Гудамжны цэвэрлэгч, хогийн савгүй улс

Японд амьдралын цэвэр хэвшилд их түргэн дасна. Гудамжнаас ч, хашаанаас ч хогийн сав хайх хэрэггүй. Энэ улсад яагаад ийм цэвэрхэн байдаг вэ?

Сурагчид ангидаа цүнхтэйгээ ширээний ард суух нь сургуульдаа өнгөрүүлсэн урт өдрийн (50 минутаар долоон хичээл ордог) дараа гэр лүүгээ ухасхийхэд бэлэн мэт. Гэсэн ч маргаашийн төлөвлөгөөг ярьж буй багшаа анхааралтай сонсоно. Эцэст нь уламжлалт сүүлчийн зар “Ингээд өнөөдөр нэг, хоёрдугаар эгнээ анги, гурав, дөрөвдүгээрх нь хонгил, шат, тавдугаарх нь ариун цэврийн өрөө цэвэрлэнэ” гэв.

Тавдугаар эгнээнийхэн санаа алдах нь сонсогдох ч бүгд босож, шүүгээнээс шалны мод, алчуур, хувин авч, Японы бүх дунд сургуульд өдөр бүр болдог үйл явдал өрнөнө. Тус улсад анх удаа ирж байгаа хүмүүс эндхийн цэвэр цэмцгэрийг гайхна. Дараа нь тэд хогийн сав байхгүйг анзаарна. Бас цэвэрлэгчийг. Тэгээд Япон Улс яаж ингэж цэвэр байна вэ гэж асууна.

Хариулт нь энгийн, оршин суугчид нь улс орноо цэвэр цэмцгэр байлгадаг. “Дунд сургуулийн 12 жил, багаас ахлах хүртэл бүх ангид хичээлийн өдөр тутмын хуваарьт цэвэрлэгээ багтдаг. Гэрт ч эцэг, эхчүүд биднийг хүүхэд байхад өрөөндөө, эд зүйлсээ бохир, эмх цэгцгүй байлгах маш муу гэж сургасан” хэмээн Хирошима мужийн Засгийн газрын Токио дахь салбарын орлогч захирал Маико Аване ВВС-гийн сэтгүүлчдэд ярьжээ.

Сургалтын хөтөлбөрт нийгмээ таньж мэдэх энэ мэт элемент багтаах нь хүүхдүүд хүрээлэн буй бүхний төлөө хариуцлагатайгаар ажиллаж сурахад тусалдаг. Өдөр бүр өөрөө цэвэрлэдэг сургуулиа бохирдуулахыг хэн хүсэх билээ. “Заримдаа цэвэрлэгээ хиймээргүй санагддаг ч өдөр тутмын дэглэмийн нэг хэсэг болохоор өөр ямар ч арга байхгүй. Сургуулиа цэвэрлэх нь их тустай зүйл. Оршин буй газрынхаа цэвэр үзэмжид хариуцлага хүлээж сурах нь ямар чухал болоход бид суралцдаг” гэж ВВС-гийн сэтгүүлчдийн орчуулагч Чика Хайши дурссан байна.

Сургуульдаа ирмэгцээ сурагчид гутлаа шүүгээнд хийж, шаахайгаа сольж өмсдөг. Гэртээ ч хүмүүс гадуур өмссөн гутлаа гэрийнхээ үүдэнд тайлдаг. Засвар хийхээр ирсэн хүн ч гутлаа тайлж, гэрт оймстойгоо явдаг.

Хүүхэд өсөхийн хэрээр тэдний цэвэр үзэмжийг нь хариуцах бүс өргөжиж, эхлээд орон байр, дараа нь хот, улс болж тэлнэ. Зарим сурталчилгаа япончуудын цэвэрч байдалд вирус шиг нөлөөлдөг. Жишээ нь, хурдны Шинкансен галт тэргийг цэвэрлэх долоон минутын зан үйлийг энд дурдаж болох юм.

Японы хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид цэвэрч байдлыг эрхэмлэгчид гэдгээ 2014 онд Бразилд, 2018 онд ОХУ-д болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр нотолж, тэмцээн дууссаны дараа цэнгэлдэх хүрээлэнд өөрсдийн тарьсан бүх хогийг цэвэрлэж, дэлхий нийтийг гайхашруулсан. Японы хөлбөмбөгчид хувцас солих өрөөг ч үлгэр жишээ болгосон. “Бусад багт үлгэр жишээ болно” гэж Олон улсын хөлбөмбөгийн холбооны зохицуулагч Присцилла Янсенс твиттертээ тэр үед бичсэн байдаг. “Япончууд бид бусдад хэрхэн харагдахдаа их санаа тавьдаг. Тарьсан хогоо цэвэрлэх боловсролгүй, эсвэл хүмүүжилгүй хүмүүс хэмээн бидний талаар бодохыг хүсдэггүй” гэж Маико Аване тайлбарлажээ.

Японы хөгжмийн их наадмын үеэр ч байдал адилхан. Хамгийн эртний бөгөөд том Фүжи рок их наадмаар ч үзэгчид хийх сав олтлоо хогоо авч явдаг. Тамхичдаас үнсний саваа авч явахыг, бусдад утаа саад болох газар тамхи татахгүй байхыг хүсэж байна гэж их наадмын цахим хуудсанд бичсэн байдаг. 1969 онд АНУ-ын Нью-Йорк хотод бороо, шавар шавхайн дунд болсон алдарт Вүдсток рок их наадмын үеэр биеэ тийн авч явна гэж төсөөл дөө?

Япончууд амьдралд нийгмийн хариуцлагын жишээ болдгийг та өдөр бүр харж болно. Тухайлбал, 08.00 цагийн үед оффисын болон дэлгүүрийн ажилтнууд ажлын байрныхаа эсрэг талын гудамжийг цэвэрлэдэг. Хүүхдүүд сар тутам сайн дураар дүүргийн цэвэрлэгээнд оролцож, сургууль орох гудамжны хогийг түүдэг. Орон сууцны хорооллуудын цэвэрлэгээгээр хийх юмгүй ч тогтмолжсон арга хэмжээ болжээ.

Мөнгөний машинаас хүртэл шажигнасан, цэвэрхэн, бараг л дөнгөж цардсан цамц шиг дэвсгэртүүд гардаг аж. Түүгээр зогсохгүй мөнгө бохир хуримтлуулагч учир Японд мөнгийг гарт хэзээ ч шууд өгдөггүй. Дэлгүүр, зочид буудал, бүр таксинд ч мөнгө тавьсан жижиг тавиур харна.

Үл үзэгдэх бохир нянг ч тус улсад орхигдуулдаггүй. Япон хүн ханиад, томуу тусвал бусдад халдаахгүйн тулд эмнэлгийн амны хаалт зүүдэг. Энэ нь улирлын халдвар дэгдэлтийн үеэр вирус тархалтыг бууруулж, эмнэлгийн үйлчилгээний мөнгө хэмнэх, ажил таслалтыг бууруулах боломж олгодог байна.

Япончууд яаж цэвэр байдлыг шүтэн бишрэгч болсон бэ? Энэ ямар нэг шинэ зүйл биш. 1600 онд Японд хөл тавьсан анхны англи хүн, далайгаар аялагч Уилл Адамс цэврийг нь тэмдэглэжээ. “Самурай Уильям” гэдэг Адамсын намтартаа Жайлс Милтоны бичсэнээр язгууртнуудын төлөөлөл нь маш цэвэрч, бохирын хоолой, ариун цэврийн газрууд нь үлгэр жишээ болохоор, залуус тансаг үнэртэн уугиулж байхад Английн хотуудын гудамж ялгадсаар дүүрэн байв.

Европчууд хувийн ариун цэврийг үл хайхардгаас япончууд цэрвэдэг байжээ. Гэхдээ тэдний цэвэрчийг амьдралын жишээгээр ч тайлбарлаж болох аж. Халуун, чийгтэй уур амьсгалтай Японд бүтээгдэхүүн түргэн муудаж, бактери үржиж, вирус тархдаг. Тиймээс эрүүл мэндэд ариун цэврийг сахих нь тус болно.

Гэсэн ч бүрэн тайлбар нэлээн гүнд бий. Хятад, Солонгосоос VI-VIII зууны хооронд Японы газар нутагт шилжсэн буддын шашны чухал ойлголт нь цэвэр байдал. Хятадаас Японд XII-XIII зуунд шилжсэн буддын шашны зэн урсгалд хоол, цэвэрлэгээ хийх зэрэг өдөр тутмын ажлыг бясалгалтай дүйцүүлсэн байдаг аж. “Зэнд биеийн болон оюуны бохирыг угаахыг сургадаг нь өдөр тутмын амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг” гэж Хирошима мужийн Фүкүяма хотын Шинсё-зи сүмийн ажилтан Эрико Күвагаки ярьжээ.

“Цайны тухай ном”-доо Окакүра Какүзо цайны ёслол, зэн гүн ухааны суурийг тавьсан сонгодог хөдөлмөрийн тухай бичихдээ “Ийм зан үйл болж буй өрөө маш цэвэрхэн байх ёстой. Харанхуй мухарт ч тоос байх ёсгүй. Тоостой бол гэрийн эзэн цайны мастер биш” гэсэн байна. Энэ тухай 1906 онд бичсэн ч өдгөө мөрдсөн хэвээр. Хирошимагийн цайны Сейфүкан ордонд ёслол эхлэхийн өмнө цайны мастерын туслах кимонотойгоо дөрвөн хөллөж, бор өнгийн цавуутай цаасан туузаар өчүүхэн тоос ч үлдээлгүй цэвэрлэхийг харж болно.

Яагаад буддын шашинтай бүх улс ариун цэврийг сахидаггүй вэ? Учир нь Японд буддын шашин дэлгэрэхийн өмнө өөрийн гэсэн шинто (бурхдын зам гэсэн утгатай) шашинтай байсан. Эл шашин нь цэвэр байдлыг чухалчилдаг бөгөөд өдгөө тус улсын бие даасан байдлын үндэс суурь болсон байж магадгүй.

Өрнөдөд цэвэр байдлыг буяны дараах хоёр дахь сайн үйл гэх нь бий.

Шинто шашны гол зарчимд кегаре буюу бохир байдал, доромжлолыг ариун цэврийн эсрэг ойлголтод тооцдог аж. Кегарегийн жишээ гэвэл үхэх, өвчлөхөөс эхлээд таагүй бүх зүйлийг хамарна. Үүнээс зайлсхийхийн тулд байнга ариусах зан үйл хийх хэрэгтэй. Хэрэв хүн кегаретай бол энэ нь нийгэмд бүхэлд нь хортой байж болзошгүй. Тиймээс амьдралдаа цэвэр байдлыг хэвшүүлэх нь чухал. Энэ нь биднийг ариусгаж, нийгмийн гай барцдаас зайлсхийхэд тусална. Иймээс л Япон маш цэвэр улс юм“ гэж Хирошимагийн Канда сүмийн шинто ламын туслах Нориаки Икеда тайлбарлажээ.

Иймэрхүү айлдварыг жишээ нь, халдварт өвчний үед бүрэн ойлгоно. Гэхдээ биеийнхээ хогийг цэвэрлэх зэрэг илүү нарийн түвшинд энэ нь биеллээ олдог. М.Аванегийн ярьснаар “Япончууд өөрийн залхууг бусдад нялзаах, өөрийгөө ариусгах хүсэлгүй байх ёсгүй гэж үздэг”.

Ариусах зан үйлийн жишээтэй өдөр бүр тулгарна. Мөргөл үйлдэхээр шинтогийн сүм рүү орох хаалганы өмнө чулуун цоргоор гоожих уснаас авч, амаа зайлж, гараа угаадаг. Ламаар ариусгахын тулд япончуудын олонх нь сүмд машинтайгаа очдог. Лам онуса гэдэг өдийг машин төдийгүй хүмүүс, шинэ байшин барихын өмнө газрыг ариусгахад хэрэглэдэг байна.

Хэрэв та Японд аж төрвөл амьдралын цэвэр хэв маягт түргэж дасаж, хүмүүсийн дэргэд хамраа үлээхээ больж, гар ариутгагч хэрэглэдэг болно. Тийм бодисыг дэлгүүр, оффисоос худалдан авагч, үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлтгэсэн байдаг.

Дахин боловсруулахад туслахын тулд 10 төрөл болгож гэрийн хогоо ангилж сурна. Үүнийг XVII зууны эхээр Уилл Адамс анзаарсан бөгөөд таны амьдралын чанар дээшлэхийг ч мэдрэх болно. Тэгээд эх орондоо эргэж ирэхэд дэргэд тань найтааж, ханиах, эсвэл гэр лүү бохир гуталтайгаа орох этгээдүүдийг хараад гайхна. Японд ийм зүйл огт байдаггүй. Гэсэн ч найдвар бий шүү. Эцсийн эцэст, покемон, суши, бүхээгтэй харилцуур утас дэлхийг шууд эзэлчихээгүй билээ.

Бэлтгэсэн: З.Буян


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)