“Гоёл-2020”-ийн топ моделиор Д.Долгион тодорлоо

Монголын загвар зохион бүтээгчдийн ур ухаан шингэсэн бүтээлүүдийг олон нийтэд танилцуулдаг, шилдэг загвар өмсөгчдийг тодруулдаг “Гоёл” наадам 32 дахь удаагаа болж, өнгөрсөн бямба гарагт өндөрлөлөө. Жил бүрийн загварын чиг хандлагыг тодорхойлдог уг наадам өнгөрсөн сарын сүүлчээр загварын долоо хоногоор эхэлсэн. “G fashion”, “Zorto fashion”, “Бажуна”, “Ивээл”, “Урангоо Идэр”, “UGi fashion, “Бортуа”, “Ивээл” зэрэг үндэсний брэндийг энэ удаад танилцуулсан юм. Шилдэг 70 загвар өмсөгчийг шалгаруулж, наадамд оролцуулжээ. Шүүгчээр Япон, Бельги улсын дизайнер болон “Гоёл” наадмын гран при шагналтнууд ажилласан байна.

Наадмын сүүлчийн өдөр буюу өнгөрсөн сарын 30-нд шилдгүүдийг шалгарууллаа. “Гоёл-2020” наадмын топ моделиор загвар өмсөгч Д.Долгион тодорсон. Тэрбээр “Miss Mongo¬lia-2012”-ын тэргүүн мисс, “Гоёл-2017”-гийн шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байв. Шилдэг зохион бүтээх товчоогоор “Эвсэг” компани тодорлоо. Тус компанийнхан энэ жил цагаан өнгө зонхилсон, ан амьтны дүрслэлийг “шингээсэн”, ноолуураар урласан загваруудаа танилцуулсан. Наадмын нэр хүндтэй шагналуудын нэг, Д.Түвшин агсны нэрэмжит гран при шагналыг “Бортуа” брэндийн загвар зохион бүтээгч Б.Балжинням хүртлээ. Тэрбээр өдөр тутмын, орчин үеийн шинж чанарыг агуулсан, үндэсний хэв шинжийг хадгалсан загваруудаа толилуулсан юм.

Бэлтгэсэн: М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)