Гудамжинд шүлсээ хаяхаа больсон цагт хөгжил, соёл “үнэртэнэ”


Италид тарган эмэгтэйчүүд сунадаг материалаар хийсэн хэт бариу хувцастай гудамжинд явах нь хууль зөрчсөн үйлдэл юм гэсэн. Энэ нь ёс зүйн талаасаа нийгэмд эвгүй уур амьсгал бий болгохоос сэргийлж, бусдын нүдэнд “халгаатай” соёлгүй байдлыг таслах гэснийх болов уу. Тэр ч бүү хэл, Милан хотын засаг захиргаанаас баталсан журмаар бол тэндхийн иргэд урвагар, дорой царайлбал торгуулах нигууртай. Юу ч болсон хүмүүст сөрөг энергиэ “халдаахгүйн” тулд гадаадын жуулчид болон бусдын өмнө урвайх биш, инээх ёстой аж. Инээмсэглэл нь хотын нүүр царай, соёлд цаашлаад нийгмийн уур амьсгалд маш чухал нөлөөтэй гэж үзсэн учраас ийнхүү дүрэм, журам баталсан гэнэ. Энэ бүхэн эцэстээ тухайн улс, үндэстний соёлын нэгээхэн хэмжүүр, нийгмийн зөв хандлага юм. Үүнийг л ёс зүй буюу аз жаргалтай амьдралын хөшүүрэг гэж үздэг учраас олон оронд энэ мэт наад захын соёлыг хүн хоорондын харилцаанд чухалчилдаг юм байна.

Гэтэл Монголд байдал эсрэгээрээ. Хэн юугаа өмсөх нь хүний эрх, ардчилсан хэмээх нийгмийн “хэмжүүр” учраас бараг нүцгэн явахаас наагуур юм болно. Инээмсэглэлийн хувьд бол ёстой уучлаарай, зарим нь “авдарт” хийгээд мартчихсан байх. Хөдөөд ч, хотод ч ял гаагүй энд тэндгүй, зарим газарт гишгэх зайгүй болтол нус, цэр, шүлс байх. Ялангуяа хүүхэд, залуучууд нэг дор бөөгнөрч, эсвэл хэдүүл цуглаад тарсны дараа ийм дүр зураг үлддэг нь хэвийн үзэгдэл.

Юу болоод л айлыг магтаад, өөрсдийгөө муулаад байна гэж үү. Бидэнд соёл дутаад байгаа учраас, хаашаа л харна шээж, нусаа нийж, шүлсээ хаяж, тамхи баагиулах хүмүүстэй нүүр тулж буй учраас бухимдахгүй байх арга алга. Уг нь Ардын хувьсгалын өмнөх үеийг бодвол хамаагүй дээр, бүр Эрүүл ахуйн тухай хуультай нийгэмд амьдарч байгаа хэрнээ хаана таарсан газартаа морь харж, “хах, хүх” гэж нулимдаг “заншлаа” гээхгүй байгаа нь 100 жилийн нөр их хөдөлмөр, хөгжлийг харлуулж байгаагаас ялгаагүй, цээрлүүлбэл зохих үйлдэл. Нэгэн зууны тэртээд биш, техник, технологийн дэвшилд суурилсан үсрэнгүй хөгжлийн эринд амьдарч буй монгол хүний ухамсрыг яаж “угааж”, цэвэрлэж, соёлжуулах вэ.

Монголд соёлын хувьсгал хийх гарцаагүй шаардлага бий болжээ. 1900-гаад онд хийсэн шиг тийм эрчтэй, бодитой, шаталсан довтолгоон үгүйлэгдэж байна.

Нэгэн цагт “Хятадууд галт тэргэнд явж байхдаа нус, цэрээ хаядаг бүдүүлэг, “харуудаас” эвгүй үнэр ханхалдаг заваан” гэж шүүмжилж байсан бидний монголчууд өнөөдөр өөрсдөө тийм муухай болчихжээ. Гэтэл урд хөршийнхөн тэр муухайгаасаа салчихсан байна. Японы судлаач Кимүра Аяакогийн ёжилсноор нус, цэрээ нийж, хаядаг гарамгай “техникээсээ” монголчууд салахгүй бол хэзээ ч соёлжихгүй, хөгжихгүй. Монгол хүмүүсийн муу, муухайг пил пал хийтэл нь хэлдэг тэрбээр “Миний хувьд шүлс хаях тун муухай санагддаг, нус, цэр бол түүнээс ч муухай, соёлгүй санагдана. Англид хамт явж байсан нэг монгол хүн гудамжинд сурсан зангаараа нусаа хүржигнүүлэн нийгээд хаячихсан. Би тэгэхэд нь туйлгүй их ичиж, түүнийг загнасан. Англичууд биднийг өөр өөр улсынх гэж мэдэхгүй учраас япон хүмүүс гэж бодвол түүн шиг харамсалтай юм яаж байх вэ. Ийм буруу, муухай зүйлээ заавал болих хэрэгтэй. Дэлхий харж байхад хүн бүр эх орныхоо нэр төрийн төлөө хичээх хэрэгтэй” гэсэн байдаг. Хүн улс, үндэстнийхээ нэрийг баллахгүй гэж бусдын өмнөөс хүртэл ичиж байхад бид алдаа, дутагдлаа засахгүй улам дэлгэрүүлсээр дараа дараагийн үеийнхэндээ “өвлүүлж” буй учраас өнөөдөр байдал дээрдэхгүй, залуучууд цугласан газар нус, цэр, шүлсээр будагддаг нь тун харамсалтай.

Энэтхэг бол агаар, хөрсний бохирдол, ядуурлаараа дэлхийд дээгүүрт бичигддэг улс. Тэрбумаар тоологдох хүн амтай тэр газарт гудамж, талбайд морь харах нь манайхтай адил ердийн үзэгдэл байсаар. Үүний эсрэг багагүй арга хэмжээ авч, нийтийн бие засах газрыг олноор байгуулж, зарим тохиолдолд хүч хэрэглэхэд хүрч, торгож, саатуулдгийн үр дүнд буруу үйлдлээ засаж эхэлж байгаа гэнэ. Мумбай хотод тийм үйлдэл гаргаж байгаа хүнийг өндөр даралттай усаар шүршиж, хашраадаг гэсэн. Урд хөршийнхөн шүлс хаядаг буруу зуршлаа хэрхэн зассаныг судлахад гэмгүй. Тус улсад шүлсээрээ “шүршигчдийг” өндөр торгохоос гадна алчуур хэрэглэж заншуулахын тулд гудамжинд үнэгүй тараадаг байсан туршлага бий. Ийм кампанит ажил нь хувийн ёс зүй, соёл нэвтрүүлэх хувьсгалын нэг хэлбэр юм гэсэн.

Сонирхуулахад, Хятадууд 1980-аад оны сүүл үеэс нэлээд өөрчлөгдөж, шүлс, цэрээ хамаагүй нулимдаг муу зуршлаасаа салж эхэлсэн тухай тус улсад боловсрол эзэмшсэн гадаадын олон судлаач, мэргэжилтэн тэмдэглэсэн байдаг. Тус улсын иргэдийн хувьд нус, цэрээ хаях нь уламжлал шахам зүйл байсныг гэрчлэх түүхэн зургууд өчнөөн бий. Нэгэн орос эрдэмтэн 1970-аад онд Шанхайд сурахаар очоод хятад хүмүүс хаа сайгүй нулимдгийг нь хараад гайхсан талаараа дурсамждаа бичсэн байдаг. Тэрбээр их сургуулийн багшаасаа нулимах “соёлынх” нь талаар асуухад “Нийгмийн гарал үүсэл болон боловсролын түвшнээс шалтгаалан хүмүүс харилцан адилгүй. Ихэвчлэн боловсролгүй, бүдүүлэг хүмүүс хаа хамаагүй нулимдаг” гэж тайлбарласан ч үнэндээ бол Хятадын их удирдагч Мао Цэдун хүртэл байнга цэр, нусаа хаядаг зуршилтай байсан, үүнийг нь гэрчлэх гэрэл зураг олон. Жишээ нь, АНУ-ын Ерөнхийлөгч Р.Никсонтой хийсэн төрийн хэмжээний уулзалтын үеэр Хятадын удирдагч хажуудаа цэрний том сав тавьсан байжээ. Энэ талаар нөгөөх орос эрдэмтэн номдоо дурдсан байдаг. Гэтэл өнөөдөр Хятад улсын аль ч хотын гудамжаар явахад нус, цэрээ хаях нь үгүй. Энэ бол ахуйн соёлын том бодлогын үр дүн юм.

Ер нь улс орнууд ийм муухай зуршилтай хүмүүсийн “халаастай” хариуцлага тооцдог юм байна. Жишээ нь, Японы гудамж, талбайд шүлс хаявал 10 000 хүртэл иенээр, Сингапурт 500 доллароор торгодог аж.

Уг нь манайд ч ийм хууль бий. 2016 оноос хүчин төгөлдөр болсон Эрүүл ахуйн хуульд зааснаар олон нийтийн газарт шүлс, нусаа “шидсэн” иргэнийг 5000-гаас нэг сая, хуулийн этгээдийг гурван сая хүртэл төгрөгөөр торгох ёстой. Харамсалтай нь, хууль гууль болчихдог “жамтай” Монголд шүлс байтугай зүйлээ дуртай газартаа хаячихаад явдаг бүрэн эрхтэй “мал” олон. Үүнийг хянах хангалттай камер байхгүй, байсан ч тэр болгоныг бүртгээд, торгуулийн хуудас илгээх хүн хүчгүй учраас Зөрчлийн тухай хуулиар зохицуулах болтол “өгөөмөр, гүндүүгүй” монголчууд “Хүний мууд дурлахыг албадлаа. Бусдын “бөгс” ухахгүй” энэ тэр гээд сүйд болсон. Ийм байхад 100 жилийн тэртээх шигээ гудамж, талбайдаа шээж, нулимдаг “уламжлалаасаа” яаж салах вэ.

Өнөөх л соёлжуулах “шанаа” буюу нийгэмд зөв зүйтэй, соёлтой амьдрахад хөтлөх бодлого, хөтөлбөр, довтолгоон шаардлагатай. Өөрөөр хэлбэл, өөрчлөлтийг өөрөөс нь эхлүүлэх үндэсний аян гэсэн үг. Үүний тулд иргэдэд эрүүл ахуйн болон танин мэдэхүйн мэдээлэл, сурталчилгааг олон хэлбэрээр, цаг хугацааны давтамжтай, маш тодорхой өгөх хэрэгтэй.

Цэцэгт байцаа идэхээс үргэлж татгалздаг байсан нэг үеэл дүү минь сүүлийн үед эл ногоог түлхүү хэрэглэдэг болсон гэнэ. Багш нь сурагчдадаа төрөл бүрийн хүнсний ногооны ач тусын талаар янз бүрээр тайлбарлаж, олон орны өсвөр насныхан тэдгээрийг хэрэглэснээр ямар үр дүнд хүрснийг баримт, жишээгээр ярьж, цуврал хичээл заасны үр дүнд хүү цэцэгт байцаанд дуртай болсон талаар ээж нь ярьсан. Сурталчилгаа, ухуулгыг зөв, оновчтой, байнга хийхийн ач тусын наад захын жишээ энэ. Үүн лүгээ адил гудамжинд хаясан шүлс, нус, цэр ямар уршигтайг, түүнээс улбаалах аюул, эрсдэл хэдэн үед дамжих хөнөөлтэйг ойлгуулахад мэргэжлийн байгууллагынхан ухаалаг бодлого боловсруулах ёстой. Тэгээд ганц удаагийнх бус, гарцаагүй ажил хэрэг болгох үүднээс хэдэн сар, жилийн давтамжтай довтолговол сурталчилгаа байгаа онох буй за. Хүний нэг мл шүлсэнд сая гаруй бичил биет агуулагддагаас халдвар тараагч нян, бактери дийлэнх нь. Сүрьеэгийн халдвартай хүний шүлснээс ууршсан тэдгээр бичил биет өч төчнөөн хүнд гай тарихыг сайтар ухуулж, энэ тухай мэдээллийг хамгийн гол нь зөв, оновчтой түгээх нь чухал. Өнөөдөр манай холбогдох байгууллагынхан мэдээлэхгүй байна гэвэл гүтгэсэн болно. Харин тэдний ажил тийм ч үр өгөөжтэй биш нь мэдээлэл түгээх, хүнд хүргэх талдаа оновчгүй байгаагийнх.

Монголчууд аж амьдрал, ахуйн өвөрмөц хэв маягтай, үүнийгээ дагаад нийгмийн соёл нь ч бусад улс, үндэстнээс өөр. Энэ нь хувь хүний болон ахуйн соёлоос “чангаах” үзүүлэлт гэж буруу ойлгодог, өөрөөр хэлбэл, гэр хороололд олонх нь амьдардаг учраас заваан бохир гэсэн ухамсаргүй, тэнэг ойлголт байдгийг олон хүнээс сонсож, мэдэрч байсны хувьд “Бидний хувь хүний болон ахуйн соёлд уламжлалт сууцандаа амьдардаг нь ямар ч хамаагүй” гэж хэлмээр байна. Бидний муухай бол сэтгэлгээний доройтлынх учраас л иргэдээ сэнхрүүлэн, соёлжуулах ажил, бодлого үгүйлэгдэж буй юм.

Өмнөх нийгмийн үед буюу БНМАУ-д иргэдээ бичиг үсэгтэй болгох, эрүүл, ариун цэвэрч, соёлч байлгахаар 1959 онд “Бүх орон даяар соёлын довтолгоо явуулах тухай” тогтоол гаргасан байдаг. 1963 оныг дуустал хоёр үе шаттайгаар бүх нийтийг хамруулсан кампанит ажлыг “Бүх нийтээр улам гэгээрэн боловсрохын төлөө”, “Хөдөлмөр ба хүмүүсийн харилцаанд соёлыг гүнзгий нэвтрүүлэхийн төлөө”, “Эрүүл энх аж төрөхийн төлөө” гэсэн уриан доор хэрэгжүүлэхдээ ухуулан сэхээрүүлэхээс гадна захиргаадах аргыг хослуулсан байдаг. Үүний үр дүнд хүн амын боловсролын түвшин, бичиг үсгийн мэдлэгийг дээшлүүлснээс гадна ариун цэврийн хэрэгслүүдийг өдөр тутам хэрэглэж хэвшүүлсэн, хүмүүс усанд ордог болсон нь ахуйн соёлд гарсан том дэвшил байлаа. Энэ ажлынхаа хэрэгжилтийг байнга хянаж, заримдаа айлуудаар явж гэнэтийн шалгалт хийж, “Соёлын довтолгоон” хэмээх сонин хүртэл гаргаж байсан нь өндөр үр дүнд хүрэх хөшүүрэг байсан биз ээ.

Тиймээс өнөөдөр нэн шаардлагатай байгаа соёлын довтолгоон өрнүүлэх болбол тухайлсан чиглэлээр хөтөлбөр боловсруулаад, 1950-иад оны туршлагаар олон нийтэд муухайг жигшүүлэх арга хэрэглэвэл ямар вэ. Сонин, сэтгүүл, нийгмийн сүлжээгээр нөгөө муу нөхдийг зурагтай нь ил зарлаж, хашраасан ч яадаг юм. Ардчилсан нийгэмд хүний эрхийг тэгж зөрчиж болохгүй гэсэн энэрэнгүй зүйл ярьж болох юм. Тэгвэл бусдынхаа эрхийг зөрчиж, элдэв өвчин, муу зүйл тарааж байгаа хүмүүст хувийн эрх ашиг ярих, энэ талаар дуугарах ч эрх байхгүй. Эцэст нь, монголчууд бид хөгжлийг хүсэж байгаа бол гудамжинд нус, цэрээ хаяхаа болох хэрэгтэй. Энэ бол сэтгэлгээний соёлын илрэл учраас тэр цагт хөгжил аяндаа зүгшрэх буй за.

Бэлтгэсэн: Ж.Эрдэнэ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)