“ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛҮҮЛЭХГҮЙ” гэсэн сайдын “мөрөөдөл” биелэхгүй нь

Улаанбаатарыг зорих иргэдийн цуваа тасрахгүй байгаагаас өнөө үед нийслэлд сургууль цэцэрлэг хүрэлцэхээ больсон. Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 180 орчим бүлэг гурван ээлжээр хичээллэж, цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 20 хувь нь сугалаанд азгүйтсэнээс гэртээ хүмүүждэг гэсэн статистик бий. Тиймээс Засгийн газраас “Хүүхэд бүрийг цэцэрлэгт”, “Гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжтэй болгох” зорилт дэвшүүлж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ)-ны тэргүүлэх ажлуудын нэг болсон. Мөн 2020 он гэхэд 100 сургууль, 130 цэцэрлэгийн барилга барьж, өргөтгөнө хэмээн амласан. Шинэ 100 сургууль, 130 цэцэрлэгтэй болоход хагас жил хүрэхгүй хугацаа, хүүхэд бүр цэцэрлэгтэй, гурван ээлжээр хичээллэхгүй болоход ганцхан сарын хугацаа үлдээд байна.

Энэ онд улсын хэмжээнд нийт 377 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 125 сургууль, 179 цэцэрлэгийн барьж, өргөтгөж буй аж. Үүнээс нийслэлд 30 сургууль, 75 цэцэрлэгийн барилга, өргөтгөлийн ажил хийж буй юм байна. Энэ онд 18 сургууль, 35 цэцэрлэг ашиглалтад оруулах аж.

Жил бүр энэ мэтчилэн тоо томшгүй олон тоо хэлж, сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлнэ гэсээр өдий хүрлээ. 2018 оны улсын төсөвт суулгаснаар энэ онд 28 сургууль, таван спорт заал, 36 цэцэрлэгийн барилга, өргөтгөлийг ашиглалтад оруулах ёстой. Гэтэл эдгээрээс тоотой хэдхэн нь ашиглалтад орох гэнэ.

Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд 21, 75, 19 дүгээр сургуулийн барилгыг буулгаж, шинээр барихаар төлөвлөсөн. Төд удалгүй нийслэлийн 75, 21 дүгээр сургуулийн барилгыг буулгасан. 75 дугаар сургуулийг олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын буцалтгүй тусламжаар барьж байна. Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо “Барилгын ажлыг Японы Засгийн газар хариуцсан бөгөөд ажил нь төлөвлөгөөний дагуу явж байгаа. 2020 онд буюу төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулна” гэх товч хариулт өгсөн юм.

Хан-Уул дүүрэгт байрлах 75 дугаар сургуулийн барилгын ажлын явц

Баянгол дүүрэгт байрлах 19 дүгээр сургуулийн сурагчид өнгөрсөн хугацаанд “айлын хаяа” бараадсан ч шинэ сургуультай болох мөрөөдөл нь биелээгүй хэвээр. Учир нь өнгөрсөн жил тус сургуулийг шинэчлэх сургаар сурагчид нь ийнхүү “айлын хаяа” бараадах болсон. Тус сургууль 1300 орчим сурагчтай, сургуулийн хоёр барилгатай гэнэ. Бага сургуульд 800, нөгөөд нь 500 орчим сурагч суралцдаг аж. Ахлах, дунд ангийнхан хичээллэдэг сургуулийн I байр нь 1956 онд ашиглалтад орсон бөгөөд нийт 320 хүүхдийн багтаамжтай байсан аж. I байрт хичээллэдэг ахлах, бүлгийн сурагчид ерөнхий боловсролын 42 дугаар сургуульд, дунд бүлгийнхэн нь “Монос” дээд сургуулийн “бөөрөнд” наалдаж өнгөрсөн хичээлийн жилийг арай ядан давжээ. Уг нь энэ онд багтаан ашиглалтад оруулах ёстой сургуулийн барилгыг одоо л буулгах сураг сонсогдов. БСШУСЯ-наас хэд дахин тендер зарласан ч “Улсаас гаргах мөнгө нь хүрэлцэхгүй” гэх шалтгаанаар ажил гүйцэтгэх компани олдохгүй өдий хүрсэн талаар тус сургуулийн захирал Р.Өлзийбаяр хэлсэн юм. Тэрбээр “Удахгүй сургуулийн хуучин барилгыг нь буулгах сурагтай. Ямар компани шалгарснын мэдэхгүй юм” гэлээ. Ашиглалтад оруулах хугацаа нь тулчихаад байхад хуучныгаа ч буулгаагүй байгаа тус сургуулийг шинэчлэх компани олдсон нь баярлууштай хэрэг. Гэсэн ч 19 дүгээр сургуулийн хүүхдүүд дахиад л өөр сургуулийн гаргаж өгсөн анги танхимд гурван ээлжээр хичээллэх нь.

Гурван ээлжээр хичээллэж, сурагчид нь бараг шөнө дүлээр тардаг сургуулиудын нэг бол Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байрлах 71 дүгээр сургууль. 1300 гаруй сурагчтай тус сургуулийн барилгыг 1.5 тэрбум төгрөгийн төсвөөр өргөтгөж, 320 хүүхдийн суудал нэмэхээр газрыг нь шийдсэн. Хөрөнгийг нь ч 2018 оны төсөвт суулгасан байж. Гэтэл одоо хүртэл ганц хадаас ч хатгаагүй. 71 дүгээр сургуулийн захирал С.Нямгэрэлээс энэ талаар тодруулахад “Өнгөрсөн хугацаанд хоёр удаа тендер зарласан боловч нэг ч компани оролцоогүй. Тендерийн тухай хуульд хоёр удаа тендер зарлаад компани оролцоогүй тохиолдолд байгууллагатай тохиролцох ёстой байдаг. Энэ нь барилгын компаниуд руу хүсэлт илгээнэ гэсэн үг. Сургуулийн өргөтгөлийн барилга бариулах тендерт компани оролцоогүй учраас одоо барилгын компаниуд руу хүсэлтээ илгээсэн байгаа. Үүнээс үр дүн гарахгүй бол өргөтгөл барих асуудал өнгөрнө гэсэн үг” гэлээ. Тиймээс тус сургуулийн сурагч, багш нарт нааштай хариу өгөх компани олдоосой хэмээн залбирахаас өөр аргагүй болжээ.

Олон ажлын дундаас сайн нь ч бийг дурдахгүй өнгөрч болохгүй. Сонгинохайрхан дүүрэг, Орбитын тойргийн хажууд байрлах 106 дугаар сургуульд 640 хүүхдийн багтаамжтай өргөтгөл барьсан нь бусдыгаа бодоход нүдэнд харагдаж, гарт баригдах бодит жишээ. Энэ онд сургууль, цэцэрлэгийн барилга, өргөтгөлийн ашиглалтад оруулах урт жагсаалтаас биеллээ олсон цөөхөн ажлын нэг нь энэ. Урлагийн заалгүй, гурван ээлжээр хичээллэж байсан тус сургуулийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулснаар хоёр ээлжээр хичээллэх боломжтой аж. Дөрвөн давхар тус барилгын бүх цонхыг суурилуулжээ. Харин гадна фасадын ажлыг эхлүүлэх гэсэн боловч бороо их орсноос түр зогсоосон талаар ажилчид нь хэлсэн. Тус барилга нь 25 танхимтай, дөрөвдүгээр давхарт нь урлагийн заал барьсан аж. Энэ хичээлийн жил эхлэхээс өмнө ажлаа дуусгах төлөвлөгөөтэй юм байна.

Мөн Чингэлтэй дүүргийн 33 дугаар цэцэрлэгийг шинэчлэн барьж, энэ онд ашиглалтад оруулах ёстой. 240 хүүхдийн ортой тус цэцэрлэгийн барилгыг барьж дуусжээ. Ирэх сарын 5-нд Улсын комисс ажиллах гэнэ.

Энэ мэтчилэн ашиглалтад орж буй нь бий ч дээр дурдсан 71, 19 дүгээр сургууль шиг мөнгө, газар байгаад ч өргөтгөж, шинэчилж чадахгүй байгаа барилга цөөнгүй. Тэнд сурч буй хүүхдүүдээ энэ жил дахиад л гурван ээлжээр хичээлүүлэхээс өөр арга алга, Ё.Баатарбилэг сайд аа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)