Гурван үеийн багш нарын хамтарсн үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө

Мэргэжлийн боловсролын ууган сургуулиудын нэг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл-Урлалын Политехник Коллеж 1966 онд анх Ардын урлал, Үндэсний хувцас, Оёдол эсгүүр, Нягтлан бодох бүртгэл, Үндэсний гутал, гөлөмний эсгүүр, Дизель ба модны суурь машины засвар, Дизель цахилгаан, Уран дархан, Монгол дархны ангид 170 сурагчтай үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 32 мэргэжлээр 44 мянган мэргэжилтэй ажилчин бэлтгэн хагас зуун жилийн түүхийн хуудсаа эргүүллээ. Сургуулийн хамт олон сургалт-үйлдвэрлэл-арга зүйн судалгаа хийн, шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөөр шаталсан сургалт явуулж ур чадвараараа дэлхийн нийтлэг жишигт нийцэхүйц, зах зээлийн нийгэмд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэн гаргаж байна.

Түүхт 50 жилийн ойгоо угтаж Дүрслэх урлаг, урлал дизайны гурван үеийн багш нарын үзэсгэлэн зохион байгууллаа. 
Тус сургуулийн Уран сийлбэрийн анхны багшаар Монгол Улсын ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн сийлбэрч Л.Чуваамид, Уран баримлын багшаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, барималч Д.Дамдимаа, Монгол дархны багшаар уран дархан Д.Нямхүү нар тус тус ажиллаж байсан. 
1995 оноос Уран зураг, Гобелен, Арьсан урлал, Металл урлал, Чимэглэх урлаг, Хувцас дизайн, Үйлдвэрлэлийн график дизайн, Монгол зураг, Керамик гэсэн дүрслэх урлагийн мэргэжлийн 9 анги шинээр нээгдсэнээр өнөөгийн сургалтын чиглэл тавигдсан бол эдүгээ Дүрслэх урлагийн 11 мэргэжлээр анхан болон дунд шатны сургалт явуулж байна.
Энэ сургуулиас анхны гараагаа эхэлсэн үе үеийн шилдэг уран бүтээлчид улс эх орныхоо соёл урлагт жинтэй хувь нэмэр оруулж явна. Тухайлбал, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт зураач Ц.Ойдов, Монголын дархчуудын холбооны тэргүүн, уран дархан Н.Ихтөр, Монгол Улсын гавьяат сийлбэрч Г.Цогбаяр, ОХУ-ын Репиний нэрэмжит Уран зургийн академийн багш Б.Отгонтүвдэн нарын олон төгсөгчийнхөө амжилт бүтээлээр бид бахархдаг.

Монголын уран зургийн галерейд дэлгэгдсэн эл үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)