Гулам Наби Низамани: Монгол Улс конгрессыг амжилттай зохион байгуулж, сайн жишиг тогтоолоо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс амжилттай өндөрлөлөө. “Хэнийг ч орхигдуулахгүй байх” уриатай эл конгрессын үр дүнгийн талаар зохион байгуулагчид өчигдөр мэдээлэл хийв. Конгресст оролцсон олон улсын төлөөлөгчид “Өмнөх зөвлөгөөнүүдийг бодвол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн идэвх, оролцоо өндөр байсан төдийгүй Монгол Улс өөрийн орны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулахад онцгой анхаарсан” хэмээн онцолсон. Тухайлбал, Ази, Номхон далайн бүс нутгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх сүлжээний дарга Гулам Наби Низамани “Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн конгрессыг анх удаа зохион байгууллаа. Ний нуугүй хэлэхэд Монгол Улс конгрессыг амжилттай зохион байгуулж чадах болов уу гэсэн айдастай байсан. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам конгрессыг амжилттай зохион байгуулж, сайн жишиг тогтоолоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ асуудалд ач холбогдол өгч, тулгарсан бэрхшээлийг хамтдаа шийдэж чаддаг гэдгээ харууллаа. Конгрессыг Монголд зохион байгуулснаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх танай улсын иргэдийн ойлголт нь сайжирна гэдэгт итгэлтэй байна. Энэ л конгрессын маш том үр дүн юм. Мөн дэлхийн бусад улс орон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хөгжүүлэхийн тулд юу хийж байна вэ гэдгийг ойлгож, харилцан суралцсан сайхан боломж байлаа” хэмээсэн. Тэрбээр Конрессыг зохион байгуулах олон улсын хорооны нэрийн өмнөөс Монголд өмнө нь хоёр ч удаа ирж, бэлтгэл ажилтай биечлэн танилцаж байсан аж.

IV конгрессоор “Улаанбаатарын тунхаглал”-ыг гаргаж, санал нэгтэйгээр баталжээ. Тунхаглалд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгарч буй бүх төрлийн ялгаваран гадуурхах агуулга бүхий хууль тогтоомж, мэдээлэл болон орчны хүртээмжгүй байдал, иргэд, олон нийтийн сөрөг хандлага, гутаан доромжлол, эрүүл мэндийн үйлчилгээ, бие даан амьдрах эрхийн хэрэгжилтийг сайжруулах зэрэг дөрвөн асуудлыг тусгажээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн V конгрессыг 2023 онд зохион байгуулах эрхийг Камбож улс авсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)