“Гэгээлэг ертөнц”-д гэрэл нэмдэг театрынхан


Хоёр сар гаруйн хуга цаанд хэт ачаалалтай, шахуу сургуулилалттай байсан залуу жүжигчин жүжгийн нээлт болохын өмнөх орой бие нь гэнэт муудаж, эмнэлэгт хүргүүлжээ. Эмч түүнийг үзээд “Олгой нь хагарах дөхөж. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай” гэж оношилсон ч тэрбээр “Чухал тоглолттой учраас хагалгаанаас татгалзаж байна. Ямар нэг зүйл болбол гомдолгүй” хэмээн өргөдөл бичиж өгчихөөд, амиараа дэнчин тавин театрын тайзнаа гарсан гэдэг.

Өвчин намдаах тарианы ачаар жүжгийнхээ нээлтийг амжилттай дуусгасан залуу орой нь хагалгааны орон дээр хэвтжээ. “Хамт олон минь “Бие нь сайнгүй байхад тайзан дээр гараад хэрэггүй ” гэж эсэргүүцсэн ч би зөрсөөр байгаад жүжигтээ тоглосон. Тоглолтын бүх тасалбараа борлуулаад, урилгаа тараачихсан учраас яаж ийгээд л тайзан дээр гаръя гэж бодсон” хэмээн Монгол Улсын Хүүхэлдэйн театрын залуу уран бүтээлч ярьсан. Үндэсний урлагийн их театр, УДЭТ хэмээх их айлтай хаяа залган орших тус театр мэргэжлийн урлагийн бусад байгууллагатай харьцуулахад хүн хүч дэндүү цөөтэй ч сэтгэлтэй, эрч хүч цалгисан уран бүтээлчдийнхээ ачаар он цагийн хатуу шалгууруудыг туулж ирсэн гэлтэй. Энэ жил түүхт 70 жилийн ойтойгоо золгосон Хүүхэлдэйн театрын “Нэг өдөр”-ийг өнгөрсөн  баасан гарагт сурвалжиллаа. Ингэхдээ хэн нэг уран бүтээлчийг бус, тус театрын уур амьсгалыг өнгө будаг, нэмэлт хачиргүй,  “ориг”-оор нь харуулахыг зорив.


09.30 цаг. Театрт хамгийн түрүүнд уулзсан хүн минь жижүүр С.Саранчимэг. Нэгдүгээр давхарт, үүдтэй залгаа шахам жижгэвтэр модон ширээнд суусан тэрбээр бүртгэлийн цагаан дэвтэрт уран бүтээлчид болон бусад ажилтны ирсэн цагийг нэгбүрчлэн тэмдэглэдэг чухал ажилтай хүн. “Надаас гадна ээлжийн хоёр жижүүр бий. Бид 24 цаг гараад, 48 цаг амрах хуваарьтай” гэв.

Хүүхэлдэйн театрынхан 70 жилийнхээ ойн хүрээнд эрдэм шинжилгээний хурал, гэрэл зургийн үзэсгэлэн, “Үлгэрч эмээ, өвөө” уралдаан зэрэг олон арга хэмжээ зохион байгуулжээ. Н.Мандалын “Нууцын эрэлд” зохиолоос сэдэвлэсэн жүжгийг өдгөө нийслэлийн есөн дүүргийн багачуудад үнэ төлбөргүй толилуулж, ихэвчлэн гадуур тоглолттой байгааг жижүүр эгч онцлов. Харин өнөөдөр (баасан гараг) Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Нацагдоржийн “Бүлтээхэй, дэлдээхэй хоёр” жүжиг 13.00, 15.00 цагаас театрын тайзнаа тоглох хуваарьтай гэнэ.

Хоёрын хоёр тоглолттой гэхэд театр дэндүү нам гүм, хөл хөдөлгөөн багатай байх аж. Нэгдүгээр давхрын зурагтны дуу л энэ нам гүм байдлыг дураар эвдэнэ. С.Саранчимэг миний бодлыг уншсан уу гэлтэй “Ойн арга хэмжээ, аялан тоглолт гээд манайхан ойрд тун завгүй байгаа. 10.00 цаг өнгөрөөсхийгээд ирэх байх” хэмээн тайлбарлав. Тэгснээ бүртгэлийн дэвтрээ харснаа “Нягтлан, нарийн бичиг, менежерүүд ирсэн байна, тэдний өрөөнд орох юм уу” гэж чиглүүллээ.

10.00 цаг. Өмнө нь би энэ театрт гурван удаа ирсэн санагдана. Хоёр тохиолдол нь “Мял богдын намтар”, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “Монгол ардын суут” жүжигтэй холбоотой бол нэг нь Шинэ жилийн үзвэрийн талаар мэдээлэл авах зорилготой. Ингэхдээ үзвэрийн танхим, эсвэл менежерийн өрөө гэсэн маршрутаас хазайлгүй явсан юм. Харин энэ удаа театрын бүх давхарт дураар зорчих “тамга даруулсан”-даа их л маадгар байв. Дуртай газраа саатаж, энэ тэрийг ажиж явсаар гуравдугаар давхарт гарч ирлээ. Маркетингийн менежер Д.Отгонбаяр, найруулагч М.Анхтуяа тэргүүтэй хүмүүс театрынхаа ирэх оны төлөвлөгөөг боловсруулаад тун завгүй хуралдаж байв. Өөрөөр хэлбэл, театрынхан 2019 онд үзэгчдэдээ ямар бүтээл толилуулах вэ гэдгийг тодорхой болгохоор санал солилцож, зөвлөлдөж байсан нь тэр аж.

Найруулагч ширээн дээрээ “Сэтгэлийн чадал”, “Чи ч сайн, би ч сайн”, “Зэгэл биет чалчаахай”, “Эмч чоно гуайн зөвлөгөө”, “Би дүүтэй болмоор байна” зэрэг 20 орчим зохиол тавьжээ. Эдгээрээс 4-5 зохиолыг сонгож, ирэх онд үзэгчдэд хүргэх нь. Тэд “Хувь зохиолчид болон театрын сан хөмрөг дэх бүтээлүүд энд байна. Хэдэн өдөр “ноцолдлоо”. Бид зохиолоо сонгосны дараа Уран сайхны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, батлуулдаг” гэж тайлбарлав. Ерөөс дан ганц эднийх бус, бусад театрынхан ч ийм байдлаар тайзнаа амилуулах бүтээлээ сонгодог гэнэ. Энэ ажлаа тэд “Уншилт хийх” гэж хэлдэг юм билээ.

Зохиол сонгоход найруулагч тайзны бүтээл болгоход аль нийцтэйг чухалчилдаг бол менежер маркетинг талаас нь шинждэг. Тухайлбал, аль зохиол үзэгчдэд илүү хүрэх, “өгөөжтэй” бүтээл болох, ямар дүр хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлэх вэ гэдгийг харгалзан санал оруулдаг аж.

Энэ байгууллагын хамт олон ирэх жил “Бүтээлч театр” болох том зорилт дэвшүүлжээ. Энтертайнмент, ашиг харсан бус, хүүхдийн хүмүүжил, төлөвшилд чиглэсэн медиа бүтээлүүд цувралаар хийхээр хэд хэдэн телевизтэй хамтрах болсон гэнэ. Түүнчлэн хүүхэд багачуудын хайртай, бэлгэдэлт дүр бүтээх зорилго өвөртөлжээ. Тиймээс энэ удаа зохиол сонгохдоо өмнөх жилүүдийнхээс ч ажиллагаатай, нухацтай хэлэлцэж байгааг театрынхан өгүүлсэн.

11.10 цаг. Энэ өдрийн эхний тоглолт нээхэд хоёр цаг хүрэхгүй хугацаа үлдэв. Хамгийн түрүүнд суудлаа эзэлдэг 16 “хүн” үзвэрийн танхимд хэдийн иржээ. Энэ бол танхимын хоёр талын ханан дахь тусгай суудалд заларсан эртний хаан, хатад, ноёд, түшмэдүүдийн дүр бүхий багт хүүхэлдэйнүүд.

Тэдэнд хоёр үйлчлэгч хань болно. Тэд үзвэр бүрийн өмнө нойтон цэвэрлэгээ хийж, үзэгчдээ хүлээн авах бэлтгэл базаадаг аж. Шал, хананаас эхлээд сандлын тоосыг ч арчина. Тэнд таван минут зогсоход л бие арзайж, даарав. Харин хоёр үйлчлэгч ер ажирсан шинжгүй, дуу аялан цэвэрлэгээ хийж байлаа. “Манай театр угаасаа сэрүүхэн. Ес эхлэхээр бүр хүйтэн болно. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хувцсыг өлгүүлэх тун дургүй” гэж тэд хэлэв. Театрын цонхнууд том, түүгээр дулаан их хэмжээгээр алддаг учир жилийн жилд ийм л байдаг гэнэ. 70 жилийн ойн хүрээнд үзвэрийн танхимын ханыг аккустик хавтангаар дулаалж, арай дөнгүүр болгочихоод байгаа нь энэ аж.

Ирэх оноос мэргэжлийн урлагийн байгууллагууд олсон орлогоо өөрийн үйл ажиллагаанд захиран зарцуулах боломж бүрдэх гэнэ. Тэгэхээр Засгийн газар засвар, үйлчилгээнд мөнгө төсөвлөхгүй нь. Энэ боломжийг ашиглан, тус театрынхны хамгийн түрүүнд хийх зүйл нь дулаан хангамжаа сайжруулах гэдгийг менежер Д.Отгонбаяр хэлсэн. Үзэгчдэд дандаа баяр, жаргал бэлэглэдэг тэд энэ мэт бэрхшээлийг сөрөн ажилладаг юм байна.

Биднийг ийн ярилцах зуур гэрэлтүүлэг, дуу болон тайз засал, чимэглэл хариуцсан мэргэжилтнүүд ирж, ажилдаа орцгоов. Жүжигчид ч ганц, хоёроороо цуварсаар.

12.00 цаг. Гэрэлтүүлгийн болон дууны инженер Х.Камесхан, Э.Базарханд нар бэлтгэлээ хэдийн базаажээ. Х.Камесхан тайзны засал, чимэглэл хариуцсан Ц.Мягмарсүрэнд тусална. Жүжигчид ч түүнд боломжоороо тусалж байгаа харагдав.

Ерөөс хүүхэлдэйн театрынхны ажил нэгнээ гэсэн сэтгэлийн дэмээр урагшилдаг гэлтэй. Эднийх 31 хүний орон тоотой. Түүний 11 нь жүжигчин. Зураач, барималч, оёдолчдоос бүрдэх үйлдвэр анги нь гуравхан хүнтэй. Найруулагч, дуу, гэрэлтүүлэг, тайз заслын ажил хариуцсан нэг нэг л хүн байх юм. Үлдсэн нь санхүү, маркетинг, үйлчилгээний ажилтнууд. Ганц хүний нөөцтэй энэ олон чухал албаны нэг нь тайз засал. Үүнийг Ц.Мягмарсүрэн хэмээх бүсгүй ганцаараа хариуцдаг. Нэг харахад тайзан дээр, эсвэл таазанд “дүүлэх” энэ эмэгтэй яг л цахилгаанд залгачихсан аятай хурдан шаламгай. “Жүжигчид маань надад их тусална аа. Тэгэхгүй бол хэцүү. Он гараад тайз заслын нэг хүн нэмж авах юм шиг байна лээ, ашгүй. Гэхдээ би шантардаггүй. Хүүхдүүдийн сайхан энергиэр дороо сэргэчихдэг юм” хэмээн ярив.

Уг нь тэрбээр жүжигчин мэргэжилтэй. Театрт жүжигчний орон тоо байгаагүй учир тайзны засал, чимэглэлчээр ч болов үлдье хэмээн хоргодон хоргодон ажилласаар 13 жилийн нүүр үзжээ.

Тоглолт болохоос дор хаяж 3-4 цагийн өмнө тайзаа засдаг ч энэ удаагийнх харьцангуй ажиллагаа багатай учир аажуу иржээ. Театрын арын алба хариуцсан чухал хүмүүсийн нэг тэрбээр “Хамгийн ажиллагаатай нь “Мял богдын намтар” жүжгийн тайз байсан. Бараг өдөржин ажилласан” гэсэн юм.

12.40 цаг. Театрын арын өрөөнд жүжигчид бужигнаж байв. Найруулагч М.Анхтуяа жүжигчдийг нэгбүрчлэн бүртгэж, хувцас, хэрэгслээ бэлдэж, жин тан болгохыг сануулна. Нэг бүтээл тайзнаа тоглохын тулд 3-4 сар бэлтгэл, сургуулилалт хийж, жүжигчдийг жигдрүүлдэг, тэдний хэлдгээр “гарт оруулдаг” учир тоглолтын өмнө бэлтгэл хийх шаардлагагүй гэнэ. Харин нүүрээ будах, хувцас, хэрэгслээ бэлдэх хариуцлагатай ажилтай.

1992 оноос Хүүхэлдэйн театрт жүжигчнээр ажиллаж байгаад 2009 оноос найруулагч болж дэвшсэн М.Анхтуяа энэ зуурт “Энэ онд манай хамт олон гурван бүтээл үзэгчдэдээ хүргэсний нэг нь “Бүлтээхэй, дэлдээхэй хоёр” гэж мэдээлэл өглөө. Эл жүжигт зургаан жүжигчин тоглодог. Гэвч бусад жүжигчин тайзан дээр гарах хэдийнхээ нүүрийг будах, хувцсыг нь өмсүүлэх зэргээр тусалж байв.

Яг энэ үед хүүхэд багачуудын шуугилдах чимээ хадаж эхэллээ. Бяцхан үзэгчид суудлаа хэдийн эзэлжээ. Авто замын түгжрэл хэмээх төлөвлөгөөт бус “шалгалт”-д унасан гол дүрийн нэг жүжигчин бяцхан үзэгчидтэй уралдан орж ирээд, найруулагчдаа зэмлүүлж байгаа харагдсан. Гэвч хамт олон нь түүнийг дорхноо “хувцаслаад” тавьчихав.

13.00 цаг. Танхимын гэрэл унтарч, “Монгол ардын суут” жүжгийн Д.Нацагдорж, “Мял богдын намтар”-ын Мял богд Шадавдоржийн дүрээр олонд танигдсан жүжигчин Ц.Цэрэндорж хүүхэд багачуудтай мэндчилснээр Хүүхэлдэйн театрын хүрэн хөшиг нээгдлээ. Саяхан хонь, хурга нийлж байгаа аятай шаагилдан, багш нартаа зэмлүүлэн, дэггүйтэж байсан хүүхдүүд нам гүм болов.

13.30 цаг. Бушуухан том болох гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн бүлтгэр, дэлдгэр хоёр туулайн тухай өгүүлэх энэ бүтээл хүүхдүүдэд нөхөрлөлийн үнэ цэн, зөрүүд, шунаг зан ямар урхагтайг ухаж ойлгуулах зорилготой. Тиймдээ ч хоёр туулай алхам тутамдаа бяцхан үзэгчидтэй харилцан ярилцаж байлаа.

“Бүлтээхэй, дэлдээхэй хоёр” жүжигт илбэ, ид шидийн зохиомж давамгайлна. Энэ зохиомжийг тодруулахад гэрэлтүүлгийн маш гайхалтай техникүүдийг ашигласан нь хүүхдүүд байтугай томчуудыг дуу алдуулахаар санагдав. Нар мандах, өдөр шөнө солигдох, ямар нэг биетийг илбийн хүчээр хувиргах үзэгдэл бүрт хүүхдүүд дуу алдаж, “Хөөх”, “Wow” гэж үнэн голоосоо бишрэн баясах аж. Урд эгнээнд суух зарим нь эргэж харан “Эгч ээ одоо яах бол” хэмээн намайг шалгаана. Тэд ингэж л жүжигтээ “орж”, ид шидийн ертөнцөөр аялав.

Жүжиг дуусахад 10 хүрэхгүй минут үлдэхэд найруулагч санаа нь амарсан аятай өрөө рүүгээ явлаа. Тайзны инженер Ц.Мягмарсүрэн болон бусад жүжигчин нөхдөдөө туслах “командтай”, тайзны ард байнгын бэлэн байдалд ажилласаар.

Дуу болон гэрэлтүүлгийн инженерүүд ч жүжгийн үзэгдэл бүрийг анхааралтай ажиглаж, үүрэгт ажлаа хийнэ. Х.Камесхан дуран авай шиг хар төхөөрөмжийн чиглэлийг байсхийгээд өөрчилж, гэрлийн эффектээр наадах бол Э.Базархандын гар яг л хөгжимчнийх шиг хурдан хөдөлж, толгой эргэм олон товчлууруудынхаа шидээр жүжигт хөг аялгуу нэмнэ.

Тайзны бүтээл гэдэг зөвхөн жүжигчид бус, арын алба хариуцсан олон хүний хүчээр амилдгийн тод жишээг ганцхан цаг үргэлжлэх эл жүжгээс илүү тодоор ойлголоо.

14.00 цаг. Эхний тоглолт дуусаж, хөшиг хаагдав. Сэтгэл нь хөдөлсөн багачууд алгаа уйгагүй ташина. Тэд баярласнаа илэрхийлэхдээ томчуудаас ч өгөөмөр юм. Жүжигчид “Хүүхдүүдийн сэтгэл хөдлөл шууд “уншигддаг” учир ямар дүн авснаа төвөггүй мэддэг. Их амар. Ийм гэгээлэг ертөнцтэй ойр ажилладаг бид дэндүү азтай” хэмээн ярьсан юм.

“Номт наран” сургуулийн 1б ангийн сурагч Ц.Амирлан “Би бүдүүн туулайн өмнөөс харамссан. Туранхай мөртлөө илүү туранхай болно гэж шунаад бүр муухай бүдүүн болчихсон” гэсэн бол Н.Мандах “Хэмжээнээсээ ихдүүлж болохгүй гэдгийг ойлголоо. Шар шувууны хоолой гоё санагдсан” хэмээн “Бүлтээхэй, дэлдээхэй хоёр”- оос юу “авсан”-аа хуваалцав.

14.30 цаг. Хоёрдугаар ээлжийн тоглолт 15.00 цагт эхлэх хуваарьтай байсан ч догдолсон үзэгчид эрт цугласнаас жүжигчид бараг амарч амжилгүй дахин тайзнаа гарав. Алга ташилт, сэтгэл хөдлөл үзвэрийн танхимыг халуун элчээр төөнөсөн хэвээр. Түрүүхэн нөмрөг аятай ажлын нимгэн хувцсаар ижилсэн цэвэрлэгээ хийж байсан үйлчлэгчид үзэгчдээ хүндлэн монгол загвартай цэнхэр даашинзаар ижилссэн нь эрхгүй анхаарал татав.

15.00 цаг. Хүүхэлдэйн театрын захирлаар томилогдоод дөрвөн сар болж буй М.Отгончимэг энэ үед ОХУ-ын Буриад Улсын “Үлгэр” театрын удирдлагатай уулзаж байгааг маркетингийн менежер Д.Отгонбаяр дуулгав. Хүүхэлдэйн театрынхан БСШУСЯ, Сангийн яамтай харилцан зөвшилцсөний үндсэн дээр ирэх онд 10-аад уран бүтээлч нэмж авах болжээ.

2016 онд Засгийн газрын тэтгэлгээр хойд хөршид хүүхэлдэйн жүжигчнээр 10 оюутан сургасан юм. Тэдний тав нь одоо “Үлгэр” театрт ажиллаж байгаа бол үлдсэн нь орон тоо байхгүйн зовлонгоор Монголд өөр ажил эрхэлж буй аж. Гадаад, дотоодод ажиллаж буй тэдгээр жүжигчнээ театртаа “шингээх” бодлого баримталж байгааг М.Отгончимэг онцлоод “Одоо энд байгаа уран бүтээлчид маань үнэндээ хүүхэлдэйн мэргэжлийн жүжигчид биш. Бүгд драмынх. Гэхдээ тэд зах зээлийн хүнд үед энэ театрыг авч гарсан. Мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж, хүний нөөцөө сэлбэх, одоогийн жүжигчдээ илүү чадавхжуулахыг зорьж “Үлгэр” театрынханд хамтран ажиллах санал тавьсан юм. Тэд нааштай хүлээж авсан” гэв.

15.40 цаг. “Бүлтээхэй, дэлдээхэй хоёр” дууслаа. Үзэгч багачууд хоёр туулайн тухай ярилцсаар шаагилдан гарч одлоо.

Жүжигчид арын өрөөнд хувцас хунараа солих зуураа дараагийн аялан тоглолтынхоо тухай ярилцана. Тэд маргааш (бямба гараг) “Хүннү молл”-д “Нууцын эрэлд” жүжгээ үнэ төлбөргүй тоглох аж. Харин нөгөөдөр Багахангай дүүргийн багачуудтай “болзоотой”. Найруулагч М.Анхтуяа “Хувцас хунар, жижиг хэрэгсэл, хувийн бэлтгэлээ сайтар базаагаарай. Маргааш эндээс 10.00 цагт нэгдсэн журмаар хөдөлнө шүү” хэмээн бүгдэд үүрэг, чиглэл өгөв. Ингээд тэрбээр Ц.Мягмарсүрэн, Х.Камесхан, Э.Базарханд нартай “Хүннү молл”-ыг зорилоо. Жүжиг тоглох зориулалтын орчингүй, задгай талбайтай учир урьдчилж танилцан, бэлдэхгүй бол болохгүй гэж учирлахаа мартсангүй.

Өнөөдрийнхөө ажлын ард амжилттай гарсан жүжигчид Шинэ жилээр юу өмсөх, ямар гоёл чимэглэл зүүх, аялан тоглолтоо хэрхэн үргэлжлүүлэх гээд элдвийг хөөрөлдөнө. Тэдний ажил дуусжээ.

16.10 цаг. Хүүхэлдэйн театрынхны гол ажлыг нугалдаг нэг алба бол үйлдвэр анги. Тэд тухайн зохиолыг амилуулахад гол үүрэгтэй ч тайзан дээр гардаггүй далд хүмүүсийн нэг. Зохиолын зураг зурах, жүжигчдийн хувцас оёх, хүүхэлдэй урлах чухал ажил тэднийх. Гэвч биднийг тус театрт ажиллах өдөр тэд байсангүй. Ойн арга хэмжээ гээд цаг наргүй ажилласан тэднийг саяхнаас амраачихаж. Жаахан харамсмаар ч менежер Д.Отгонбаяр тэдний өрөөнд орж үзэх эрх олгов. Саяхан комик ном болгосон “Нууцын эрэлд” жүжгээс эхлээд “Бүлтээхэй, дэлдээхэй хоёр”-ын баатрууд энэ өрөөний ханаар “сүлжилдэнэ”. Хувцас, чимэглэл, хүүхэлдэйнүүд ч энд тэндгүй байх аж. Эзэд нь байхгүй учир эд зүйлсэд нь хамаагүй хүрч зүрхэлсэнгүй. Энэ театрын хамгийн замбараагүй, бас хамгийн их ажил буцалдаг өрөө нь үйлдвэр ангийнхных.

16.40 цаг. Жүжигчид болон тайзны бусад мэргэжилтнүүд явжээ. Саяхан бужигнаж байсан театрт нам гүм эргэн “тухлав”. Жижүүр эгч “За, ажил нь дуусчихав уу” хэмээн инээмсэглэсээр өглөө намайг угтсан газраасаа үдлээ. Хүүхэлдэйн театрын хөшигний цаадах “Нэг өдөр” дууслаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)