Гуравдагч улсаар дамжин АНУ-д зорчихыг хориглов

АНУ

Гуравдагч улсаар дамжин ирсэн цагаачид орогнох эрх хүсэхийг хориглосон шинэ хууль АНУ-д үйлчилж эхэллээ. Мексикээр дамжин ирсэн, Төв Америкийн иргэдийн эсрэг уг шинэ хууль чиглэжээ. Шинэ хуулийг Мексикийн ГХЯ-наас эрс шүүмжилсэн байна. НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн дээд комиссарын газар ч мөн АНУ-ын энэ шийдвэрийг хатуу болохыг тэмдэглэсэн байна.

Шинэ хуулийн дагуу цагаач эхний ярилцлагаараа эх оронд нь амь нас, эсвэл эрүүл мэндэд нь аюул учрах тул буцах боломжгүй гэдгээ нотлох ёстой. Үнэн хэрэгтээ шинэ хууль Мексикээр дамжин АНУ-д ирсэн Төв Америкийн иргэдэд орогнох эрх олгодог олон жилийн бодлогыг эцэслэх учиртай аж. Урьд нь “аюулгүй” орноор дамжин ирсэн бол хаанаас ирснээс үл хамааран дүрвэгчдэд АНУ-д орогнох эрх олгохыг зөвшөөрдөг байсан юм. Улс хооронд зохих хэлэлцээр байгуулсан тохиолдолд “аюулгүй” гэсэн тодотголтой болдог. АНУ зөвхөн Канадтай ийм харилцаатай байдаг аж.

Дональд Трампын засаг захиргааны төлөөлөгчдийн хэлснээр өөрчлөлт нь цагаач, дүрвэгсдийн хамгийн эхний шалгалт болон орогнох эрх олгох эцсийн шийдвэр гаргах хоорондын хугацааг багасгах учиртай.

Статистикаас үзвэл одоо АНУ-ын шүүхүүдэд 800 мянга гаруй цагаачийн хэргийг хэлэлцэж буй. Энэ нь олон хүн орогнох эрх олгохыг удаан хүлээдэг. Тухайлбал, 2009 онд АНУ-д орогнох эрхийн 35 811 хүсэлт гаргасны 23.4 хувь буюу 8384 нь эерэг хариу авчээ. Өнгөрсөн онд 162 060 хүсэлтээс 8.13 хувь буюу 13 268 нь нааштай шийдвэр хүлээн авсан байна.

“Энэ хууль эдийн засгийн цагаач болон АНУ-д оршин суухын тулд орогнох эрх олгодог манай системийг ашиглахыг эрмэлздэг хүмүүсийн тоог багасгана” гэж Америкийн Ерөнхий прокурор Уильям Барр мэдэгдээд, “АНУ өмнөд хил дээрээ хэдэн зуун мянган цагаач бөөгнүүлсэн өгөөмөр орон” хэмээн нэмж хэлжээ.

Шинэ алхмыг Америкийн хүний эрхийг хамгаалагчид хүлээн зөвшөөрөхгүй байна. Цагаачдыг хил нэвтрүүлэхгүй байх бодлогыг хууль бус хэмээн тэд мэдэгджээ. “Шинэ журмыг хэрэгжүүлбэл өмнөд хил дээрх хүмүүст орогнох эрх олгох журам үйлчлэхээ болино. Энэ нь хууль зөрчсөн хэрэг” гэж Америкийн иргэдийн эрх чөлөөг хамгаалах холбооны өмгөөлөгч Ли Гелернт мэдэгдсэнийг “Associ¬ated press” агентлаг уламжилжээ.

“Ийм шинэ журам гарсанд үнэхээр санаа зовж байна. АНУ-д орогнох эрх олгодог тогтолцоо ачаалал ихтэй байдгийг ойлгож байгаа. Энэ асуудлыг хөнгөвчлөх талаар тус улсын эрх баригчдад туслахад бэлэн” гэж НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн дээд комиссарын газрын төлөөлөгч Элизабет Троссел Швейцарын Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

“Мөрдлөг, хавчлагаас зугтан, эх орноо орхин, амь нас, аюулгүй байдлынхаа төлөө санаа зовж яваа хүмүүсийн орогнох эрхийг хязгаарласан арга хэмжээ Мексикийн байр суурьд нийцэхгүй байна. АНУ-ын өмнөд хилээр дамжих бусад улсын дүрвэгсдэд туслах боломжийг Мексикийн Засгийн газар хайх болно” гэж Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард тэмдэглэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)