Гэртээ үлдсэн хүүхдүүд “гэмтэй”

Идэр ес эхэлсэн эл өдрүүдэд сурагчдын эрүүл мэндэд анхаарч, утаа униараас хол байлгах гэсэндээ БСШУСЯ-наас өвлийн амралтын хугацааг сар гаруй болгож, уртасгах шийдвэр гаргасан. Тасхийм хүйтэнд хүүхдүүдийг бөөвийж, бээцийлгэн гүйлгэхгүй зөв шийдвэр гаргасан, уг нь. Гэвч хүүхэд, багачууд амралт чөлөөт цагаа таатай өнгөрөөх газар нийслэлд ховор юм. Хэд гурван тоглоомын төв, ганц, хоёр номын сан, усан бассейн, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, парк, кино театрыг эс тооцвол чөлөөт цагаа өнгөрөөх газаргүй шахам. Тиймээс зарим нь хөдөөг зорьж, эмээ, өвөө, ах, дүүсээ бараадан уушгиа цэвэрлэж байна. Боломжтой нэг нь хүүхдүүдээ хилийн дээс алхуулж буй сурагтай ч олонх нь утаат Улаанбаатартаа үлджээ.

Тиймээс “Гэртээ үлдсэн хүүхдүүд гэмтэй” гэж цагдаа, онцгойгийнхон сандралдаж эхлэв. “Аав, ээж нь хайнга” гэж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхан араас “үглэлээ”. “Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй” гэгчээр албаныхан ортой зүйл ярьжээ. Гэртээ үлдсэн томоогүй жаал галаар “наадаад” гэрээ шатааж, өөрөө эрсдэх дөхсөн хэрэг оны өмнө гарлаа. Аав, ээж нь ажилтайгаараа шалтаглаад хүүгээ гэрт нь ганцааранг нь үлдээснээс үүдэлтэй хэрэг. 10 нас ч хүрээгүй түүнд галаар тоглож болохгүй гэж мянга учирлаад ч нэмэргүй гэх. Жаал хашаан дахь хэсэг хогийг дүрэлзтэл ноцоочихоод, цог нь үсэрч хавь ойрын зүйл шатаад эхлэнгүүт унтраах гэхдээ хамаг хувцсаа тайлаад балбаж, нүдэж эхэлжээ. Азаар хамар хашааны хөрш нь харж, 101 дугаарт дуудлага өгснөөр “зугаатай” тоглоом дуусжээ. Уйлах, айх нь зэрэгцсэн хүү “Даарсан учраас гал түлсэн” гэж аврагчид хэлжээ. Нийслэлийн ОБГ-ын аврагчид ирж, галыг унтраагаад ээж, аавыг нь дуудсан байна. “Харах хүнгүй, яалт ч үгүй ганцааранг нь үлдээхээс өөр аргагүй” хэмээн хайнгадуухан хариулт өгчээ, нөгөөдүүл нь. 

Ер нь галын аюулгүй байдлаа хангаж, өөрсдийгөө, үр хүүхдээ, эд хогшлоо эрсдэлээс сэргийлдэг айл гэр хорооллынхны дунд цөөн гэнэ. Үүнийг батлах шиг өнгөрсөн сарын 25-нд 69 настай нэгэн, 5-9 насны хоёр ачтайгаа өдрийн цагаар угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ мэтчилэн галын аюулгүй байдлыг хангаагүйгээс угаартах явдал, өмнө нь олонтоо гарсан халуун тогооны хэргүүд өнөө ч давтагдсаар байна. Сэрэмжлүүлээд байхад энэ төрлийн хэрэг буураагүй. Хүүхэд галд өртөж нас барсан хэрэг өнгөрсөн онд өссөн гэдгийг нийслэлийн ОБГ-аас анхаарууллаа. Тодруулбал, 2017 онд найм, өнгөрсөн онд 10 хүүхэд ахуйн хүрээнд гал гарснаас энджээ. Сургууль олон хоногоор амарсан тул зарим ээж, аав цэцэрлэгийн насны хүүхдээ ах, эгчээр нь харуулаад гэрт нь үлдээх тохиолдол ихэсжээ. Гэрт амьдардаг айлууд голчлон халуун тогоо хэрэглэдэг. Тэдгээр өрхийн 99 хувь нь халуун тогоогоо шалан дээр байрлуудаг бөгөөд цахилгааны аюулгүй байдлыг огтхон ч анхаардаггүй аж. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гэрт үлдсэн сурагчдыг анхаарч, хорооны Засаг дарга, нийгмийн ажилтантай хамтарч тэднийг эргэж, тойрох ажил зохион байгуулж байна. Түүнчлэн эмзэг бүлгийн 560 орчим сурагчийг хүүхэд хөгжлийн сургалтад хамруулж эхэлжээ. Ингэхдээ төрийн бус 22 байгууллагатай хамтарч буй. Хүүхдүүд төрийн бус байгууллагуудад хуваарилагдан өглөөнөөс орой болтол сонгосон хичээлдээ суралцах, эсвэл өдөрт 2-4 цаг хүүхэд хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж байгаа аж.

Цагдаагийн байгууллага сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор “Эмзэг цэг” нэгдсэн шалгалтыг эрчимжүүлжээ. Баянгол дүүрэгт байрлах РС тоглоомын хэд хэдэн газраар орж ажигласан юм. Бага насныхан галаар “наадах” зуурт ах, эгч нар нь аав, ээжийгээ эзгүйчлэн РС тоглоомын газар руу гүйсээр байна. Тэнд өсвөр насныхан голдуу харагдана. Танхим дүүрэн л хүүхэд байна лээ. Ер нь сул компьютер харагдаагүй. Тэндхийн ажилтан залуугаас хонон өнжин тоглодог хүүхэд олон, эсэхийг асуухад “Байнга тоглодог хүүхэд байхгүй, хяналт тавьдаг. Цаг нэмж өгдөггүй. Хүүхдүүд болж өгвөл үлдэх санаатай байдаг. Ер нь л байнга тоглох сонирхолтой хүүхэд олон” гэсэн юм. Харин цагдаагийн ажилтан энэ талаар “РС тоглоомын газарт хонож тоглодог, томчуулын хяналт сул хүүхэд олон. Сануулаад байхад удаа дараа цаг хэтрүүлэн ажилласан, хүүхэд байнга хонуулдаг “Game arina”, LOF зэрэг 45 газрыг хаах саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн. Мөн 30 гаруй газарт 250 мянган нэгжийн торгууль ногдуулж, хуульд заасны дагуу журмаа мөрдөж ажиллахыг сануулсан” гэлээ. Нийслэлд РС тоглоомын 4000 гаруй газар бий. Эдгээрээс цөөхөн нь хууль, журмын дагуу ажилладаг юм байна. Ихэнх нь цаг хэтрүүлж ажилладгаас гадна бохир орчинд хүнсний бүтээгдэхүүн зарж, хүүхдүүдийг хоногоор тоглуулдгийг цагдаагийн ажилтан хэлсэн. РС тоглоомд автсан хүүхдүүд гар утас, дуу тоглуулагч, iPad зэрэг үнэ хүрч болох зүйлээ барьцаанд тавьж тоглодог гэнэ. Түүнчлэн хоорондоо мөрий тавьж тоглон, өрөнд орсон, нэгнийгээ дарамталсан тохиолдол ч гарчээ. Энэ мэтээр хүүхэд тоглоомд донтож, эрүүл мэндээрээ хохирсон нь цөөнгүй. Гол нь зарим ээж, аав хүүхдээ цахим тоглоомд донтож, эмгэгтэй болсон хойно нь анхаарч, эмнэлэгт аваачдаг гэдгийг цагдаагийнхан онцолсон. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хонгилд ганцаараа байлдаж тоглох хүүхдүүдийг харж болно. Эцэг, эхүүд хүүхдээ хайхраагүй, РС тоглоомын газрууд хүүхдүүдийг өдөр, шөнөгүй тоглуулсантай энэ нь шууд холбоотой гэж тайлбарлах мэргэжилтэн ч байна.

...Түүнчлэн зургаан настай охиныг айлгаж, шинэ оноо гудамжинд гаргахад хүргэсэн ноцтой хэрэг өнгөрсөн сарын 31-ний үдэш гарлаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд оршин суудаг иргэн А архидан согтуурч эхнэр, хүүхдээ дарамталснаас үүдэн ийм хэрэг гарчээ...

Түүнчлэн зургаан настай охиныг айлгаж, шинэ оноо гудамжинд гаргахад хүргэсэн ноцтой хэрэг өнгөрсөн сарын 31-ний үдэш гарлаа. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд оршин суудаг иргэн А архидан согтуурч эхнэр, хүүхдээ дарамталснаас үүдэн ийм хэрэг гарчээ. Аав гэх араатнаасаа айж, гэрээсээ зугтсан охин гудамжинд осголтын байдалтай хярж суухад нь цагдаагийнхан олж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүргэж өгсөн байна. Охины ээж гомдолгүй хэмээсэн учраас охиныг гэрт нь буцаажээ. Ингэхдээ сэтгэлзүйчтэй охиныг хоёр удаа уулзуулж тайвруулах арга хэмжээ авсан аж. Мөн охины ээжтэй уулзаж, зөвлөгөө өгчээ. Харин аавыг нь албадан саатуулах болсон байна. Энэ жишээг дурдаж буй нь эрчүүд орон гэрээ баар, цэнгээний газар болгож, өдөр шөнийг үл ялган бусдыг гэртээ авчирч, архидах явдал хэрээс хэтэрсэнтэй холбоотой. Цагдаагийн байгууллагад хоногт ирдэг 200 орчим дуудлага, зөрчлийн 90 хувийг хүүхэд хохироосон, хүүхэдтэй орчинд үйлдсэн хэрэг эзэлдэг байна. Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг үүнийг баталж, “Хүүхдүүд гэр орондоо хамгийн эрх чөлөөтэй, аюулгүй байх ёстой атал энэ орчин зарим хүүхдийн хувьд там болж байна” хэмээн ярьсан. Хичээл, сургуульдаа явж, түр ч атугай зүдгүүрээ мартдаг хүүхэд өдгөө 24 цагийн турш гэр бүлийнхнийхээ дарамтад бүлтэгнэн байна. Энэ бол гэртээ үлдсэн хүүхдүүд айж, шаналж буйн зөвхөн нэг жишээ. Архидалттай орчинд байж, сөрөг зүйл харж өссөн хүүхэд эргээд энэ амьдралаа давтдаг гэдгийг судлаачид хэлдэг. Мөн тэднийг архичин болоход өнөөгийн нийгэм түлхэц болж буй. Уг нь 21 нас хүрээгүй хүнд архи зарах, түүгээр үйлчлэх нь хуулиар хориотой. Гэтэл цэнгээний газрынхан насанд хүрээгүй хүүхдэд архи борлуулах нь хэвийн үзэгдэл мэт болжээ. “Эмзэг цэг” нэгдсэн шалгалтын хүрээнд дараах зөрчлийг илрүүлжээ, цагдаагийнхан. Тухайлбал, Баянгол дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сrys¬tal”, “Best-10”, “Queen” зэрэг газар цаг хэтрүүлэн ажиллахаас гадна хүүхдэд архи худалджээ. Эдгээр газрын үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлуулахаар холбогдох газруудад ханджээ. Сургуулиуд амарсан үед хүүхдүүдийг хараа хяналтгүйгээр тэнэхээс сэргийлэх зорилгоор нийслэлийн Цагдаагийн газраас “Dream box” телевизийнхэнтэй хамтарч найман ангит кино бүтээж, олон нийтэд цацсан аж. Мөн киног хувилан орон нутгийн хүүхдийн байгууллагуудад тараасан гэнэ.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас сурагчдын амралттай холбоотойгоор орон нутаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй өдөр өнжүүлэх төвүүдэд судалгаа хийсэн байна. Орон нутагт өдөр өнжүүлэх төвийн сургалтын сарын төлбөр 120 000-150 000 төгрөг. Харин нийслэлд 400 000 хүртэлх төгрөгийн ханштай. Өнөөдрийн байдлаар өдөр өнжүүлэх 252 төвд 6-11 насны 5648 хүүхэд хамрагдаж байна. Эдгээрийн 60 орчим нь хувь хүүхэд хөгжүүлэх тусгай хөтөлбөртэй бол үлдсэн нь хооллох, даалгавар хийлгэх төдийхнөөр өдрийг аргацаадаг гэсэн. Дээрх газраас шинэ онд өдөр өнжүүлэх төвийн багш нарыг чадавхжуулж, насны онцлогт нь тааруулж, ярилцах аргад сургах зэргээр хүүхдийн хөгжлийг дэмжсэн сургалтад хамруулах болжээ. Аав, ээжийн орлогоос шалтгаалан гэртээ үлдсэн хүүхдүүдийн багахан хувь нь өдөр өнжүүлэх төвд хамрагдаж буй. Гэртээ үлдсэн тэднийг Урлан бүтээх төв, Монголын хүүхдийн ордон, усан бассейн руу дагуулан явж, эрүүл мэнд, боловсролд анхаарах зав сөхөөтэй ээж, аав үнэндээ ховор байгаа нь судалгаагаар гарчээ.

Хотын багачууд аав, ээж нь эзгүй хойгуур гэртээ галаар “наадаж” айлгах, арай том нь РС хэсэж, баараар тэнэдэг бол хөдөөгийн хүүхдүүдэд ч зовлон бий. Хичээл амрах сургаар томчууд баярлаад л хүүхдээ сумын төвөөс авдаг байна. Тэд хүүхдээ хонь малд явуулах зэрэг хар, бор ажилдаа дайчлах гэж яардаг аж. Багаас нь ажилд сургахыг буруутгаагүй ч идэр ес эхэлсэн эл өдрүүдэд малд явсан хүүхэд шуурганд уруудах, төөрөх, амиа алдах эрсдэл өндөр. Тиймээс холбогдох газраас малчдад хандаж хүүхдээ 1000 метрээс хол газарт явуулахгүй байх, цаг агаар таагүй үед болон шөнө малд гаргахгүй байхыг анхааруулсан.

Ташрамд дурдахад, 2018 оны эхний 11 сарын байдлаар хүүхэд хохирсон 1545 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс охид хохирсон хэрэг 694 байна. Төрлөөр нь авч үзвэл, 213 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж, гэмт хэргийн улмаас 81 бяцхан зүрх зогсжээ. Гэмтэж бэртсэн хэрэг 554 бүртгэгдсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)