Гурав хоногийн сургуулилалтын хугацаанд найман цаг хөл хорино

Шадар сайд Ө.Энхтүвшин цар тахалтай тэмцэх бэлэн байдлын дадлага, сургуулилалт зохион байгуулах тушаал гаргасан. Энэ хүрээнд чухам ямар арга хэмжээ зохион байгуулах талаар НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатараас тодрууллаа.

-Өгсөн үүргийн дагуу бэлтгэл ажил хэрхэн зохион байгуулж байна вэ?

-НОБГ тавдугаар сарын 6-8-нд сургуулилалт зохион байгуулах бэлтгэлээ бүрэн хангасан. Дадлага, сургуулилалт гурван үе шаттай байна. Нэгдүгээрт, цар тахлын үеийн хамтын ажиллагаа, хариу арга хэмжээ авах штабын дадлага хийх юм. Улс, нийслэл, дүүргийн онцгой комисс, шуурхай штаб болон Гамшгаас хамгаалах албад хамтын ажиллагаа хэрхэн зохион байгуулдаг, онцгой нөхцөл үүссэн үед томилгоот мэргэжлийн ангиуд уялдаа холбоотой юу, үүрэг гүйцэтгэж чадах уу гэдэг нь энэ үеэр харагдана. Хоёрдугаарт, нийтийг хамарсан хөл хорио тогтооно. Гуравдугаарт, үр дүнг нь хэлэлцэх юм.

-Нийслэл даяар хөл хорио тогтоож, гурван өдөр зам хаах уу?

-Чингэлтэйд зохион байгуулах хөл хорионы арга хэмжээний үед дүүргийн нутгийн заагаар орох, гарах бүх хөдөлгөөнийг хаана. Чингэлтэй дүүрэг баруун талаараа Баянгол, баруун хойд хэсгээрээ Сонгинохайрхан, зүүн болон урд хэсгээрээ Сүхбаатар дүүрэгтэй хил залгадаг. Эдгээр дүүргийн нутаг дэвсгэрээс хүн оруулахгүй, хамгаалалтад авна. Тиймээс иргэд хөл хорио тогтоосон үед гэртээ байж, аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Мэдээж иргэдэд эмнэлгийн анхны тусламж, гамшиг ослын нөхцөлд хүнсний бүх төрлийн хангалт хүргэнэ. Бодит байдлаар тусламж үзүүлэхээр бэлтгэж буй. Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоосон үед “өвчин гарсан” гэж тооцоод нийтийн эзэмшлийн гудамж талбайд халдваргүйжүүлэлт хийнэ. Хөл хорио тогтоох өдөр, цагийг одоогоор товлоогүй. Гурван өдрийн нэг хоногт нь найман цаг хөл хорио тогтооно. Жишээ нь, хөл хориог 08.00 цагт эхлүүлсэн бол 16.00-д замуудыг нээнэ гэж төлөвлөсөн.

“Буянт-Ухаа” спортын ордонд хөнгөн өвчтөний 300 ор дэлгэхээс гадна цаахна талд нь байдаг нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн шинэ барилгад хүнд хүмүүсийн 100 ор байршуулна. Нөхцөл байдал илүү хүндэрсэн үед ОБЕГ-ын Давтан сургалт, сэргээн заслын төвд 100 ортой хээрийн эмнэлэг байгуулах юм. Нөөцөд байгаа амьсгалын аппарат, эрчимт эмчилгээний ор нэмж байрлуулна. Бусад эмнэлгүүдэд хэрэглэж буй аппарат, багаж төхөөрөмжийг авахгүй. Ийнхүү бэлтгээд “өвчтөнийг” тусгаарлаж эмчлэх сургуулилалт хийх юм. Цар тахлын онцгой үед бэлэн байдал хангаж, эмчилгээ сувилгаа хийх боломжтойг харуулах нь бидний зорилго.

-Иргэд, аж ахуйн нэгжүүдэд сургуулилалтын тухай мэдээллийг хүргүүлсэн үү?

-Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт голчлон төрийн яамд, нийслэлийн захиргаа, банк санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийнхэн бий. Тэдэнд мэдэгдэл хүргүүлээд эхэлсэн. Чингэлтэй дүүргийн шуурхай штабаас иргэдэд биечлэн болон хэвлэлээр дамжуулан мэдээлэл өгч байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)