"Гурван эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байна"

Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх эвслээс УИХ-ын гишүүдэд хандан ажлын байрны бэлгийн дарамтыг зогсооход чиглэсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийг шаардан мэдээлэл хийлээ. 

Тухайлбал, ажлын байрны бэлгийн дарамт үйлдсэн этгээдэд оновчтой хариуцлага оногдуулах, ял шийтгэх асуудлыг Эрүүгийн хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулинд оруулахыг шаардав. 

Шаардлагыг Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаа уншиж танилцууллаа. Тэрбээр "Монгол Улсын Их Хурлын гишүүн та НҮБ-ын "Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах" тухай олон улсын гэрээгээр охид, эмэгтэйчүүдийн эрхийг хангах, ялгаварлах хэвшмэл ойлголтыг устгахад тууштай арга хэмжээ авах үүрэг хүлээсэн. 

Улс төрийн болон үйлчилгээний алба, хувийн хэвшлийн байгууллагад ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн этгээдэд хэн, ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй, хуулийн зохицуулалтгүй байгааг УИХ-д өргөн мэдүүлсэн. Улс төрийн өндөр албан тушаалтан бэлгийн дарамт үйлдсэн тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлага Төрийн албаны тухай хуульд дурдагдаагүй байгаа нь ялгаварлан гадуурхсан хэрэг тул зайлшгүй өөрчлөх шаардлагатай байгааг бид өмнө нь анхааруулсан. 

УИХ-ын гишүүн та олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүрэгтээ хариуцлагагүй хандаж ирсний улмаас охид, эмэгтэйчүүд бид Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөтэй амьдрах, зохистой хөдөлмөрлөх эрхээ эдэлж чадахгүй, ажлын байрны бэлгийн дарамтад өртөж, эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр хүнд болон эдийн засгийн хохирол амссаар байна. 

Өнөөдөр гурван эмэгтэй тутмын нэг нь ажил, сургуулийн орчинд эрх мэдэл бүхий албан тушаалтан, хамтрагчдынхаа зүгээс бэлгийн дарамт шахалтад өртөж байна. Ажлын байрны бэлгийн дарамтын хохирогчдын 97.5 хувийг эмэгтэйчүүд, 2.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. 

Ажлын байрны бэлгийн дарамт нь хүний эрхэм чанар, нэр төрийг үл тоон үгүйсгэдэг, хүний бэлгийн халдашгүй эрх чөлөөнд халддаг, хүнийг хүйсээр ялгаварлан гадуурхдаг, хор хөнөөл учруулж байдаг зүй бус гэмт үйлдэл тул хуулиар хориглох, оновчтой хариуцлага оногдуулах асуудлыг Эрүүгийн хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулинд оруулахыг шаардаж байна" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)