтгэлд хоногштол бүтээнэ гэдэг бүр ч өөр хэрэг байгаа юм. Би ямар нэгэн клипэнд тоглочихоод “Би нэг дүр бүтээгээд” гэж яривал онигоо болно биз дээ.
-“Надад өгөөгүй хайр” жүжгийн сохор залуу юугаараа тантай адилхан юм бэ?
-Дуу цөөнтэй, өөртэйгээ ярилцдаг нь адилхан. Би ер нь нэг их олон юм яриад байдаггүй, дуу цөөнтэй хүн.
-Бас их бодлогошрох дуртай байх, тийм үү?
-Ганцаараа байж эсвэл ганцаараа алхаж аливаа зүйлийн тухай эргэцүүлэн бодох дуртай.
-Энэ үедээ ихэвчлэн өнгөрснөө дүгнэдэг үү, эсвэл ирээдүйгээ мөрөөддөг үү?
-Өнгөрснөө дүгнэх тохиолдол мэдээж бий. Ихэвчлэн ирээдүйгээ зөгнөж, мөрөөддөг.
-Хамгийн их харамсдаг зүйл юу вэ?
-Залуу байсан болохоор авга өвөөгийнхөө надад ямар их хайртай байсныг ч ухаардаггүй байж. Өөд болоход нь дэргэд нь байгаагүйдээ их харамсдаг.
-Дуу цөөнтэй хүмүүс ихэвчлэн бүрэг байдаг.
-Тийм ээ. Би их ичимхий ш дээ.
-Энэ зан чанар мэргэжилтэй тань зөрчилддөггүй юү?
-Үгүй ээ. Тайзан дээр бол хэн нэгний дүрд тоглож байгаа болохоор ичдэггүй. Анхны тоглолтын өмнө эсвэл жүжигтээ тоглох боломжгүй болсон нэгнийгээ орлон тоглох болсон үед сандардаг. Гудамжинд явж байхдаа найзуудыгаа чанга дуугарахад өмнөөс нь санаа зовох гэх мэтээр ичих тохиолдол гардаг.
-Хүмүүс ичимхий нэгнийгээ шоглох тохиолдол их байдаг шүү дээ. Таныг найзууд тань хэр их шоглож байсан бэ?
-Өө, шоглоно шоглоно. Танил бүсгүйчүүдээ над руу залгуулж “Танилцъя” гэж хэлүүлэх нь наад захын асуудал. Өнгөрсөн жил найзуудтайгаа хамт Алтан булагийн наадам үзсэн юм. Гэтэл нөгөө хэд маань “Чамайг талбай дээр хүрээд ир гээд дуудаад байна” гэж байна. Би ч гайхсаар наадмын талбайд гартал намайг хуураад барилдуулах гэсэн байгаа юм даа.
-Тэгээд давсан уу?
-Нэг л давсан.
-Ер нь спорт хэр сонирхдог вэ?
-Сурагч байхдаа “Алдар” нийгэмлэгт чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний 43 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртэж байв.
-Спортоор хичээллэдэг хүүхдүүд их хүмүүжилтэй болдог гэж ярьдаг.
-Тийм шүү. Миний хувьд өглөө босоод л холын зайд гүйж, тэр чигтээ “Алдар” нийгэмлэгт очиж бэлтгэлээ хийгээд, өдөр хувцсаа сольчихоод хичээлдээ явдаг байсан. Хичээлээ тарж ирчихээд хоол ундаа хийж, гэр орноо цэвэрлээд л их завгүй өнждөг. Манай секцнээс улсын харцага Ц.Магалжав, улсын гарьд И.Доржсамбуу, Б.Жавхлантөгс нар төрсөн. Тэд ч намайг одоо санадаггүй байх л даа.
-Яагаад заавал жүжигчний мэргэжил сонгосон юм бэ?
-Бусад хүн шиг багаасаа жүжигчин болно гэж огт бодож байгаагүй. Сургуульд байхдаа ирээдүйгээ төлөвлөдөггүй, нисээд л явдаг байсан шиг байгаа юм. Элсэлтийн шалгалт дөхөхөд ангийнхан маань тийм сургуульд орно гэхэд л гэнэтхэн “Нээрээ би чинь ямар сургуульд орох билээ. Би юу хийж чадах вэ” гэж бодож эхэлсэн. Тэгээд нэг өдөр гэр бүлийнхэнтэйгээ энэ талаар зөвлөтөл ээж минь “Манай өвөө гавьяат жүжигчин Ё.Шаравдоо гэж хүн байсан. “Бөмбөгөр ногоон” театр байгуулагдахад багагүй хувь нэмэр оруулсан гэдэг. Миний хүүд өвлөсөн авьяас байж мэдэх юм” гэж зөвлөсний дагуу мэргэжлээ сонгож байсан.
-Та багадаа ямар хүүхэд байсан бэ?
-Охиноо ажиглаад байхад миний бага нас санаанд ордог. Ямар сайндаа л найзууд маань эмэгтэй Эрхэмээ гэж байх вэ дээ. Манай охин их зөрүүд, дуртай юмаа хийж эхлүүлбэл заавал дуусгаж байж санаа амардаг.
-Их үймүүлдэг байв уу?
-Үймүүлэхээс айдаг байсан. Ер нь хөдөлгөөн багатай, дуулгавартай сурагч байсан болов уу. Манайх ам бүл тавуул. Би айлын том. Тийм болохоор нэгдүгээр ангид байхаасаа л гэр орныхоо ажилд тусалж, хоёр дүүгээ асардаг байлаа. Эхнэртэйгээ суух хүртлээ гэр орны ажилд их сайн байсан. Одоо бол ар гэрийн асуудлыг эхнэртээ даатгачихсан.
-Гэхдээ хааяа гарын хоолоо хийж өгдөг биз дээ? Аавууд голдуу л нарийн хоол хийж эхнэр, хүүхдээ баярлуулдаг шүү дээ.
-Хийж өгөлгүй яах вэ. Завтай үедээ эхнэр, охин хоёртоо хоол хийж өгдөг.
-Ер нь хэр халамжтай гэрийн эзэн бэ?
-Цаг зав гаргахдаа маруухан ч, хамт байх үедээ их халамжтай шүү. Эхнэр, охин хоёроо алган дээрээ бөмбөрүүлдэг. Урлагийн ажил гэдэг тогтсон цаггүй байдаг. Өглөө очлоо гэхэд орой хэдэн цагт харих нь тодорхойгүй, зарим үед бүр хонож ажиллах ч тохиолдол гарна.
-Та хүлээцтэй юү?
-Ер нь тайван хүн. Хэр барагтай уурладаггүй. Уурлахаараа ганц нэг үг л хэлдэг. Харин баярлах нь амархан.
-Урлагийнхан баярлаж гомдох нь амархан байдаг гэдэг дээ. Таны бодлоор тэр байдал мэргэжилтэй нь холбоотой юу?
-Жүжигчний мэргэжил эзэмшсэн хүмүү- сийн олонх нь мэлхий, хилэнцийн ордынх байдаг гэдэг юм билээ. Тэр үнэн байх. Би мэлхийн ордод төрсөн. Манай театрт гэхэд мэлхийн ордын долоо найман хүн байдаг. Зурхайгаа уншихаар сэтгэлийн хөдөлгөөн ихтэй гэж тодорхойлсон байдаг. Түүнтэй нь холбоотой байдаг ч байж мэдэх юм. Гэхдээ ер нь мэргэжилтэй нь холбоотой байдаг болов уу. СУИС-ийг галзуугийн эмнэлэг шиг гэж хүмүүс ярьдаг юм байна лээ. Хаалгыг нь татахаар тэнд нэг нь тольтой ярьчихсан зогсож байхад, энд нөгөө нь дуулж, бас нэг нь хөгжим тоглож байдаг болохоор тэр биз.
-Мэргэжлээ хувийн амьдралдаа ашиглана биз?
-Охиныгоо хоол идэхгүй, хичээл номоо хийхгүй үед нь жүжиглэх гэх мэт зөв юманд бол ашигладаг. Охин маань нас бага болохоор итгэчихдэг юм.
-Шинэ жилээр өвлийн өвгөн болдог уу?
-Тэгэлгүй яах вэ. Дөрөв дэх жилдээ өвлийн өвгөн болж байна. Манай театраас Хасар Жагаа ах, Мягмарнаран ах бид гурав өвлийн өвгөн болж, айл гэр, албан газраар явдаг. Тайзан дээр гарахаараа гацаж, түгдэрдэггүй болохоор нь хүмүүсийн захиалга өгөх сонирхол ч их.
-Жүжигчид дүрийнхээ хэлэх үгийг цээжилдэг болохоор нэлээд ой сайтай байдаг байх, тийм үү?
-Ер нь ойр зуурын юмыг бол амархан тогтоочихдог. Миний хувьд анх “Нүцгэн дурлал” жүжгийн голд дүрд тоглохдоо 42 хуудас текст цээжилж байсан. Жүжиг эхлэхээс дуусах хүртэл тайзнаас буудаггүй дүр болохоор тэр. Тэр текстийг утгаар нь цээжилж байсан. Манай ахмад уран бүтээлчид бүр цэг, таслалыг нь орхилгүй цээжилчихдэг. “Зохиогч “Би ч” гэж бичсэн байвал тэр “ч” гэсэн нөхцөлөөр ямар нэгэн утга агуулж байна гэсэн үг. Зохиогчийн хэлэх гэсэн санааг өөрчлөх эрх бидэнд байхгүй. Тиймээс цэг, таслал үлдээлгүй цээжлэх ёстой” гэж бидэнд сургадаг юм. Тийм болохоор аль болох тэгж цээжлэхийг хичээдэг. Манай уран бүтээлчид дунд үгээ их хурдан өөрийн болгодог хүн олон бий. Ганцэцэг эгч гэхэд л нэг удаа уншаад л хэлэх үгээ бүгдийг нь цээжилчихсэн байдаг.
-Жүжигчин болсны дараа шантрах үе гарч байв уу?
-Нэг бус удаа шантарч байсан. Тэр бүрт өөрөөсөө л болсон байдаг. Шинэ уран бүтээл аваад, түүнийгээ амилуулж чадахгүй, өөртөө гутарч, “Яах гэж энэ мэргэжлийг сонгов оо” гээд уйлж байсан үе бий. Ийм үед өөртэйгээ ярилцаж, нэг удаа бүр дэвтэр дээрээ “Чи заавал чадах ёстой” гэж бичиж байсан. Хачирхалтай нь огт чадахгүй, арга эвийг нь олохгүй байсан зүйл жижигхэн учиг олоход л ар араасаа хөвөрсөөр, бүх учир нь тайлагдаж, гарт ордог юм билээ. Тэр бүрт ажлаасаа эрч хүч авч, сайхныг нь мэдэрдэг.
-Таны бодлоор амьдралын аз жаргал юунд оршдог вэ?
-Эрүүл энх байх л аз жаргалын үндэс. Гэр бүлээрээ эрүүл байвал тэгээд л болох нь тэр гэж боддог.
-Та амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
-“Хүний итгэлийг алдахгүй юм сан” гэдэг үгийг өөртөө их хэлдэг. Мөн аливаад сэтгэл ханаж, хүмүүсийн магтаалд ташуурч онгирохгүйг хичээдэг.
-Амьдралын гол зорилгыг тань сонирхвол…
-Харамсах зүйл хийхгүй амьдрах. Өтөлсөн хойноо нарлаад суухдаа өнгөрүүлсэн амьдралаа эргэцүүлэн бодож таарна. Тэр үед хийсэн бүтээсэн зүйлсээс гадна хэн нэгнийг голд нь ортол гомдоочихсон дурсамжтай байхгүй юмсан гэж боддог. Мэдээж амьдрал юм чинь алдаа оноо байх л биз. Гэхдээ алдаа нь бага байгаасай гэж хүсэж, хичээдэг.
О.УНДАРМАА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)