"ГЭРЛЭН ДОХИО" баг мэндчилж байна

“Мөнхлэй жаахан урагшаа, Хүслэн анхааралтай бай, Мөнхбүрэн бага зэрэг хойшоо бол. За, одоо бүгдээрээ зэрэг, чангаар “57”-гоо хэлнэ шүү. Хүүхдүүд ээ, Урнаа багшийнхаа гарыг харж байгаарай. За хэлье, гурав аа, ий”. Цагдаа хүүхдүүд цовоо дуугаар “57”, “57” гэж цангинуулах нь өхөөрдөм. Тэд бол нийслэлийн 57 дугаар цэцэрлэгийн бэлтгэл “А” бүлгийн дөрвөөс таван настай багачууд юм. Тээврийн цагдаагийн албаныхны урилгаар Хууль зүйн яамны нээлттэй хаалганы өдөрлөгт мэндчилгээ дэвшүүлээд жанжны талбайгаар зугаалж, Чингис хааны хөшөөний өмнө зургаа даруулаад, буцаад жагсаалаар явж байхтай нь таарсан юм. Ангийн багш нь З.Уранчимэг. 

Тэрбээр “Манай “Гэрлэн дохио” багийнхан цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулдаг, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой уралдаанд дүүрэгтээ хоёр, гуравдугаар байр эзэлж ирсэн. Маш сайн бэлтгэгдсэн хүүхдүүд маань төгссөн. Залгамж халааг нь авсан жаалууд өнөөдөр мэндчилгээ дэвшүүллээ. Ах, эгч нарыгаа гүйцэхгүй ч үүргээ дажгүй биелүүллээ” гэв.

Цагдаа хүүхдүүд жигд гоё хувцастай. Үг, хэл нь тод. Халууцаад жаахан нурмайчихаж. Өвөр эгнээнд зогсдог хоёр нь нүдний шилээ мартаж ирснээс бусдаар тэр өдрийн ажил нь яв цав бүтэмжтэй. Зураг даруулж байхад ганц, хоёр хүүхэд ёслохдоо гараа унагахад багш нэрээр нь дуудаж, цэх зогсож, гараа хөдөлгөхгүй байхыг шаардахад хичээх хэр нь нэг л болж өгсөнгүй. Тэгэхэд багш “За, миний хүүхдүүд ганцхан удаа хичээчих. Их халуун байна, тийм ээ, одоо хэдүүлээ чөлөөтэй алхана. Тэнд очоод ундаа авч өгнө өө” гэж арга хэмжээ авав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)