Гурван хүн тутмын нэг нь амь зогоох төдий амьдарч байна

Бэлтгэсэн: Ч.Мөнхзул, Ц.Болормаа, Г.Цолмон, З.Амгалан


Монгол Улсад гурван хүн тутмын нэг нь ядууралд живж, арай ядан амь зогоож байна. Учир нь сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд ядуурлын түвшин улам нэмэгдэж, 2016 оны эцсийн байдлаар 29.6 хувьд хүрчээ. Энэ нь нийт хүн амын гуравны нэг орчим буюу 907 500 иргэн гэсэн үг. Эл үзүүлэлт хоёрхон жилийн өмнө 634 000 байсан гэхээр жилд 100 000 гаруй иргэн ядуурлын ангалд хөл тавьж байгаа хэрэг юм. Амьжиргааны баталгаажих түвшнээс доош орлоготой иргэдийн тоо олшрох ийн хэрээр нийгмийн дундаж давхарга “нимгэрч”, Монгол орон баян, ядуугийн туйлд хуваагдаж эхлэх нь гэсэн гашуун дүр зургийг ч холбогдох байгууллагууд гаргаад буй.

Энэ бүхний илэрхийлж, олон нийтэд “мэдээлэх” гол хүчин зүйл нь Улаанбаатарт суунаглаж, улам ихэссээр буй утаа гэж хэлэхэд буруудахгүй. Агаарын бохирдлыг бууруулах тухай манайхан байнга ярьдаг ч шийдэл олохгүй байсаар өдий хүрэв. Шийдлийн эрэлд гардаг ч эцэстээ иргэд ядуу байгаа нь хамгийн гол асуудал юм байна гээд гацаж орхидог. Нүүрсээ ч авч чадахгүй, үнэ багатайгаар нь хаягдал дугуйнаас эхлээд шатааж болох бүхнээр гэрээ дулаацуулж буй иргэдэд яндангаа устгаад орон сууцанд ор, эсвэл цахилгаан халаагуур тавь гэж хэчнээн хэлээд ч тусыг эс олох нь ойлгомжтой.

Дулмаа (нэрийг нь өөрчлөв) нөхөр гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг. Хэдэн мал нь зуднаар үгүйрч, хөдөө хийх ажил олдохгүй болсон тул хөгжил бараадаж, ажил төрөлтэй сайхан амьдарна гэж найдсандаа 10 гаруй жилийн өмнө хот бараадсан аж. Бор гэрээс өөр хөрөнгөгүй шахуу ирсэн энэ гэр бүлийн амьдрал анх ирснээсээ хойш өөдөлж гавьсангүй. Гэрээ байшингаар сольж чадсангүй, айлын хашаанаас ч нүүж амжсангүй. Уг нь Дулмаа нэгэн цайны газарт амрах чөлөөгүй өдөр бүр ажилладаг. Нөхөр Бат нь анх хотод ирснээсээ хойш бас л түүн шиг олдсон ажил бүрийг хийж, гэр бүлийнхээ амьжиргаанд тус нэмэр болж байжээ.

Гэсэн ч хөдөлбөл хөлс, зогсвол зоос гэсэн “уриатай” хотын амьдралын завгүй хэмнэлд түүртэж бухимдаад, гашуун усанд толгойгоо мэдүүлэх болсноор ар гэрийнхээ амьдралыг бүр доош чангаах болжээ. Дулмаа гэр бүлээ тэжээхийн тулд зогсоо зайгүй, бүр урьдынхаасаа ч сайн ажиллавч байдал нь илүү дордож гундан, орлого нь өдөр тутмын хоол хүнс, түлш түлээгээ ч залгуулж хүрэхгүй болсон төдийгүй гурван хүүхдээ их, дээд сургуульд сургана гэсэн бодол нь ч замхарчээ.

Яг ийм, бүр үүнээс ч дор амьдрах хүний тоо олшрох хэрээр зөвхөн утаа бус, стресс, архидалт, гэмт хэрэг гээд олон асуудал өдгөө манай нийгэмд тулгамдаад байгааг өдөр тутам дуулдаж буй хар мэдээ мэдээлэл, иргэдийн бухимдал зэргээс түвэггүй харж болно. Ядууралтай шууд хамааралтай гэгддэг орон байрны хулгай, дээрмийн хэрэг өнгөрсөн жил 2016 оныхоос 36.1 хувиар өссөн нь ч үүний бас нэг нотолгоо. Гол асуудал болсон ядуурлаа л шийдэхгүй бол дээр дурдсан тоо энэ жил түүний дараа ч нэмэгдэж, энэ маягаараа жил бүр 100 000 гаруй иргэнээ ядуурлын ангал руу унаж байхад нь зүгээр хараад л суух уу?

ИНФОГРАФИК: Сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж буй ядуурлаас улбаатай сөрөг үзүүлэлтүүд

БАЙР СУУРЬ

Хамгийн олон хүн амтай дүүрэг болох Баянзүрхэд ажилгүйдэл, ядуурал хэр их байгаа талаар холбогдох мэргэжилтний байр суурийг хүргэе.

Ажилгүй иргэн олширч байна

С.СУВД-ЭРДЭНЭ (Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга)

-Дүүргийн ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн онд нэмэгдсэн. Өнгөрсөн жилийн III улирлын байдлаар ажилгүй иргэдийн тоог 2016 оныхтой харьцуулбал 2.1 хувиар нэмэгдсэн гэх үзүүлэлт гарсан. Ядуурлын түвшнийг дүүргийн хэмжээнд гаргасан судалгаа байдаггүй. 2017 онд нийслэлийн хэмжээнд ядуурал 8.4 пунктээр өссөн байдаг. Ядуурлыг тодорхойлох шугам нь хүнсний болон хүнсний бус гэх хоёр хэсгээс бүрддэг. Статистик мэдээллээс үзвэл хүнсний бус ядуурал сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсэн байдаг. Тодруулж хэлбэл, ядуу бус нэг хүн сард хэрэглээндээ 290 000 төгрөг зарцуулдаг бол ядуу нь 107 000 төгрөг зориулдаг. Үүнээс үзэхэд дүүргүүд дэх ядуу иргэд, өрхүүд нэмэгдсэн байх хандлагатай.

ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА

САМУЭЛЬ ФРЭЙЖЭ-РОДРИГЭС: Нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдийг шинэчлэх шаардлагатай

Дэлхийн банкны тэргүүлэх эдийн засагч Самуэль Фрэйжэ-Родригэсээс зарим зүйлийг тодрууллаа.

-Дэлхийн банк нь Монголд ядуурлыг бууруулах чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн байгууллага. Ядуурлын гол шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Монгол дахь ядуурлыг бууруулах гол арга нь үр бүтээмжтэй ажил эрхлэлтийг дэмжих юм. 2015, 2016 онд эдийн засгийн өсөлт саарсан нь ажилгүйдлийг богино хугацаанд нэмэгдүүлсэн байдаг. Мөн хөдөлмөрийн зах зээл хөгжөөгүй, бүтээмж дээшлээгүйгээс болж өрхийн бизнесүүдийн бодит орлого, ашиг багассан. Энэ нь 2015- 2016 онд ядуурлыг нэмэгдүүлэх гол шалтгаан болсон.

-Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсад ядуурал буурсангүй. “Ядуурлын дүр төрх-2016” судалгаанд дурдсанаар 2014-2016 оны хооронд ядуурал огцом өссөн нь эдийн засгийн хямралын үед нэн ядуу иргэдийг хамгаалах бат бөх тогтолцоо хэрэгтэйг сануулсан гэж байсан. Энэ чиглэлээр хэрэгжүүлж буй манай Засгийн газрын бодлого хөрсөн дээр хэр бууж байна уу?

-2016 оны Монгол дахь ядуурлын түвшин 2010 оныхоос доогуур байна. 2014 онд 21.6 хувь байсан бол 2016 онд 29.6-д хүрч, найман пунктээр өссөн тооцоо гарсан. Энэ нь 2010 оноос хойш буурч байсан ядуурал буцаад нэмэгдсэнийг илтгэж буй хэрэг. Гэхдээ ядуурлын түвшин 2010 онд 38.8 хувь байснаас 2014 онд 21.6 болон буурч байсан шүү дээ.

Үүнээс 2016 оны түвшин 2010 оныхоос доогуур байгааг харж болно. 2010-2014 оны хооронд ядуурлын түвшин хурдацтай буурсан нь хэд хэдэн шалтгаантай. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, цалин, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэн, төсвийн орлого өссөнөөр нийгмийн халамж тэлсэн зэрэг нь үүнд нөлөөлсөн. Гэхдээ нийгмийн халамж эдийн засаг сайжрахад өсөж, муудахад зогссоныг анхаарах хэрэгтэй.

Нийгмийн хамгааллын хөтөлбөрүүд нь эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөх үед өрхүүдэд гарч болох аливаа хүндрэлийг даван туулахад дэмжлэг болох учиртай. Иймээс ч эдгээр хөтөлбөрийг үргэлжлүүлэн шинэчлэх шаардлагатай.

-Инфляц, татвар өсөж буй энэ үед нийт иргэдийн гуравны нэгийг ядуурлаас гаргахын тулд ямар бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй вэ?

-Өмнө хэлсэнчлэн Монголд ядуурлыг бууруулахад нөлөөлж байсан гол хүчин зүйлүүд нь ажлын байрыг нэмэгдүүлж, хувийн хэвшлийг дэмжсэн эдийн засгийн өсөлт байсан. Тиймээс эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжин, хувийн хэвшлийн үйл ажиллагааг тэлэх нь иргэдийг ядуурлаас гаргах гол бодлого байх юм. Ингэснээр бизнесүүд өргөжин тэлэх боломж бүрдэж, тогтвортой ажлын байр бий болдог.

Түүнчлэн амьжиргааны түвшин хэт их хэлбэлзэхээс сэргийлж чадна. Мөн нийгмийн хамгааллын тогтолцоо нь эдийн засаг сулрах үед гарч буй өөрчлөлтөд уян хатан байхын зэрэгцээ хүн амын бүлгүүдийн ерөнхий шинж чанарт биш, харин өрхийн орлого, хэрэгцээнд үндэслэн тэтгэмж олгодог болохыг шаардана.

-Орон нутагт ядуурал их байгаа. Хөдөөгийн иргэдийн ядуурлыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авбал зохистой бол?

-Орон нутаг дахь ажил эрхлэлт нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын үйл ажиллагаанаас голлон хамаардаг. Тиймээс эдгээр салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авснаар орон нутагт ядуурлыг бууруулж чадна.

Жишээ нь, малын эрүүл мэндийг сайжруулах, экспортын ложистик, худалдааг хөнгөвчилснөөр бүтээгдэхүүний экспортыг тэлэх төдийгүй ажлын байр нэмэгдэнэ. Мөн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад анхаарах нь орон нутаг дахь иргэдийн амьжиргаа, бүтээмжийг дээшлүүлэх юм.

-Ядуурлыг бууруулахын тулд 20-30 жилийн стратеги боловсруулж, тэр үед иргэдийн амьдрал тийм түвшинд хүрсэн байх ёстой гэсэн төлөвлөгөөтэй болох шаардлагатай гэж үзэж байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Урт хугацааны төлөвлөгөөтэй байх нь чухал. Гэхдээ чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хөрөнгө оруулж эхлэх нь үүнээс илүү үр дүнтэй. Учир нь эдгээр салбарт урт хугацаанд хөрөнгө оруулснаар хүмүүс эрүүл амьдрах, үр бүтээмжтэй хөдөлмөр эрхлэх боломж бүрддэг.

Боловсролын чанарыг бүх түвшинд сайжруулж, ажлын байртай холбоотой ур чадвар эзэмшүүлэх, халдварт болон халдварт бус өвчлөлийг бууруулах (элэгний гепатит, уушгины хорт хавдар, таргалалт гэх мэт), эрүүл мэндийн зөв дадал хэвшилтэй болгоход олон жилийн турш тогтвортой анхаарах нь зүйтэй.

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

-Таны амьдрал ямархуу байна вэ?

Д.АЛТАНЦЭЦЭГ (“Бөмбөгөр” худалдааны төвд жижиглэн худалдаа эрхлэгч):

-Өдрийн орлого ихдээ 70 мянга, багадаа 40-50 мянган төгрөг байдаг. Тэтгэвэр саяхан нэмэгдээд 250 мянган төгрөг болсон. Би тэтгэвэрт сууснаасаа хойш нэг ч удаа сар сард нь авч үзээгүй. Дандаа л 10, 12, 24 сараар зээлээд авчихдаг. Хүү нь их өндөр болохоор зээлсэн мөнгөнөөс хасагдаад хэдхэн төгрөг ирнэ. Өдөрт автобусанд сууна, хоол иднэ. Манайх ам бүл долуулаа.

Охин, хүргэн хоёртойгоо, хоёр хүүхэдтэй нь, дээрээс нь миний өсгөсөн хоёр хүүхэд бий. Тэр хоёр маань ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Том нь төгсөх анги. Бага нь наймдугаар анги. Хүүхдүүд өдөр бүр л хоол, автобусны мөнгө, мөн сургуулиас төдөн төгрөг нэхсэн гээд доод тал нь 10 мянган төгрөг авна. Би өөрөө автобус, хоолонд бас 10 мянган төгрөг үрнэ.

Оройн хоол, түлээ нүүрсээ авчихвал гар дээр бараг мөнгө үлдэхгүй. Өнөөх хэдэн төгрөг минь өдөртөө л яг таарна шүү дээ. Хүргэн улирлын чанартай ажил хийдэг болохоор өвөл ажилгүй болчихдог. Охин надтай адил лангуу түрээсэлж худалдаа хийдэг.

Н.МӨНХБОЛД (Ачигч):

-Би “Бөмбөгөр” худалдааны төвийн гадаа бараа худалддаг хүмүүсийн ачааг өглөө, оройдоо зөөдөг. Өдөрт 20 мянган төгрөгийн орлоготой. Хоол иднэ, автобусанд сууна, тамхи авна гээд бараг 10 мянган төгрөгийн зарлага гардаг. Үлдсэнээр нь оройдоо түлээ нүүрсээ аваад харьдаг.

Б.БАТБОЛД (Авто гараашны манаач):

-Сард 300 мянган төгрөгийн цалин авдаг. Хоёр хоног амраад нэг хоног ажилладаг юм. Би таван хүүхэдтэй. Дөрөв нь оюутан, бага нь гурван настай. Эхнэр бага хүүхдээ хараад гэртээ суудаг болохоор миний цалингаас өөр орлогогүй. Дөрвөн оюутантай болохоор бүгдэд нь өдөр бүр мөнгө өгөх шаардлагатай. Би ажилтай өдрөө автобусны мөнгө, хоолны мөнгө гээд 5-8 мянган төгрөгийн зарлага гаргана. Цалин хаанаа ч хүрэхгүй болохоор хүнээс байнга зээлдэг.

Э.ШИНЭТӨР (Төрийн албан хаагч):

-Төрийн албан хаагчдын цалин шатлалтай, өөр өөр байдаг. Минийх гэхэд сарын 540 мянган төгрөг. Өдрийн цалин 35 мянган төгрөгөөр бодогддог юм билээ. Өдөрт хоол иднэ, таксинд сууна, тамхи татна гээд 10-15 мянган төгрөгийн зарлага гаргадаг байх.

Д.БАЯРМАА (Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны иргэн):

-Би гэртээ аарц буцалгаад, Гандан орчимд байрлах аж ахуй нэгж, худалдааны төвүүдээр явж худалддаг. Өдөрт хоёр халуун сав аарц борлуулаад гэртээ харина. Нэг аяга аарцыг 700 төгрөгөөр худалддаг. Хоёр халуун сав аарц 16 аяга болдог учраас өдрийн орлого 11 200 төгрөг. Нэг кг аарцыг 3500 төгрөгөөр худалдаж авдаг юм. Үүн дээр бага зэрэг элсэн чихрээр амт оруулахгүй бол зарагдахгүй.

Манайх ам бүл гурвуулаа. Том хүү минь тусдаа гарсан болохоор хоёр бага хүүхэдтэйгээ амьдардаг. Нэг нь гуравдугаар курсийн оюутан. Бага нь ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Нэг өдөр ажилдаа гарахгүй өнжвөл оройн хоолгүй, гэрээ дулаацуулах түлшгүй, хүүхдүүд автобусанд суух мөнгөгүй болох учир өвдөх, амрах эрхгүйгээр ажиллаж байна даа.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Баячуудын нохойн хоол маньдаа л тансаг нь байхгүй юу

Иргэдийн амьдрал ахуй ч, ухамсар сэтгэхүй ч өдрөөс өдөрт доройтсоор, Монголын нийгэм тэр чигтээ ядуурсны улмаас гэмт хэрэг, зөрчил буурахгүй, бухимдал ч багасахгүй нь. Улаанбаатарын гэр хорооллынхон, тэр дундаа захын хорооллынхны амьдрал тартагтаа тулж, хоногийн хоолоо арай ядан залгуулж байгаа айл олон байна. Бид өчигдөр, уржигдар Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн захын хорооллын айл өрхийн амьдрал ямар байгааг сурвалжиллаа.

Баянзүрх дүүргийн Дарь-Эх, Цагаан даваа орчимд амьдардаг нэгэн айлын гурван хүү гадуур хувцсаа ээлжлэн өмсөөд гадагшаа гардаг юм байна. Тэднийхээр очиход хүүхдүүд нь гаднаас орж ирсэн нэгнийхээ хүрмийг өмсөөд гарч байв. Нүүрс, түлээ ч багатай тэр айлд өл залгах хүнс ч хомс бололтой.

Эцэг, эх нь орлогогүй, үр хүүхэд нь өлөн зэлмүүн байхад аав нь гадуур явж ажил хийж олсон хэдийнхээ дийлэнхийг “шилтэй цэнхэр”-т өгчихдөг ам бүл ч тэр хороонд нэг бус байдаг гэнэ.

Чингэлтэй дүүргийн нутаг, “Нарантуул-2” хүнсний захын дайвар бүтээгдэхүүн буюу гэдэс, цувдай худалдах хэсэгт орж, үнийг нь лавлахад худалдагч хүүхнүүд “Тор дүүрэн нохойн хоол 5000. Уушги, бөөр 200, зүрх 1000 төгрөг. Адууны зүрх хүн авч идэхгүй ш дээ. Баячууд л нохойнхоо хоол болгож авдаг. Тэрнээс биш хүмүүс гэдэс дотор авч хоол хүнсэндээ хэрэглэхээ больчихсон шүү дээ” гэсэн юм. Дайвар бүтээгдэхүүн худалдах цэгээс гараад мах шулж, худалдах цэг рүү оров. Тавь гаруй насны авгай үүргэвч болон цагаан тор дүүрэн шулсан яс аваад тэндээс гарч байхтай таарлаа. Гутлын цахилгаан нь эвдэрснээс нийлүүлээд оёчихсон, Солонгосын комиссын томдсон цэрэг хүрэм өмссөн туранхай тэр эмэгтэйг захын цэвэрлэгч нар “Наад махаа хананд хүргээд байлгүй хурдан аваад гар. Хананд цус наачихлаа” хэмээн уурсаж байв.

Махаа хэдэн төгрөгөөр авсныг нь лавлахад “Үнэгүй ээ. Гуйгаад авчихсан юм. Яваандаа шулсан яс ч олдохоо болих гээд байна шүү дээ. Яс боловсруулах үйлдвэрт нийлүүлнэ гээд бидэнд өгөхөө болих янзтай даг шүү, “Портер”-т ачаад явчихдаг болсон” гэлээ.

Түүнийг Э гэдэг. Энэ жил тэтгэвэр тогтоолгох насанд хүрээд байгаа юм байна. Гэвч ямар нэг орлогогүй, 2009 онд Өвөрхангайгаас хотод ирээд тогтсон олигтой ажилтай болж чадалгүй, орох орон ч үгүй яваа аж. Дүүгийнхийгээ бараадсан ч тэр нь мөн л тогтсон ажилгүй, барилгын ажил хийдэг ч цалингаа цагтаа авч чаддаггүйгээс өдөр хоногийг өлөн зэлмүүн өнгөрөөж, түлээ, нүүрсээ ч залгуулахад бэрх болсон гэнэ. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Та энэ авсан ясаараа хэд хоног хоол залгах вэ?

-Долоо хоночихно оо. Дахиж шулаад хоолны мах гаргачихдаг юм. Ясаа чанаад шөлөнд нь бантан хийгээд идчихнэ. Гэх мэтээр нэлээд хэд хоног амьдарна. Би ганцаараа амьдардаггүй л дээ. Манай найз гээд хөгжлийн бэрхшээлтэй болсон нэг хүн хамт амьдардаг. Бид хоёр үүгээрээ болгоод л байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэмжийн хэдэн төгрөгөөр амь зууж сууна. Тэтгэмжийн мөнгө нь буухаар ногоо, гурил, будаагаа авдаг. Тэрнээс бусад үед иймэрхүү байдлаар л хоногийн хоолоо залгуулж байна.

-Энэ хойд талын Дайвар бүтээгдэхүүн худалдах цэгээс баячууд л нохойн хоол авдаг гэх юм. Миний сонссоноор эндээс цувдай аваад өл залгадаг айл олон байдаг гэсэн.

-Ямар юмных нь нохойн хоол байх вэ дээ. Малын гэдэс дотор, уушги, зүрх, бөөр, элэг шүү дээ. Тэрнийгээ нохойн хоол гээд зараад байгаа юм. Баячуудын нохойн хоол гэж нэрлээд байгаа энэ цувдай чинь мань мэтэд тансаг хоол байхгүй юу. Цувдайгаа сайхан цэвэрлээд л хоол хийгээд идчихнэ ш дээ. 200-300 төгрөгийн үнэтэй, “нохойн хоол” гэж нэрлээд байгаа тэр уушги, бөөр, зүрхээр өл залгуулж байгаа айл олон.

Бид хоёр ч тэдний л нэг. Одоо цувдайнаас авч чадахгүй боллоо. Яагаад гэхээр худалдагч нар нь мөнгө нэхээд байдаг юм. Тиймээс арга ядаад шулсан яс гуйн авч хоолтой хонож байна шүү дээ.

-Хуурай идэх юм, талх, боовны үнэ ч нэмэгдээд, иргэдийн амьдрал уруудаад л байх юм даа.

-Хэлээд яах вэ. Өдөр ирэх тутам л юмны үнэ нэмэгдээд байна. Төр, засаг үүнд анхаарч байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Наанаа ард түмэн гэчихээд цаагуураа өөрсдөө л идээд, баяжаад байна шүү дээ. Бид хоёрт талх, боов авах чадал байхгүй ээ. Гурил аваад өөхөн тос хайлж гамбир хайраад иддэг. Талх, боов чинь мань мэтэд тансаг хэрэглээ.

Бид ийн ярилцсаар гэрт нь очсон юм. Жижиг байшинг ханаар нь тусгаарлаад хоёр айл амьдарч байв. Барилгад ажилладаг дүү нь нөгөө талд нь амьдардаг гэнэ. Баруун талын хаалгыг хөгжлийн бэрхшээлтэй, 60 эргэм настай ах тайлж өглөө. Ханан пийшиндээ суурилуулсан төслийн зуухаар дүүгийнхтэйгээ хамт байшингаа халаачихдаг гэнэ.

Дүүгийнх нь цалин буугаагүй, автобусныхаа мөнгөөр нүүрс аваад ажилдаа явах, тэндээс ирэхдээ сүүлийн хоёр хоног Хайлаастын эцсээс Офицеруудын ордон руу алхаж байгаа нь ч хэлсэн юм. Мод түлээгүй болсон үед дүү нь засал хийж байгаа айлаасаа хаягдал мод, хавтан авчраад түлдэг гэнэ.

Ийм амьдралтай айл улам бүр нэмэгджээ. Бидний очсон айл бол харьцангуй гайгүй, байшинд амьдарч байсан юм. Хэдэн банз нийлүүлж хадаад гадуур нь элдэв даавуу, шуудайгаар битүүлсэн, машины дугуй, хаягдал түлж байгаа айл Сонгинохайрхан дүүрэгт байв. Хүүхдүүд нь гадуур хувцас ч үгүй, идэр есийн хүйтэнд гадаа тоглоно. “Ээж орой ирээд л нэг хоол хийж өгөх байх. Гэдэс чанаж л өгөх болов уу. Эсвэл хоосон яс чанах биз” хэмээн хөвгүүд өгүүлсэн.

Баянгол дүүргийн нутаг, “Харанхуй” гэж нэрлэгддэг гэр хороолол дунд хаалгаа бариад удаж буй бололтой дэлгүүр олон байв. Цонх, хаалгыг нь шороо тоос дарчихсан, цоож нь зэвэнд идэгдсэн “Хүнсний дэлгүүр” гэсэн хаягтай байшингийн хашаан доторх айлуудаас нь хэзээ онгойхыг асуухад “Эдийн засгийн хямралтай зэрэгцэн үүдээ бариад удаж байна.

Энэ хавийнхан өр ширээ дарж, орлоготой болсон хойно л онгойх байх даа” гэв. Нээлттэй байгаа ганц нэг дэлгүүрийн лангуу бараг л хоосон. Ургамлын тосыг 100 грамм ч хүрэхгүй хэмжээгээр уутлан зарж байв. Байцаа, талхыг хуваан зарах тохиолдол хэвийн үзэгдэл болсон гэнэ. Өрийн хар дэвтэр зузаарсаар л. Энэ бол ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтсоор байгаагийн бодит баталгаа бус уу.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Дэлхийн 100 гаруй улсад бараг 100 сая ядуу хүн бичил зээлд хамрагджээ

Ядуурлыг бууруулах олон аргыг дэлхий даяар хэрэглэж, НҮБ Мянганы тунхаг хүртэл гаргасан ч дорвитой амжилтад хүрсэнгүй гэдэг. Гэтэл үр нөлөөтэй болохоо олон жил нотолсон аргууд байдаг аж. Тухайлбал, ядууст боломж олгож, амьжиргааны түвшин нь сайжирсан жишээ Перуд байна. Цаасан хайрцгаар босгосон оромжинд хоног төөрүүлдэг олон мянган хүн амьдардаг газрыг ядуусын гэж тодотгосон байдаг.

Гэтэл энд ирээдүйн байшингийнхаа тоосгыг ширхгээр нь цуглуулдаг, гутал засварын газартай, гудамж руу харсан цонхоо нээгээд ядуучуудын хоногийн хоол болдог цөцгийн тос, будаа зардаг жижиг дэлгүүр нээсэн хүн байна. Тиймээс ийм газрыг ашиглаагүй баялаг хэмээн Перугийн эдийн засагч Де Сото харжээ. Ядуу хүний орон гэр, газар, үйлдвэр нь хүртэл албан ёсны нэргүй учир чинээлэг нэгэн шиг өөрт байгаа бага мөнгөө өсгөж болдоггүй. Өөрөөр хэлбэл, банкнаас зээл авах, бизнесээ өргөжүүлэх боломжгүй гэсэн үг.

Олонх тохиолдолд гэрэл цахилгаан, харилцах утас ч ашиглаж чаддаггүй. Де Сото оёдлын хоёр машинтай, таван оюутан хөлслөн ажиллуулах үйлдвэр нээх зөвшөөрөл авах гэж 289 хоног хөөцөлдөж, сарын дундаж цалингийн доод хэмжээг 31 дахин ихэсгэсэнтэй тэнцэх зардал гаргасан учир Эрх чөлөө, ардчиллын хүрээлэн гэдэг байгууллага нээж, бизнес эрхлэх зөвшөөрлийг өдөрт нь шийдээд зогсохгүй, 1200 долларын зардлыг 174 доллар болгуулжээ. Энэ нь ч Засгийн газрын түшмэдэд тус болсон гэнэ.

Тэрбээр одоо энэ туршлагаа Сальвадор, Египет, Мексик, Гондурас, Танзани, Сальвадор, Филиппин, Гаити, Албани болон бусад улсад хэрэгжүүлж, үхмэл хөрөнгийг амьд болгоход тусалж байна. Перугийн нийслэл Лима хотод 1990-1995 онд 300 мянган аж ахуйн нэр бүртгэгдэж, газрын үнэ 1998 он гэхэд хоёр дахин өссөн гэнэ. Нэр бүхий аж ахуйн нэгжтэй боллоо гээд ядуус өндөр орлого олохгүй, авлига болон бусад саад учруулдаг банкнаас зээл авч чадахгүй зэрэг даяаршил, зах зээлийн эдийн засгийн бэрхшээлүүдийг тойрч чаддаггүй. Гэсэн ч өмчтэй байх эрхтэй болсон нь эхний том алхам юм.

Мөн Бангладешийн эдийн засаг ч Мухаммад Юнус 1976 онд гарын уртай 42 хүн буюу үнэн хэрэгтээ боолчуудад зээл олгосноор тэд эрх чөлөөгөө худалдаж авсан гэдэг. Тэдгээр уран гартан хэзээд өртэй, хангалттай ашиг олох боломжгүй, өөрөөр хэлбэл, урьдчилаад материалаа зах зээлийн үнээр худалдаад авах чадалгүй байжээ.

М.Юнус хүн тус бүрт дунджаар 62 центийн зээл олгосон аж. 20 жилийн дараа түүний “Grameen Bank” тус улсын 6.7 сая хүнд бага хэмжээний зээл олгосон байна. Тэд бараг бүгд хэзээ ч мөнгө зээлж үзээгүй эмэгтэйчүүд байжээ. М.Юнус хадгаламж, даатгал, ипотекийн зээл, тэтгэврийн сан, тэтгэлэг, бордоо худалдаж авах гэр бүлийн зээл, барилга, тэрчлэн хүүгүй зээлийн хөтөлбөрий хүртэл санал болгодог. Ядуус оронд нь бэлтгэж, худалдахад бэлэн болгосон чихэр, хатаасан чинжүүгээ санал болгодог аж.

Өдгөө дэлхийн 100 гаруй улсад бичил зээл авсан хүний тоо бараг 100 саяд хүрчээ. Дэлхийн банкны мэдээлснээр Бангладешийн орон нутагт дундаж ядуурал буурсан үзүүлэлтийн 40 хувь нь бичил зээлийн үр дүн юм байна. Мөн ийм зээл нь туйлын ядуу зээлдэгчдэд улам их нөлөө үзүүлж буй аж. Ядуурлаас ангижруулсан өөр нэг арга нь тосгодыг холбосон зам тавьсан жишээ байна. Хятадын тосгонд төрсөн Шэнгэн Фан Шанхай хот орох гэж моторт завь, автобус дамжин хоёр хоног явдаг байжээ.

Сургууль руугаа бүтэн цаг явж хүрдэг. Тосгоныхон өөрсдөө болон хөршүүд нь хэрэглэдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байж. Шэнгэн Фан өдгөө 45 настай, Вашингтон дахь Олон улсын хүнсний бодлогын судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан болсон гэнэ. Тэрбээр АНУ-аас Шанхайд буугаад, тэндээс гэр хүртлээ гурван цаг л явдаг. Багадаа явдаг байсан дунд сургууль нь унадаг дугуйгаар 10 минут явах зайтай болсон гэнэ. Нутгийн фермерүүд нь ачааны машинтай ирсэн наймаачдаас малын тэжээл, бордоо худалдан авахын сацуу үр тариа, шийгуа, гахайн махаа борлуулдаг.

Тосгон нь ийнхүү хөгжихөд зам тус хүргэжээ. Хятадын адил Энэтхэг, Африкт ч ядууралтай тэмцэх хамгийн үр нөлөөтэй арга нь зам болсон аж. Мөн сургалтыг үнэ төлбөргүй олгож, бүр сургуульд хамруулсны урамшуулал олгодог туршлага ядуурлаас ангижрахад тус болж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)