Г.Энх-Амар: Би хүн бүрт таалагдах албагүй

Залуу уран бүтээлч AM-C буюу Г.Энх-Амартай уран бүтээлийнх нь тухай ярилцлаа.

-Бие даасан уран бүтээлээ сонсогчдод хүргэж буй. Хөгжмийн аль урсгалыг түлхүү “барьж” байгаа вэ?

-Яг тэр, энэ урсгал гэж туйлшрахгүй. Өөрт таалагддаг зүйлээ л хийж байна.

-Өнгөрсөн гуравдугаар сард “Jenesequa” цомгоо гаргасан. Залуу уран бүтээлч бие даан цомог гаргахад бэрхшээлтэй байв уу?

-Нэг талаас амар байсан. Хэнээс ч хараат бус, зөвхөн өөрийн хүссэнийг хийсэн болохоор тэр. Зөвхөн өөрийн мэдрэмжийг дуу болгон хүргэсэн учраас илүү амттай. Нөгөө талаас мэдээж санхүүгийн асуудал тулгарна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Жи мобайл” компанитай хамтрах гэрээ минь саяхан дууссан.

Асуудал тулгарсан ч нэгэнт эхлүүлсэн ажлынхаа ард заавал гарах ёстой гэж зүтгэдэг зантай болохоор болгоод л байдаг юм. Үүнээс гадна намайг дэмждэг, хамтран ажилладаг уран бүтээлч найз олон бий.

-Аль нэг студи, продакшнд харьяалагдах бодол бий юү?

-Тийм байж үзсэн болохоор одоо бол хүсэхгүй байна. Гэхдээ гэрээ, нөхцөл нь таалагдвал яагаад бодож үзэж болохгүй гэж.

-Дууныхаа шүлгийг өөрөө бичдэг гэл үү?

-Аль болох урнаар бичих дуртай. Сүүлийн үеийн уран бүтээлүүд минь дан хайрын сэдэвтэй. Дундаршгүй энэ сэдвээр бичиж, дуулах гоё. Уянгын, романтик зүйлд дуртай учраас тэгдэг байж магадгүй.

-Хайраас өөр ямар сэдвээр дуулахыг хүсдэг вэ?

-Өмнөх цомогтоо уянгын, зөөлөн аястай дуунууд багтаасан. Харин одоо илүү эрч хүчтэй, цоглог хэмнэлтэй дуу хийж байна. Намайг илэрхийлэх дуунууд минь хүн бүрт таалагдах албагүй. Цөөхөн боловч надтай ижил төстэй мэдрэмжтэй хүмүүст таалагдах байх.

-Дуугаараа сонсогчдод юу хэлж, ойлгуулахыг хүсдэг вэ?

-Аль болох далд утгатай үг сонгож дуундаа оруулахыг хичээдэг. Энэ нь сонсогчдод сонирхолтой. Нэг сонсоод “Юу билээ” гэж дахин сонсоод “Нээрэн, тийм шүү дээ” гэж бодохоор. Бас клипэндээ ч далд санаа шингээхийг хүсдэг.

-Нээрэн, дуунуудаа яагаад дандаа гадаад үгээр нэрлэдэг юм бэ?

-Хамгийн анхны дуугаа “Habibi” гэж нэрлэсэн. Түүнээс хойш гадаад, оносон үгээр нэрлэх нь амар, бас сонирхолтой санагдсан юм.

-Дараагийн цомгоо төлөвлөсөн үү?

-Төлөвлөчихсөн. Гэхдээ тодорхой хугацаа хэлэх амаргүй. Аль болох өмнөхөөсөө өөр, шинэлэг байлгахаар ажиллаж байгаа.

-СУИС-ийг өнгөрсөн онд жүжигчин мэргэжлээр төгссөн гэсэн. Мэргэжлээрээ ажиллаж байгаа юу?

-Багаасаа хүсэж, мөрөөдөж энэ мэргэжлээ эзэмшсэн. Сүүлд “Монгол HD” телевизийн бүтээсэн “Гацуурхан-2” киноны гол дүрд тоглосноос өөр уран бүтээлд ажиллаж амжаагүй байна. Мэргэжлээрэ ажиллахыг хүсэлгүй яах вэ. Гэхдээ хаа хамаагүй, болсон болоогүй зүйлд оролцохыг хүсэхгүй.

-Кинонд тоглуулах санал ирж байна уу?

-Сургуулиа төгссөнөөс хойш хоёр, гурван санал ирсэн. Зохиол нь таалагдаагүй.

-Дууны клип, тоглосон киногоо дэлгэцээр харахад ямар санагддаг вэ?

-Амьдрал баялаг. Гэнэтийн завшаан тохиож би “25 дугаар суваг” телевизийн “Making the band” шоу нэвтрүүлэгт оролцсон. Улмаар хамтлагтай болж, удалгүй ганцаараа уран бүтээл хийж эхэлсэн. Аль аль нь л надад сонирхолтой.

Тайзан дээр дуугаа дуулах үед, камерын өмнө жүжиглэж байхад төрдөг мэдрэмжүүд ч өөр. Тайзан дээр би зөвхөн өөрийнхөөрөө байж, дуундаа орж, мэдрэмждээ хөтлөгддөг.

-АМ-С гэж юу гэсэн утгатай юм бэ?

-Миний нэрний товчлол. Амараа нэртэй олон хүн байдаг шүү дээ. Ялгах гэсэн л санаа.

-Клипүүд тань үргэлжилсэн зохиолтой, богино хэмжээний кино мэт санагддаг. Жүжигчин болохоор клипэндээ илүү ач холбогдол өгдөг үү?

-Клипийг Siente гэж найз минь хийж гүйцэтгэдэг. Сүүлийн үед олон уран бүтээлчтэй хамтран ажиллаж буй авьяаслаг залуу бий. Миний хэлэх гэсэн санаа, хүргэх гэсэн мэдрэмжийг маш сайн ойлгодог болохоор гар нийлдэг. Бид клипний өнгө төрх шийдлээ ярилцаж байгаад л хийдэг дээ.

-Стил имижээ хэрхэн бүрдүүлдэг вэ?

-Хэн нэгнийг дуурайж хувцаслахаас илүү биед эвтэйхнийг сонгодог. Бас аль болох бусдаас содон харагдахыг хичээдэг. Содон байх гоё.

-Цахим хуудсанд байршуулсан клип, бичлэгийнхээ үзэгчдийн хандалт, сэтгэгдлийг анхаарч хардаг уу. Таны аль клипийг хамгийн их хүн үзсэн бэ?

-Сэтгэгдэл уншдаггүй. Би жаахан эмзэг. Хүмүүсийн бүдүүлэг яриа, хараалын үг сонсох дургүй. Тавгүй болчихдог. Харин хэдэн хүн үзсэнийг нь хардаг. “Habibi” дууны клипийг хоёр сая гаруй хүн үзсэн. Ер нь клипүүд минь хандалт сайтай байдагт баярладаг.

-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Нас минь залуу, төлөвлөсөн зүйл олон байна. Гол нь чанартай уран бүтээл хийхийг зорьж байна даа.

-Бие даасан тоглолт хийх бодол байгаа юу?

-Мэдээж бий. Жижиг хэмжээний тоглолтоо жил гаруйн дараа хийх санаатай. Харин бүрэн хэмжээний тоглолтын талаар бодох болоогүй, хаа ч байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)