“Гранд” саун, массажны газрын үйл ажиллагааг түр зогсоов

Сүхбаатар дүүргийн I хороо, Энхтайвны өргөн чөлөөний XII байрны оршин суугчдаас гаргасан гомдлын дагуу тус хороонд байрлах “Гранд” саун, массажны газрыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар өнгөрсөн баасан гарагт шалгажээ. Шалгалтаар агаар сэлгэх төхөөрөмж бүрэн ажиллагаагүй, зарим өрөөний хана, тааз хөгцөрч, мөөгөнцөртсөн, чийг ихтэй, цонх, тааз, хананаас ус гоожсон, цэвэрлэгээ, үйлчилгээ хангалтгүй, цагийн хуваарийн дагуу ажилладаггүй зэрэг зөрчил илэрчээ. Мөн ажлын байранд тамхи татдаг, шөнийн цагаар хонох нөхцөл бүрдүүлсэн, ажилчдын бичиг баримт байхгүй, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний дэвтэр, мэргэжлийн үнэмлэхгүй зэрэг зөрчил илэрсэн байна. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй нь тогтоогдсон тул прокурорын тогтоолоор тус газрын үйл ажиллагааг түр зогсоожээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)