Гэнэн, гүндүүгүй “стандарт”-аасаа салъя

“Бөмбөгөр”, “Барс”, “Хархорин” зэрэг иргэд хамгийн өргөн үйлчлүүлдэг зах, худалдааны төвөөр өглөөгүүр, онгойсных нь дараахан үйлчлүүлнэ гэвэл жинхэнэ там. Цагийн хуваарийнхаа дагуу тухайн байгууламжийн том хаалганууд нээлттэй боловч дотор нь үйл ажиллагаа явуулдаг худалдаа эрхлэгчид ажилдаа мөд ирэхгүй иргэдийг чирэгдүүлэх нь наад захын асуудал. Ингээд лангуунууд энд тэнд алаг цоог нээгдсээр үд хүргэх нь хэвийн үзэгдэл болсныг үйлчлүүлэгчид андахгүй.

...Үнэндээ бол стандарт нь заавал шахаж, шаардуулж байж баримтлах зүйл биш. Хүний сэтгэл, ухамсартай л холбоотой энгийн үйлдэл гэдгийг монголчууд бид хэзээ ойлгох юм бэ...

Хэдийгээр хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа ч гэсэн нийтээр мөрдөх ажлын цагийг баримтлах нь худалдаа эрхлэгчдийн үүрэг юм. Харамсалтай нь, өөрийн цаг заваар ирж, явдаг, ажил хөдөлмөрийн, үйлчилгээний стандарт мөрддөггүй “балмад” худалдаачдыг хянаж, шаарддаг газар алга. Уг нь лангуу, талбай түрээслүүлэгч эзэд үүнд анхаарч, хариуцлага нэхэх учиртай.

Дэлхийн жишгээр бол аливаа зүйл стандартаас гажих ёсгүй. Тэдний хувьд стандарт бол хууль дүрмээс өөрцгүй зүйл. Тиймээс хуваарьт цагийг манайхан шиг зөрчиж, үйлчлүүлэгчдийг чирэгдүүлсэн тохиолдолд түрээслэх эрхийг нь цуцалдаг юм билээ. Дэлхий нийтээр стандартыг ийнхүү хуульчлан мөрдөж байхад монголчууд харин энэ талаар “А” ч үсэггүй явсаар. Цаасан дээр бичиж, баталсан стандартууд гэж бий л дээ, уг нь. Гэхдээ тэдгээрийг мөрдөх стандарт сэтгэлгээ, сэтгэл, сахилга бат, ёс зүй бидэнд үгүйлэгдэж байна.

Монголдоо тэргүүлэгч “Жүр үр”-ийн нэг бүтээгдэхүүнд онцгойлон “дурлаад” хэдэн жил болж байна. Сүүлийн жил гаруй хугацаанд тэр талхны үнэ хоёр удаа нэмэгдсэн ч овор, хэмжээ нь илт жижгэрч, багассаныг түүнд дурлагсад эхэндээ хошигноод л өнгөрдөг байлаа. Өчигдөр харин тэсэлгүй худалдагчид нь хэлэв. Учир нь өнөөх талх чинь “өлгийтэй жаал” болтлоо жижгэрсэн байх юм. Арай ч дээ, стандарт мөрддөг бол ингэтэл “агших” уу.

Самар, жимс боловсрох цаг хугацаа гэж бий. Энэ бол байгаль эхийн стандарт юм. Гэтэл бид болц нь гүйцээгүй байхад л хуу хаман түүдэг хомхой сэтгэлтэй. Үүнээс үүдэн амьтад намар идэш хоолоо бэлдэж чадахгүйд хүрч, мод, ургамлын жимслэх хугацаа гажиж, хуш чийгээ алдан, аажмаар амь тавьж байна. Ийм хомхой сэтгэлтнүүдэд ухуулж, ойлгуулах, ойн нөөц олборлох стандартыг мөрдүүлэх хүн ч алга.

Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн ослын улмаас улсын хэмжээнд 52 хүн амиа алдсан гэх хар мэдээ бий. Энэ төрлийн осол өнгөрсөн жил 336 бүртгэгджээ. Мэргэжилтний ярьснаар бол сүүлийн дөрвөн жилд гарсан ослуудад нөлөөлсөн хүчин зүйлийн 42 гаруй хувь нь хүнээс шалтгаалсан буюу стандарт баримтлаагүйтэй холбоотой. Үлдсэн 57 гаруй хувь нь удирдлагын хариуцлага ямар байгааг илтгэх баримт аж. Өөрөөр хэлбэл, монголчууд бид хаана хаанаа стандартгүй байгааг харуулахад ганц энэ жишээ хангалттай.

Сүүлийн хэд хоногт гарсан ослын нэлээд хувь нь иргэдийн болгоомжгүй, буруутай үйлдлээс улбаатай байна. Жишээ нь, гол үертэй байгааг мэдсээр байж гатлахаар яваад живсэн, хохирсон иргэдийн дуудлага тасрахгүй байгааг цагдаагийн байгууллагынхан мэдээлэв.

Ховд аймагт энэ сарын эхэнд бүртгэгдсэн тарваган тахлын улмаас оросууд хилээ чангатган, аюулын харанга дэлдсэн. Гэтэл голомтот нутгийн иргэд бид өдөр бүр шахам л “хулгар” шарыг агнаж, зооглож байна. Ингээд зогсохгүй нийслэл хот руу тарваганы мах нэвтрүүлэхийг завдсан зөрчил тасрахгүй байгаа гэнэ. Бүр бэр гуйхаар очсон хүмүүсийг тарваганы махаар дайлсан “хэрэг” ч гарсан. Энэ нь хүндэтгэлийн зоог мөн үү. Угтаа бол ядуу тарчиг ардын амиа зогоож ирсэн л хүнс шүү дээ.

“Зөвхөн Монголд л харж болох зургууд” хэмээх тодотголтой гэрэл зургуудыг та бид нийгмийн сүлжээнүүдээс хардаг. “Нээрэн л монголчуудаас өөр хэн ч ингэхгүй дээ” гэх утгатай хэдэн зуун сэтгэгдэл бүхий тэдгээр зурагт стандартгүй Монголын дүр зураг тод томруун буусан байна. Нэг мотоцикл дээр хүүхэд, хөгшид нийлсэн зургаан хүн сундалжээ. Ой гарантай нялх хүүхдээ морин дээр сундлуулчихсан харагдана. Зураг болгоны доор “өхөөрдсөн” сэтгэгдэл дүүрэн. Магадгүй ийм болчимгүй, эрсдэлтэй, аюултай нөхцөл байдлыг монгол стандарт гэж болохоор.

Өөр хоорондоо холбоогүй мэт боловч гарцаагүй нэг зүйлээр уягдан нэгдэх энэ мэт жишээнүүд наад захын стандартгүй болчихсон Монголд иргэдийн сэтгэлгээ, эргэцүүлэн бодох чадвар ч стандартаас гажсаныг илтгэх буй за.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 110 жолооч согтуугаар замын хөдөлгөөнд оролцож, өөрийн болон бусдын эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсгэсэн талаар Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлжээ. Мэргэжлийн байгууллагууд энэ мэтээр өдөр бүр янз бүрийн аргаар тухайлбал, зурагт, радио, хэвлэл мэдээлэл, бүр гар утсаар хүртэл иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүлж буй ч осол, зөрчил буурахгүй байна. Энэ бол иргэд ямар ч хариуцлага, стандартгүй байгаагийн бас нэгэн илрэл.

Стандарт гэдгийг бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үзүүлэлт, шаардлагын хэм хэмжээ гэж ойлгох нь дэндүү өрөөсгөл юм. Үнэндээ бол стандарт нь заавал шахаж, шаардуулж байж баримтлах зүйл биш. Хүний сэтгэл, ухамсартай л холбоотой энгийн ойлголт, үйлдэл гэдгийг монголчууд бид хэзээ ойлгох юм бэ. Эцэст нь хэлэхэд, аливаа байгууллага, хувь хүний хөгжил, оршин тогтнох үндэс нь стандарт гэдгийг олон улсын мэргэжилтнүүд тодорхойлсон байдаг. Тэгэхээр бид хүн шиг амьдарч, бусад шиг хөгжиж чадаж байна уу гэдгээ эргэцүүлэх цаг болжээ.

Энд бас нэг зүйлийг ташрамд дурдахад, Японд хийсэн хиймэл оюун ухааны талаарх нэгэн судалгааны тайланд дурдсанаар бол монголчууд нийгмийн сүлжээгээр “тэнэж” явдаг элдэв сонжоо, хоржоонтой тоглоомд хамгийн идэвхтэй оролцдог аж. Ингэснээрээ хувийн мэдээллээ алдаж, хохирох эрсдэлтэй гэдгийг цагдаагийн байгууллагаас мөн л сэрэмжлүүлдэг. Дэлхий нийтээрээ ийм зүйлд сэрэмжтэй хандаж байхад монголчууд маань л гэнэн, гүндүүгүй байгаа нь мөн л ямар ч стандарт, шүүлтүүргүй байгаагийн илрэл гэж болно.

Бэлтгэсэн: Ж.Эрдэнэ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)