Гурван нэр дэвшигч үнэмлэхээ авч, төрийн хамгаалалтад орлоо

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр намаасаа тодорсон гурван эрхэм өчигдөр үнэмлэхээ гардан авлаа. Нэр дэвшигчид үнэмлэхээ авснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж буй юм. Шударга өрсөлдөөнд уриалсан Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвших үнэмлэхээ хамгийн түрүүнд АН-ын Ц.Элбэгдорж гардав. Тус намын дарга Н.Алтанхуяг, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон УИХ-ын зарим гишүүний хамт тэрбээр СЕХ-ны төв байранд хүрэлцэн ирсэн. Энэ удаагийн сонгуульд АН-ынхныг МҮАН, ИЗНН дэмжиж буй юм.

СЕХ-ны дарга нэр дэвшигчээр бүртгэсэн тухай тогтоолоо танилцуулаад, түүнд үнэмлэхийг нь гардуулсны дараа АН-ын дарга Н.Алтанхуяг алд цэнхэр хадаг өргөж, өмнөх дөрвөн жилд бүтээснээ үргэлжлүүлэн, илүү ихийг хийхийг ерөөлөө. СЕХ-ны дугуй танхимын үүдэнд нэр дэвшигчид хэвлэлийнхэнд хандан үг хэлэх индэр засчээ. АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Бидэнд хийх ажил их байна. Илүү ихийг хийж бүтээх шаардлагатай байгаа. Ямар асуудал бидний өмнө тулгамдаж, юуг шинээр хийж, юуг цааш үргэлжлүүлэх ёстойг бид маш сайн мэдэж байгаа. Нөгөө талаар улс орны нэр хүнд өсөж, тодорхой хэмжээний хөрөн гө босгох боломжтой боллоо. УИХ, Засгийн газар, нийслэл, орон нутгийн удирдлага бүрэн хамтарч ажиллах сайхан боломж бүрдсэн. Энэ боломжийг ашиглаад одоо бүтээдэг цаг.

Өмнөхөөсөө илүү ихийг хийх цаг ирж байна. Бүтээгчдээ дэмжиж, хүндээ хүрсэн олон ажлыг бид хийх хэрэгтэй. Энэ ажлыг үргэлжлүүлэхийн төлөө, бүгдээрээ хамтдаа Монгол Улсынхаа төлөө зүтгэцгээе гэж уриалъя” гэлээ. Удаах нэр дэвшигч болох МАН-ын Б.Бат-Эрдэнэ 11.40 цагт үнэмлэхээ авсан юм. Тэрбээр мөн л намын болон УИХ дахь бүлгийн дарга, гишүүдийн төлөөлөлтэй хамт иржээ. Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардсаны дараа Б.Бат-Эрдэнэ гишүүн “Хуулийн дагуу СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардлаа. Сонгууль бол ардчилал, шударга ёсны дээд илэрхийлэл учраас СЕХ үүргээ шударгаар гүйцэтгэж ажиллана гэдэг итгэж байна. Бусад өрсөлдөгч ч бас шударгаар өрсөлдөж, нийт ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Төрийн тэргүүний сонгуулиа зохион байгуулах биз ээ” хэмээв.

АН, МАН-ын нэр дэвшигчид ийм товчхон үг унагасан бол МАХН-аас өрсөлдөж буй, хамгийн анхны эмэгтэй нэр дэвшигч Н.Удвал “сэтгэлээ нээсэн” юм. Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардсаныхаа дараа тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Б.БатЭрдэнэ нар хоёулаа аварга хүмүүс. Аваргуудтай өрсөлдөх болсондоо баяртай байна. Аваргыг давж аварга болдог шүү дээ” гэв. Ерөнхийлөгчийн сонгуулийн өөрчлөн баталсан хуулийн дагуу эдгээр нэр дэвшигч дийг үнэмлэхээ авсан өдрөөс нь төрийн хамгаалалтад авч буй юм.

 С.ТУУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)