Гурван жилийн өмнөөс мал хулгайлсан бүлгийнхнийг баривчилжээ

 Дорнод аймаг дахь Цагдаагийн газрынхан тус аймгийн хэмжээнд хамгийн их гарч буй мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор олон арга хэмжээ авч буй. Үүний дүнд энэ оны эхний таван сарын байдлаар аймгийн хэмжээнд эл гэмт хэрэг 59 бүртгэгдэж, урьд оныхоос 17 хэргээр буюу 22.3 хувиар буурч, илрүүлэлт 16.8 хувиар өссөн байна. Тус аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Ганзоригоос энэ талаар тодруулахад “Тус Цагдаагийн газраас санаачлан аймгийн Засаг даргын захирамжаар “Малын хулгайн илрүүлэлт-2020” нэгдсэн арга хэмжээ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс энэ сарын 1 хүртэл зохион байгуулсан. Үүний үр дүнд эзэн холбогдогч нь тодорхойгүй байсан олон хэрэг илрүүллээ. Малчдад хууль эрх зүйн зөвлөгөө, анхааруулга сэрэмжлүүлэг хүргээд байна. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хэрлэн, Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр, Чойбалсан, Сэргэлэн, Халхгол зэрэг 10 гаруй сумын нутаг дэвсгэрт 2017 оноос хойш үйлдэгдээд байсан хэргүүдийн эзэн холбогдогчийг тогтоон, мөрдөн шалгаж байна. 

Найман бүлгийн 50 гаруй хүн мал хулгайлахаар урьдчилан бэлтгэж, бугуйл, сүх, эмээл, ногт, хазаар, хутга зэрэг эд зүйл болон тээврийн 22 хэрэгсэл ашиглан 219 бод, 119 бог бэлчээрт нь нядлан хулгайлж, 84 удаагийн үйлдлээр бусдад 233.4 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдож байгаа. Эдгээр бүлгийнхэн өмнө нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж, шүүхээр удаа дараа ял шийтгүүлсэн, цагдаагийн байгууллагад шалгуулж байсан хүмүүс. Тэд мал хулгайлахаас гадна айлын өвөлжөө, хаваржааны байшин, пингээс үнэд хүрэх эд зүйлийг нь хулгайлдаг байсан нь мөрдөн шалгах явцад тодорхой болж байна. Түүгээр ч зогсохгүй малыг амьдаар нь тээвэрлэн өөрсдийн эцэг, эх, ах дүү болон хорих ангид хамт ял эдэлж хүмүүсийн садан төрлийнхний нэр дээр багийн Засаг дарга, малын эмчээс гарал үүслийн бичиг авч, аймаг, сум дамжуулан өөрсдийн сүлжээнийхэн болох махны ченжүүдэд хямд үнээр худалдах, уул уурхайн хамгаалалтын албанд зарж борлуулж байсан” гэв. Дорнод аймгийн Цагдаагийн газрынхан энэ үеэр Улаанбаатар хот, Төв, Сэлэнгэ аймагт зарим ажилтнаа илгээн ажиллуулснаар Г, Б зэрэг эрэн сурвалжлагдаж байсан зургаан хүнийг олж саатуулан хэргийг нь сэргээн шалгаж байгаа аж.

Бэлтгэсэн: Г.Равжаа