Гурилын үнийг өсгөх нөхцөл үүсээгүй гэв

гурилын үнэ

Инфляц энэ оны эхний есөн сарын байдлаар 8.9 хувьтай байгаа юм. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сард 1500 төгрөгөөр худалдан авч байсан бүтээгдэхүүнийг бид одоо 1650 төгрөгөөр авахад гайхах зүйлгүй гэсэн үг. Гэтэл сар орчмын дотор зарим нэрийн гурил кг нь 100-150, талхны үнэ 200 хүртэл төгрөгөөр өссөнд иргэд бухимдав. Тиймээс зарим зах, худалдааны төвд талх, гурил, мөн махны үнэ ямар байгааг сонирхлоо.

Аравдугаар сарын эхний байдлаар нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрүүдэд нэг кг-аар савласан “Алтан тариа” гурилын дээд зэргийнхийг нь 1400-1800, нэгдүгээрийг нь 1150-1500, хоёрдугаар зэргийнхийг нь 850-1200 төгрөгөөр борлуулж байна. “Таван эрдэнэ”, Бөмбөгөр, “Баянзүрх” захад 25 кг-аар савласан дээд зэргийн гурилын үнэ 31 000-33 000, нэгдүгээр зэргийнх 28 000-29 000 төгрөгий үнэтэй байгаа юм. Энэ нь “Алтан тариа” компанийн гурил сар орчмын өмнөхөөс кг тутамдаа 100 орчим, 25 кг-аар савласан нь 4000-5000 төгрөгөөр нэмэгдсэн дүн болжээ. “Баянзүрх” захад гурил, будаа, элсэн чихэр борлуулагч С.Гантөмөр “Алтан тариа”-ны гурилын үнэ 10 орчим хоногийн өмнө өссөн. Гэхдээ их дүнгээр бус, дээд болон нэгдүгээр зэрэглэлийн гурилын үнийг кг тутамд нь 100 орчим төгрөгөөр нэмсэн. Бид талбай түрээсэлж ажилладаг тул бүтээгдэхүүний үндсэн үнэ дээр кг тутамд нь 50 орчим төгрөг нэмж борлуулдаг. Эдгээрээс шалтгаалж иргэд гурилын үнийг нэлээд өссөн хэмээн ойлгоод байна. Би энд 6-7 жил гурил, будаа, элсэн чихэр, ургамлын тос зэргийг борлууллаа. Ер нь гурилын үнэ харьцангуй тогтвортой байдаг. Харин ОХУ-аас нийлүүлдэг хөц болон шар будааны үнэ хагас жилийн дотор кг тутамдаа 500-1000 төгрөгөөр нэмэгдсэн” гэсэн юм.

...Гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэр манайд олон байдагтай холбоотой сайн чанарын гурилын эрэлт их, үнэ нь тогтмол өсөх хандлага бий. Мөн сүү, цөцгийн тос болон холбогдох бараа, материалын үнэ нэмэгдсэн тул бид талхны үнээ өсгөсөн...

Гурилын үнэ өссөнтэй холбоотойгоор “Талх чихэр” компанийн үйлдвэрлэдэг зарим талхны үнийг нэмжээ. Тухайлбал, “Мишээл” нэрийн талх 1550 төгрөгөөс 1700-д хүр сэн аж. Зарим зах, худалдааны төвд уг талхыг 1800 төгрөгөөр борлуулж байна. Мөн хөх тарианы гурилын болон өөр талхны үнийг 50-150 төгрөгөөр өсгөжээ. Харин “Атар” талхны үнэд өөрчлөлт оруулаагүйг “Талх чихэр” компанийн Маркетингийн албанаас мэдээллээ. Тус компанийн Маркетингийн албаны мэргэжилтэн “Гурил болон сүүний үнийн өсөлт, зах зээл дэх гурилын хомсдолоос шалтгаалж манай компани зарим нэрийн бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөсөн. Тухайлбал, “Мишээл” талхыг үйлдвэрлэхэд сайн чанарын гурил, сүү зэргийг ашигладаг. Гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэр манайд олон байдагтай холбоотой сайн чанарын гурилын эрэлт их, үнэ нь тогтмол өсөх хандлага бий. Мөн сүү, цөцгийн тос болон холбогдох бараа, материалын үнэ нэмсэн тул бид талхны үнээ өсгөсөн. Гэхдээ үйлдвэрээс зарим бүтээгдэхүүний үнийг хамгийн ихдээ 150 төгрөгөөр л нэмсэн” хэмээн ярив. Үйлдвэрлэгч зарим бүтээгдэхүүнийхээ үнийн өсөлтийг гурилын үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. 

Гурилын үнэ ямар шалтгаанаар өссөн байж болохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодруулахад “Аж ахуйн нэгжүүд гурилын үнээ нэмэх шалтгаан үүсээгүй гэж болно. Тодруулбал, энэ зун шатахууны үнэ тогтвортой байсан. Мөн гурилын үйлдвэрүүдийг хямдавтар түүхий эдээр тасралтгүй хангах, тариалан эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд дотоодын үйлдвэрт тушаасан нэг тонн буудай тутамд урамшуулал олгодог журам хэрэгжсэн хэвээр байгаа. Өнгөрсөн жил хүн амын гурилын хэрэгцээг бүрэн хангах хэм жээний буюу 280 000 орчим тонн буудай ны тонн тутамд 50 000 төгрөгийн урамшуулал олгосон. Энэ жил урамшууллын дүнг 100 000 төгрөгт хүргэхээр төлөвлөсөн ба энэ оны эцсээр олгоно. Үйлдвэрүүдэд 250 000-300 000 тонн буудай нийлүүлэх болов уу” хэмээн ярив.

Тэгвэл сүүг ямар үнээр борлуулж буйг сонирхлоо. Нийслэлийн Статистикийн газраас гаргасан өргөн хэрэглээний барааны үнийн өнгөрсөн есдүгээр сарын судалгаанд наймдугаар сарынхтай харьцуулахад ургамлын тос, элсэн чихэр, цагаан будаа, өндөг, шатахууны үнэ тогтвортой байсныг дурджээ. Харин хонь, үхрийн мах, хүнсний ногооны өртөг буурч, сүүний үнэ нэмэгдсэн гэсэн байв. “Сүү” компанид савласан нэг литр сүүг одоогоор 2650-2800, 0.5 литрийг нь 1100-1300 төгрөгөөр борлуулж байна. Мөн задгай сүүг литрийг нь 1200-1400 төгрөгөөр зарж байгаа юм. Энэ нь үйлдвэрийн аргаар савласан сүү наймдугаар сарынхаас литр тутамдаа 50-80, задгай нь 50-100 орчим төгрөгөөр өссөн дүн гэдгийг борлуулагчид нь хэлсэн юм. Баянгол дүүргийн “Таван эрдэнэ” захаар үйлчлүүлэгч Г.Хүрэлхүү “Миний анзаарснаар “Сүү” компанийн нэг литр сүүний үнэ хоёр жилд бараг 500 орчим төгрөгөөр нэмэгдсэн. Манайх өндөр настан, нялх хүүхэдтэй айл тул тогтмол сүү авдаг” гэсэн юм.

Харин есдүгээр сард үнэ нь буурсан бүтээгдэхүүнд махыг оруулжээ. Нийслэлийн Статистикийн газрын судалгаа болон махыг жижиглэн борлуулагчид нь хэлж байна. Өчигдрийн байдлаар “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Барс” захад нэг кг хонины махыг 8000-9000 төгрөгөөр борлуулж байлаа. Үхрийн мах ястайг нь 10 000-11 000, цулыг нь 12 000-13 000 төгрөгөөр худалдаж байв. Харин адууны мах кг нь 8000 төгрөг байсан юм. Энэ нь наймдугаар сарынхтай харьцуулахад үхэр, хонины ястай болон цул мах нэг кг нь 1000 орчим төгрөгөөр хямдарсан, адууны махны үнэ тогтвортой байсан дүн гэдгийг борлуулагчид нь хэлэв. “Барс” захад махны худалдаа эрхлэгч Ц.Наранчимэг “Махны үнэ төдийлөн буурахгүй байгаад иргэд шүүмжлэлтэй байна. Ер нь 2017 оны хавраас махны нийлүүлэлт эрс багассан. Жижиглэнгээр борлуулагч бид махны кг тутамд 200-400 төгрөг нэмж зардаг. Чанартай, тарган мах олж борлуулах амаргүй байна” хэмээн ярив.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)