Гурван цэцэрлэг барих мөнгийг хүүхэд харах үйлчилгээнд зарцуулжээ

Энэ хичээлийн жилд 47 мянга гаруй хүүхэд цоожтой хаалганы цаана үлдэв. “Өнгөрсөн онд 53 мянган хүүхэд цэцэрлэггүй хоцорсон бол энэ удаа цөөрсөн” гэж харьяа яамныхан нь цохон тэмдэглэсэн. Уг нь 47 мянгуулаа байтугай ганц хүүхэд л цэцэрлэггүй үлдэнэ гэдэг асуудал байлтай. Улсын хэмжээнд 1443 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж буйгаас 890 нь төрийнх өмчийнх. Эдгээрт урьдчилсан байдлаар 260 гаруй мянган хүүхэд хамрагдаж буй.

Гэвч цаана нь дээрх тооны хүүхэд гэртээ үлдэж байгаа юм. Манай улс сургуулийн өмнөх насны хүүхдүүдээ цэцэрлэгт бүрэн хамруулж чадахгүй гэдгээ аль эрт хүлээн зөвшөөрсөн. Тиймдээ ч 2015 онд Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль баталж, Засгийн газраас Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам гаргасан билээ. Харамсалтай нь, эдгээр төв нэрнээсээ эхлээд л хүүхдэд боловсрол олгох, хөгжүүлэх бус, харах буюу эцэг, эхийг нь ажил хийлгэхийн тулд түр аргалах зорилготой байв.

Хүүхэд харагчид тавигдах шаардлагаас л энэ нь илэрхий харагдана. Тодруулбал, хүүхэд харагч нь Монгол Улсын иргэн, 18-65 настай байх, бүрэн дундаас дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдсан, бага насны хүүхэдтэй харилцах арга, туршлага эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэрэг шаардлага хангах ёстой. Гэвч тэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж буй, эсэхийг хянадаг газар үгүй.

Улсын хэмжээнд 439 төв үйл ажиллагаа явуулж, 4952 багачуулыг хамруулж буйгаас 139 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд. Тэднийг 1010 хүүхэд харагч асарч тойлно. Гэвч тэдгээр “багш”-ийн дөнгөж 41 хувь нь дээд, 53 хувь нь бүрэн дунд, 5.8 хувь нь бүрэн бус дунд боловсролтой байх юм. Лам олдохгүй бол буцахдаа зална гэдэг шиг цэцэрлэггүй үлдсэн багачуулыг гэрт нь цоожилж, элдэв эрсдэлд оруулж байснаас л дээр гэсэндээ эцэг, эхчүүд арга буюу уг төвийг барааддаг.

Гэвч тэнд хамрагдаж буй хүүхдүүдийн ар гэрийнхэн нь амьдралын боломж муутай, ихэвчлэн оюутан залуус байдаг тухай нэгэн эх сурвалж хэлсэн юм. Тиймдээ ч хүүхэд харагч нар “Бид сарын төлбөрөө цаг тухайд нь авч чаддаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй болон амьдралын боломж муутай хүүхдүүд явдаг учраас өгсөн мөнгийг нь авдаг” гэж өөрсдийгөө өмөөрдөг аж. Ингэж хэлж буй хүмүүс хүүхдийг хөгжүүлэх талаар боддог ч үгүй биз. Анхнаасаа хөгжүүлэх бус, харах үүрэгтэй гээд хуульдаа заачихсан учраас тэднийг буруутгах ч аргагүй юм.

Хүүхэд харах үйлчилгээний төвүүд хувийн цэцэрлэг шиг өндөр өртөгтэй биш ч тодорхой хэмжээнд төлбөр авахын зэрэгцээ улсын төсвөөс хувьсах болон хүүхдийн хоолны мөнгө авдаг. Өнгөрсөн онд хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд 4.3 тэрбум төгрөг олгосон бол энэ жил 6.5 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Үүний 3.3 тэрбумыг нь олгосон байна.

Жилд хүүхэд харах үйлчилгээний 439 төвд 6.5 тэрбум төгрөг олгож буй нь чамлахаар мөнгө биш ээ. Гурван цэцэрлэг барих хэмжээний хөрөнгө юм. 150 орчим хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барихад 1.8-2 тэрбум төгрөг төсөвлөдөг гэдэг. Цэцэрлэгтэй болбол хүүхдүүд илүү аюулгүй, эрүүл орчинд хууль ёсны дагуу сурч хөгжих боломжтой. Энэ үйлчилгээтэй холбоотой хүүхдийн эрх, ашиг хөндөгдөж буй учраас хэн дуртай нь өөрийн орон гэрээ зайчлаад хэдэн хүүхэд хараад суух нь тийм ч зөв шийдэл бишийг цаг хугацаа харуулж байна.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдсанаас хойш буюу 2015 оноос л иргэдийн дунд хүлээлт үүссэн. Сугалаанд “азгүйтсэн” багачуулын аав, ээж ийм төвийн үйл ажиллагаа хурдан эхлэхийг хуруу даран хүлээж байв. Гэвч тэдгээр төв стандарт шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ багш нарын цөөнгүй нь эрчүүд, ажлын байрандаа архидан согтуурсан гээд таагүй мэдээлэл чих дэлсэх болсноор тэдэнд итгэн хүүхдээ даатгах хүн цөөрсөн байна.

Дулаан газар, харах хүнтэй орхих нь гэртээ цоожилсноос л хавьгүй дээр учир арга ядсандаа энэ төвүүдэд хүүхдээ өгч буй. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамрагдаж байгаа нь сайшаалтай ч хоёр настай хүүхэдтэй ямар нэгэн эмгэгтэй 10-аад насныхан хамт хүмүүжнэ гэдэг бодох л ёстой асуудал болжээ.

Хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн орчин нөхцөлийг сайжруулах, хүүхэд харагчдыг чадавхжуулах шаардлага урган гарсаар л байна. Зөвхөн хүүхэд хараад суух бус, хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг хаана хаанаа хүлээн зөвшөөрч буй. Тиймдээ ч өнгөрсөн нэгдүгээр сараас хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой асуудал БСШУСЯ-ны харьяалалд шилжсэн.

Хүүхэд ямар ч орчинд сурч хөгжих эрхтэйгээс бус, гэдэс цатгалан, мөр бүтэн л байвал тэдний хэрэгцээ хангагдчихдаг биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг. Хүүхэд харах үйлчилгээний төвүүд үйл ажиллагаагаа явуулаад гурван жил болж буй ч нөхцөл, байдал төдийлөн сайжирсангүй. Хүүхэд харагч нар хичээлийн жил эхлэхээс өмнө эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаагүй, замын хөдөлгөөн, дуу шуугиан ихтэй гудамжинд ойрхон байрласан, усны чанар, аюулгүй байдалд жилд хоёроос доошгүй удаа шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулаагүй, хүүхдийн суултуур нас, онцлогт нь тохироогүй, хүрэлцээгүй, цэвэрлэгээ, ариутгалд хэрэглэж буй бодис нь баталгаагүй, зөв найруулж хэрэглэдэггүй, улирал тутамд шавж, мэрэгчдийг устгадаггүй зэрэг зөрчил илэрчээ.

Эдгээр нь хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлагыг хангахгүй байна гэсэн үг. Мөн ихэнх нь мэргэжлийн тогоочгүй, хоол хүнс нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийг дэмжихгүй, шим тэжээл муутай байжээ. Хүүхэд харагчид өндөр насны тэтгэвэрт гарах, жирэмсний амралт авах, өвчний улмаас болон өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөгдөх үед оронд нь ажиллах шаардлага хангасан, хүүхэд харагчийн гэрчилгээтэй иргэд байдаггүй талаар БСШУСЯ-наас дүгнэлт гаргажээ. Мөн дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсээс хүүхэд харагч нартай байгуулсан хамтран ажиллах гэрээний жилийн хугацаа нь бүгд дууссан байна. Зардлын санхүүжилт болон тайлангаа Засгийн газрын 2016 оны 242 дугаар тогтоолд заасны дагуу гаргахыг харьяа яам нь анхааруулжээ.

Уг үйлчилгээний талаар БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга Г.Дуламжаваас тодруулахад “Энэ хичээлийн жилд 2-5 насны 260 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой гэсэн урьдчилсан тооцоолол гарсан. Энэ нь цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 83.2 хувийг л хамруулсан үзүүлэлт юм. Ирэх онд 85 цэцэрлэг барьж, 14 мянган хүүхдийг хамруулахаар ажиллаж байна.

Төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгээс гадна хүртээмж сайжруулах томоохон ажил нь хүүхэд харах үйлчилгээ. Тэдний санхүүжилтийг цаг тухайд нь олгож байгаа. Манай яамнаас хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих журам боловсруулсан. Үүний хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр хүүхэд харагч нарыг чадавхжуулах сургалтыг аравдугаар сард зохион байгуулах юм.

Хүүхэд харагчдаас 415 нь л дээд боловсролтой байгаа нь хангалтгүй үзүүлэлт. Бид нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 143 хүүхэд харах үйлчилгээний төвийг шалгасан. Хууль эрх зүйн орчин нь бүрдсэн ч мэргэжлийн багш ховор байна. Тиймээс бид хүүхдийг хөгжүүлэх талаар гурван үе шаттай сургалт явуулахаар журамдаа тусгалаа. Үйл ажиллагаа эрхлэх гэрээний хугацаа нь дууссан төвд гэрчилгээг нь баталгаажуулах эрхийг тухайн орон нутагт нь шилжүүлсэн. 2018 оны төсөвт хүүхэд харах үйлчилгээнд 6.5 тэрбум төгрөг төсөвлөсөн учраас энэ жил шинээр төв байгуулаагүй.

Хүүхдийн хоолны илчлэг, шим тэжээлийг сайжруулахын тулд судалгаа явуулж байна. Өдрийн цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны мөнгө 1650 төгрөг. Энэ мөнгийг нэмэгдүүлэхийн тулд эцэг, эхээс гаргуулахаар судалж буй. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд “Хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хувийг эцэг, эх гаргана” гэж тусгасан. Гэвч одоо болтол хэрэгжүүлэхгүй байгаа. Эрүүл мэндийн яамтай хамтран манай мэргэжилтнүүд хүүхдийн хоногт авах ёстой хоолны илчлэг, тэжээлийн хэмжээг баталлаа.

Үүний хүрээнд хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ ч бас хүүхэд харах үйлчилгээний төв хамрагдаж буй багачуулд хамаатай” гэв. Цэцэрлэгийн нэг хүүхэд өдөрт 1650 төгрөгийн хоол идэж буй нь илчлэг, тэжээлээ бүрэн авч чадахгүй байгаа учраас эцэг, эхээс нэмж 850 төгрөгөөр татахаар судалж буй аж. Тусгай болон 24 цагийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг хоногт 3500 орчим төгрөгөөр тооцох гэнэ.

Манай улс “Хүүхэд бүр цэцэрлэгт” гэсэн сайхан нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж буй гэдэг. Гэвч бодит байдалд 47 мянга гаруй хүүхэд хаалганы цаана үлдэж, 23 хороо цэцэрлэггүй, 5000 орчим хүүхэд “Хүүхэд харах үйлчилгээ” гэсэн албан нэртэй албан бус сургалтад өдөр хоногийг өнгөрүүлж байна. Боловсролын асуудалд гал унтраах төдийгөөр хандах бус, ирээдүйн үрсийнхээ төлөө хүүхэд бүрийг цэцэрлэгт хүмүүжүүлэхэд хөрөнгөө харамгүй зарцуулах хэрэгтэйг жил бүрийн есдүгээр сарын 1-нд цоожтой хаалганы цаана үлддэг олон багачууд сануулсаар байна. Түүнчлэн өнгө будаг сайтай сургууль, цэцэрлэгээс илүү газар хөдлөлтөд тэсвэртэй, ганц зуны бороонд дусаал гоожин, хана, тааз нь нурчихгүй барилга барих ёстойг түмний мөнгийг салхинд хийсгэсэн, чанаргүй барилгууд бэлхнээ харуулж байна.

Байгууллага бүр дэргэдээ цэцэрлэгтэй болох шаардлага өдрөөс өдөрт урган гарсаар. Хүнээ ажиллуулахдаа хүүхдэд нь гэсэн ч санаа тавьж, нэг бус байгууллага дэргэдээ цэцэрлэг байгуулсан нь сайшаалтай. Гэвч энэ нь хангалттай бус. Үндсэн хуульд заасанчлан суурь боловсролыг үнэ төлбөргүй олгох эрхийг нь хүүхэд бүрт эдлүүлж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг хангалттай болгосныхоо дараа харьяа яам болон эрх бүхий албан тушаалтнууд “Хүүхдийн төлөө ажиллалаа” гэж ам бардам хэлээсэй билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)