Гурван цагийн зөрүү

Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр гэж юуг хэлээд байна вэ? Агуулга нь хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирч байна уу? Сурах бичгийн цаас нь стандартад нийцдэг үү? Хүүхэд бүр номтой юу? Жин, агуулга, үг, үсэг, найргуулга нь цөм хөтөлбөртэйгөө уялддаг болов уу, бүү мэд. Яг үнэндээ, энэ бүхэн манай сайд, дарга нар, томчуудад тийм ч сонин биш. Эрх баригчдад сурах бичгийн цаас, агуулга ярьж, “жижгэрч” суух зав байхгүй. Хорт утаа, хөрсний бохирдол, уул уурхай, улс төрийн намуудын хагарал, ЖДҮХС гээд тэдний байлдах талбар том. Тэд энэ талбартаа хөнжилдөө орох завгүй шахам хөөрөн маргалдаж суугаа тул хөөрхий ардынхаа зовлонг харахтай манатай. Гэвч “Өнөөдөр” сонин сурагчдын цүнхийг хөнгөртөл, сурах бичгийн цаасыг нимгэртэл, агуулгыг нь сайжиртал, алдааг нь застал, ачааллыг нь бууртал хүүхдийн төлөө дуу хоолойгоо хүргэсээр байх болно.

Энэ удаа бид хоёр өөр орчинд сурч буй монгол хүүхдүүдийн ялгааг харуулахыг зорилоо. Монгол, БНСУ-ын ерөнхий боловсролын сургуулийн орчин, сургалтын чанар, хүүхдүүдийнх нь сурлагын амжилт, ачаалал, цүнхний жин зэргийг харьцуулахын тулд бага ангийн хоёр сурагчийг сонгон, нэг өдрийнх нь “ажил”-ыг сурвалжилсан юм. Манай хоёр улсын хооронд нисэж очих хугацаа ердөө гуравхан цаг. Хүн амын тоо, эдийн засгийн хөгжлөөрөө тэнгэр, газар шиг зөрүүтэй ч дэлхийн боловсрол эзэмших эрх хүүхэд бүрт нээлттэй, секундийн ч хоцрогдол байх ёсгүй хэмээн бодном.

МОНГОЛД

“Сургуульд сурах гоё. Монгол хэл, тооны хичээлээ сайн сурахгүй бол бүр ч болохгүй. Том болоод байр авахдаа ам метрийг нь тооцож чадахгүй, хүнд хууртчихна шүү дээ” хэмээн хэвлүүхэн ярих охиныг С.Азбилэг гэдэг. Тэрбээр нийслэлийн 24 дүгээр сургуулийн 4д ангид суралцдаг. Ам бүл долуулаа, айлын дундах нь учраас их хэрсүү, ухаалаг юм билээ. Хоёр эгч нь өрх тусгаарласан учир С.Азбилэг хичээлийнхээ хажуугаар дүү нараа асарч, ээж, аавдаа туслахдаа хэзээ ч түүртдэггүй гэсэн.

24 дүгээр сургууль 3000 гаруй хүүхэдтэй, гурван ээлжээр хичээллэдэг. С.Азбилэгийн анги III ээлжид буюу 14.40 цагт ордог юм байна. Хонх дуугарч, хүүхдүүд ч ангидаа оров. Эднийх 43 сурагчтай, сургуульдаа бас ч гэж цөөхөн хүүхэдтэйд тооцогддог. С.Азбилэг бид хоёр хичээлдээ суунгаа жаргал, зовлонгоо хуваалцаад амжсан. Тэрбээр хичээлүүддээ жигд сайн сурдаг, идэвх чармайлттай сурагч. Гурван настай дүүгээ цэцэрлэгт хүргэж өгөхөөс түүний нэг өдөр эхэлнэ. Сургууль, цэцэрлэг гэртэй нь ойрхон тул эл ажлаа дор нь “нугалдаг”. Дараа нь гэр орноо цэвэрлэж, даалгавраа дутуу хийсэн, үгүйгээ нягталчихаад уншсан номынхоо талаар тэмдэглэл хөтөлдөг гэнэ.

С.Азбилэг 14.10 цагт гэрээсээ гардаг бол 18.30 цагт хичээл нь тарна. Тэрбээр “Манай ангийнхан монгол хэл, хүн ба байгаль, дүрслэх урлаг, хичээлээс гадуурх ажил, эрүүл мэнд, иргэний боловсрол гэсэн хичээл үздэг. Математик, хүн ба байгалийн хичээл жаахан хэцүү, толгой эргүүлээд байдаг. Математикийн хичээлээр энгийн болон аравтын бутархай, олон оронтой тоог тоймлох, таван оронтой тоог үржүүлэх, хуваах, аравтын бутархайг 10, 100-гаар үржүүлэх, хуваах талаар заасан. Заримыг нь сайн ойлгохгүй ээ. Хүн ба нийгмийн хичээл дандаа уншиж, бичих даалгавартай. Хүний амьдралаас сэдэвлэсэн эх зохиолгодог нь надад их хэцүү санагддаг. Сурах бичигт байгаатай яг адилыг зохио гэнэ. Манай ангийн онц сурдаг хүүхдүүд хичээлээ дорхноо ойлгодог байх. Над шиг сайн сурдаг, бас надаас доогуур түвшний сурагч ангид зөндөө бий. Долоо хоногт 2-3 шинэ хичээл үздэг болохоор хоцрох үе гардаг” гэж ярилаа.

Хичээлийн III, IV цагийн аль нэгэнд хүүхдүүд үдийн цайгаа уудаг. Даваа гарагт цагаан хоол, мягмарт “ширхгийн” болон шөлтэй хоол, боорцог, цай гэхчлэн аль нэгийг нь өгөх хуваарьтай. Нэг ангид таван литрийнх юм уу гэмээр хувинтай хоол ногдоно. Хүүхдүүд хоолондоо цаддаггүй, нэмүүлэх гэхээр хүрдэггүйгээ учирласан. С.Азбилэг мягмар, лхагва, пүрэв гарагт хичээлээ тараад шууд давтлагад суудаг. Сурагчид боломжтой өдрөө ийн сонгодог аж. Ангийн багш Д.Наранчимэг “Цөм хөтөлбөр агуулгын хувьд зөв ч хэрэгжүүлэх цаг нь бага. Хүүхдүүдэд чадвар олгох, давтан сургах цаг байхгүй. Хөтөлбөр нь маш шахуу. Олон хүүхэдтэй учир 40 минутад бүгдэд нь хүрч ажиллах боломжгүй. Монгол хэлний хичээлээр эх уншуулж, бичүүлэх, зохиолгож, ярилцах цаг гардаггүй. Анги бүрт янз бүрийн түвшний хүүхэд бий. Өмнө нь V ангид үздэг байсан энгийн, аравтын бутархайг IV ангид заах болсон. Жил ирэх тусам хичээлүүдийн агуулга хүндэрч байна. Тиймээс хоцорч яваа, тухайн өдрийн хичээлээ ойлгоогүй хүүхдүүдэд орой нэг цагийн давтлага өгдөг. Хүүхдүүдээ алдаагүй, сайхан бичдэг, хүнтэй боловсон харилцдаг, өөрийгөө ойлгуулах чадвартай болгочихоод дунд ангид нь хүлээлгэж өгөх сөн” хэмээн өгүүлэв.

С.Азбилэг давтлагатай өдрөө жигнэмэг, мантуун буузны мөнгө ээж, ааваасаа авахгүй л бол хачин их өлсдөг тухайгаа хэлэв. 19.30 цагт сургуулиасаа гарч, гэр лүүгээ 10 минут алхдаг. Хариад хоол идчихээд 20.00 цагт гэрийн даалгавраа хийдэг аж. “Даалгавраа бие даан хийхийг хичээдэг. Математикийн хичээлээр голдуу гэрийнхнээсээ тусламж хүсдэг. Аав ажилтай, ээж дүүг хараад завгүй байдаг болохоор тэр бүр тусалж чадахгүй. Өөрөө мэдээд хийхээр заримдаа буруу бодчихно. Аав ихэвчлэн надад тусалдаг. Ажлаас ирэхийг нь хүлээсээр оройтох үе ч бий. Монгол хэл 30-60, математикийн даалгаварт 60-90 минут зарцуулна. Заримдаа даалгавраа хийх гэсээр 23.00 цаг өнгөрөөж унтдаг. Өглөө “ажил” амждаггүй болохоор орой даалгавраа дуусгаж байж л санаа амарна. Том болоод эмч болохыг хүсдэг. Тэгэхийн тулд математик, хими, физикийнхээ хичээлд түлхүү шамдах ёстойг ээж минь хэлдэг” гэж ярив.

Манай улсад сургууль, цэцэрлэг, анги танхимын хүрэлцээ муу учир хүүхдүүд сурах бичиг, биеийн тамирын хувцас, бусад хэрэглэгдэхүүнээ ангидаа үлдээх боломжгүй. Тиймээс сурагчид хичээлийн хуваарийнхаа дагуу 4-5 сурах бичиг, гарын авлага, сургалтын нэмэлт материал, үзэг, харандааны сав, аяга, халбага, биеийн тамирын хувцас, гутал зэргийг өдөр бүр үүрч явдаг. С.Азбилэгийн цүнх ч бусдын адил хүнд. Монголд сурагчдын цүнхэнд тавих стандарт байхгүй. Тухайн хүүхэд биеийн жингийнхээ 10 хувиас хэтрэхгүй ачаа үүрэхэд өсөж, хөгжихөд нь саад болдоггүй гэсэн ерөнхий ойлголт бол бий. Харамсалтай нь, манай хүүхдүүд олон улсын стандартаас 2-3 дахин хүнд цүнх үүрч явааг С.Азбилэг ч гэрчилнэ. Тэрбээр “Сурах бичгүүдээс гадна математикийн сургалтын хэрэглэгдэхүүн, “Зөв бичих учиг” гэдэг нэртэй монгол хэлний ном байнга авч явдаг. Баасан гараг бүр IQ, жиших даалгаврын гарын авлага цүнхэлнэ. Биеийн тамиртай өдрөө хувцсаа уутанд хийгээд барьчихдаг” хэмээв.

IV ангийнханд хичээлээс гадуурх ажлын цаг гэж бий. Долоо хоногт ганц цаг буюу 40 минутад аялал, зугаалга хийх боломжгүй. Тиймээс хүүхдүүдээр шүлэг уншуулах, дасгал хийлгэх, ойлгоогүй хичээлүүдийг нь тайлбарлах зэргээр эл цагийг зарцуулдаг байна. Урь орохоор музей үзүүлэх, малчны хоттой танилцуулах зэрэг хөтөлбөр хэрэгжүүлдэг аж.

СОЛОНГОСТ

БНСУ-ын Чангвон хотын Юнвон дүүргийн бага сургуулийн 4-1 ангийн сурагч Г.Номиндарь “Манайд хичээл бараг ордоггүй шүү дээ (инээв). Монголд II анги хүртлээ сурч байгаад БНСУ-д ирсэн. Эх орон минь юунаас ч илүү. Гэхдээ эндхийн сургуулийн хоол нь их, бас амттай. Хүүхдүүдийг зөндөө амрааж, тоглуулдаг” гэв. Түүнтэй олон зүйлийн талаар ярилцаж байхдаа хүүхдүүд амттай хоол идэж, амарч, тоглонгоо суралцвал амжилтад нь маш их нөлөөлдөг болохыг анзаарлаа. Учир нь Г.Номиндарь анх Өмнөд Солонгост ээжийгээ дагаж очихдоо солонгос хэл байтугай үсэг ч мэддэггүй байж. Улсын бага сургуульд нь элссэнийхээ дараа эхний хэдэн сар юу ч ярьдаггүй байснаа нэг л өдөр солонгосоор “ус цас” болчихсон тухай ээж нь өгүүлсэн. Тэрбээр өдгөө солонгос хүүхдүүдээс ч илүү суралцаж, шилдэг сурагчийн медаль хүртэл авчээ.

Г.Номиндарь айлын ганц охин болохоор ээжийнхээ цорын ганц туслагч, үүрэг хариуцлагаа ч хэдийн ухамсарласан нэгэн аж. Дуу, бүжиг, жүжиглэх авьяастайн дээр төгөлдөр хуур, лимбэ, аман хуур хүртэл тоглож үзүүлэв. Том болоод дизайнер, эмч, орчуулагч, хэл, соёл судлаач болох хүсэлтэй. Хамтлаг байгуулж, дуучин болох мөрөөдлөө ч гээхгүй гэнэ.

БНСУ-ын хүн ам өдгөө 52 саяд хүрчээ. Манай Хөвсгөл аймгийн дайны газар нутагтай ч дүүрэг, хороо бүртээ сургууль, цэцэрлэгтэй. Ерөнхий боловсролын сургалтын систем нь 12 жилийн тогтолцоотой бөгөөд хүүхдүүд I-VI ангиа төгсөөд дунд сургуульд элсдэг юм байна. Дундын I, II, III, ахлах сургуульд мөн I, II, III анги дүүргээд төгсдөг аж. Г.Номиндарийн бага сургууль 100 гаруй хүүхэдтэй, анги нь 22 сурагчтай. Багш хүүхэд бүртэй тулж ажиллахын тулд сурагчийн тоо стандарт хангасан байх ёстой. Нэг анги нь дунджаар 10-20 хүүхэдтэй юм билээ.

Г.Номиндарийн хичээл 09.00 цагт эхэлнэ. Хүүхдүүд 08.40-д ангидаа орж, үлгэр уншиж, анхаарлаа төвлөрүүлдэг аж. IV ангид математик, солонгос хэл, дуу хөгжим, зураг, физик-туршилт, манайхаар иргэний боловсрол гэсэн хичээл ордог юм байна. Математикийн хичээлээр I ангидаа нэмэх, хасах, II ангид үржих, хуваах, III ангид олон оронтой тоог нэмж, хасах, үржих, хуваах үйлдлээ үзсэн. Харин энэ хичээлийн жилд дан геометрийн дүрсүүд, түүний урт, өргөн, талбайг олох хичээл орж буй гэнэ. Хичээл 40 минут тутам завсарладаг нь манайхтай адилхан. Харин 10.30 цагт сурагчдаа амрааж, сүү өгдөг аж. Хүүхдүүд хичээлийн бус цагаар багшийнхаа асуултад хариулж, таван оноо цуглуулсан нь шоколадтай сүү уух урамшуулалтай. “Өдөр бүр дан сүү уух уйтгартай шүү дээ. Тиймээс хичээлээ сайн хийж, хурдхан таван оноогоо цуглуулах хэрэгтэй. Бид сүүгээ уучихаад 30 минут тоглоод хичээлдээ ордог. Ингээд 12.20 цагт дахин завсарлаж, гараа угаагаад үдийн хоолоо иднэ. Хоолны цэсээ бүтэн сараар гаргадаг. I, II хоол, будаа, хачир, цай, сүү, жимсний шүүс өгдөг. Хоолоо идчихээд шууд суувал эрүүл мэндэд муу болохоор бид дахиад л амарч, тоглоно (инээв). 13.20 цаг хүртэл чөлөөтэй. Манай ангид 4-5 хүүхэд энэ үеэр байнга унтдаг. Би заримдаа дунд нь орно оо. Энэ хооронд сургууль даяар гоё дуу эгшиглэнэ. Ингээд нэг цаг хичээллээд хүүхдүүд ангиа цэвэрлээд тардаг. Амралтын өдрүүдээр заримдаа цэцэрлэгт хүрээлэн орж, хааны ордон, музей үздэг” гэж ярилаа.

Хүүхдүүдийг сургуульдаа хичээлээ судлах, өөрийгөө хөгжүүлэх бүх л бололцоог тухайн улс хангадаг учир гэрийн даалгавар өгдөггүй. Харин долоо хоногт 2-3 удаа судалгаа авч, хүснэгт бөглүүлдэг гэнэ. Үүнд нь “Чи өвдөөгүй биз”, “Хэн нэгэн чиний биед гэмтэл учруулсан уу”, “Сургуульд сурахад хүндрэлтэй зүйл байна уу” гэх мэт зүйл асуудаг аж. Г.Номиндарийн ээж “Эндхийн сургуулиуд эцэг, эх, хүүхдэд ямар ч ачаалал үүрүүлдэггүй. Цүнх, үзэг, харандааны савнаас бусад сургалтын бүх хэрэглэгдэхүүнийг сургуулиас үнэгүй өгдөг. Сурах бичгийг XII анги хүртэл улсаас хангана. Цүнхэндээ биеийн тамирын хувцас, сурах бичиг, аяга халбага авч явах шаардлагагүй. Тиймээс цүнх нь 700-800 гр л жинтэй. Энд хүүхдийг хичээлээр шахаж, гэрийн даалгавраар “бөмбөгдөх”-ийн оронд эх орноо хайрлах, өв уламжлалаа дээдлэх үзлийг багаас нь төлөвшүүлж, эцэг, эхээ хүндлэх, хүнтэй хэрхэн зөв боловсон харилцах талаар илүүтэй сургадаг нь надад маш их таалагддаг. Манайхаар бол иргэний боловсрол гэдэг хичээлээр энэ бүхнийг заана. Үүнээс гадна өдөр бүр аюулгүй байдлын хичээл үздэг. Түүгээр замын хөдөлгөөнд хэрхэн оролцох, танихгүй хүнтэй яаж харилцах, аюулд өртвөл хэнд хандах ёстойг давхар сургана. Дуу хөгжмийн хичээлээр ардын дуу, үндэсний хөгжмөө түлхүү заадаг. Харин солонгос хэлний хичээлээр бүтэн жилийн турш үлгэр уншуулж, ямар сургамж авсныг нь бичүүлж байна. Монголд бол хүүхдүүдийн нурууг “авдаг” сургалттай байсныг энд ирээд л ойлгосон. Манай монгол хүүхдүүд оюуны чадамж маш өндөртэй. “Дээш” нь гаргахгүй байгаа зүйл нь ердөө боловсролын салбарын дампуурал гэж хардаг” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)