Гоо сайхны амжилтгүй мэс ажиллавраас болж ИРГЭД НАСАН ТУРШДАА ХОХИРДОГ

Нүүрэндээ алтан утас суулгуулсан эмэгтэй нүдээ аньж чадахаа больсон гэх мэдээ 2015 онд нийгэмд цочрол өгсөн. Тэрбээр “8500 ам.доллароор мэс ажилбар хийлгэсэн. Удалгүй арьсны цаанаас алтан утаснууд товойж гарч ирсэн. Түүгээр ч барахгүй хацар, уруул минь муруйн, хүн харахаас нүд хальтрам болсон. Хамгийн гол нь нүүрэнд суулгасан алтан утсыг буцааж авч болохгүй гэсэн. Арьсны хорт хавдар үүсэж магадгүй гэсэн хариу авлаа” хэмээн цахим хуудсандаа бичиж байсан.

Гоо сайхны энэ мэт хагалгаанаас болоод хохирсон иргэн цөөнгүй. Унжсан зовхиндоо хагалгаа хийлгэж, залуу харагдах гэсэн бүсгүй бүтэлгүй мэс ажиллавраас болж мөн л нүдээ аньж чадахгүй болсон гэх таагүй хэрэг 2017 оны тавдугаар сард дахин гарсан. Мөн онд хоёр эмэгтэй зориулалтын бус га зарт, солонгос эмчээр хөх, өгзгөндөө өндөр үнээр филлер (дүүргэгч тариа) тариулж эрүүл мэндээрээ хохирсон. Хохирогчид мэс ажиллавар хийлгэсэн газартаа хандахад аль нь ч хохирлыг нь барагдуулаагүй аж.

Мэргэжлийн хяналтын байгууллагынхан өнгөрсөн оны гуравдугаар сард арьс, эмчилгээний гоо сайхан, мэс ажиллавар, мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 56 эмнэлгийг шалгажээ. Тэдгээр байгууллага нь бүгд зөвшөөрөлтэй, хувийн хэвшлийн эмнэлгүүд байсан гэнэ. Гадаадын эмч, мэргэжилтнүүдийн олонх нь аялал жуулчлалын визээр Монголд ирж байсан зөрчил ч их гарчээ. Тэд эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй атлаа ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд монголчуудад үйлчилж байсан гэнэ. Эм, эмнэлгийн хэрэгслүүдээ ч “ганзага”-аар оруулж ирснийг холбогдох албаныхан шалгалтаар илрүүлжээ.

Түүнчлэн шалгалтад хамруулсан эмнэлгүүдийн долоо нь зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байжээ. Багаж материалаа өөрсдөө ариутгадаг найман эмнэлгийн ариутгалын өрөө бүгд стандартад нийцээгүй аж. Тухайн гоо сайхны газруудаас арчдасын дээж авч шинжлүүлэхэд 22 байгууллага нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй үзүүлэлттэй гарчээ. 

Энэ бол зөвхөн зөвшөөрөлтэй гоо сайхны салонуудад илэрсэн зөрчил. Тусгай зөвшөөрөлтэй, стандартаа баримталж ажиллах үүрэгтэй газрууд ийм зөрчилтэй байхад зөвшөөрөлгүй, хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг салонууд ямар үйлчилгээ үзүүлдгийг төсөөлөхөд бэрх.

Нийслэлд эмчилгээний гоо сайхны үйлчилгээ үзүүлэх эрхтэй байгууллагын тоо өнгөрсөн онд 50 орчим байсан бол энэ онд 74 болтлоо өсжээ. Хүмүүсийн эрүүл мэнд, гоо сайханд “халдах” эрхтэй эмнэлгийн тоо зах зээлийн шаардлагаар жил ирэх тусам өсөх хандлагатай.

Түүнийг дагаад иргэдийн гоо сайханд гар хүрэх эрхгүй ч хөмсөг шивдэг, чих цоолдог, давхраа оёдог хэчнээн газар бий болохыг тооцоолоход бэрх. Иргэд ч эмчилгээний болон гоёлын гоо сайхан гэх хоёр ойлголтыг ялгаж чаддаггүйгээсээ зөвшөөрөлгүй, чадваргүй хүмүүст хандах нь элбэг аж.

Эмчилгээний болон гоёлын гоо сайхны үйлчилгээнүүд ямар ялгаатай талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.Байгальмаа “Дээрх үйлчилгээнд тавих стандарт нь өөр. Эмчилгээний гоо сайхны ажиллавар хийх газар тусгай зөвшөөрөлтэй, үйлчилгээний ажилтан нь арьс, гоо сайхны чиглэлээр мэргэшсэн эмч, сувилагч байх ёстой. 

Дүүргэх тарилгын хүндрэл

Гоёлын гоо сайханч бол заавал эмч, сувилагч байх албагүй. Хөмсөг, сормуус, хумс будах, иллэг массаж хийх зэрэг үйлчилгээ үзүүлж болно. Харин хөмсөг, уруул шивэх, төрөл бүрийн цоолбор, үрчлээний эсрэг тариа, филлер зэрэг үйлчилгээ авах тохиолдолд стандартын шаардлага хангасан газрын тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн хүнд хандах ёстой. Иргэд энэ хоёр төрлийн үйлчилгээний ялгааг мэддэггүйн улмаас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гардаг. Манай байгууллага эмчилгээний гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг газруудыг ирэх сард шалгахаар төлөвлөж байна” гэсэн юм.

Фэйсбүүкт “Шивээс хийнэ”, “Бүх төрлийн филлер хямдралтай хийнэ”, “Алтан утас суулгуулбал, арьс цайруулах тарилга (синдерелла) үнэгүй” гэсэн зар энд тэндгүй хөвөрдөг. Тэдэнд хандаж эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн нэг нь Б. Тэрбээр “Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд шивээс хийлгэхээр шийдсэн. Фэйсбүүк хаягаараа шивээсчинтэй холбогдоход III, IV хорооллын 10 000 нэрийн барааны худалдааны төвийн доод давхарт ирэхийг санал болгосон юм.

Тэнд шивээс хийлгэснээс хэд хоногийн дараа гар их загатнаж, хорсож өвддөг боллоо. Шивээсчнээс асуухад “Вазелин түрхээд гялгар уутаар ороочих. Хурдан эдгэдэг юм” гэв. Түүний зөвлөгөөг дагасан ч тус болоогүй. Зүүн гарын шуун дээрээ сорвитой болоод хоёр жил өнгөрсөн ч огт арилахгүй байна. Энэ сорви арьсны өвчин шиг харагддаг. Шивээс минь нэлээд том учир дахиж хэзээ ч богино ханцуйтай цамц өмсөж чадахгүй боллоо. 

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй газар байсан тул бохир орсон байх магадлалтай гэж эмч хэлсэн. Арьсыг зүүгээр шивэхэд бага зэрэг цус гарсныг нойтон алчуураар арчсан тул харшилсан байж ч мэднэ. Дахиж шивээс хийлгэхгүй. Цусаар дамжин, халдварладаг элдэв өвчин аваагүйдээ баярлаж сууна” гэв. Шивээс хийхэд арьсны салст гэмтдэг аж. Ариутгаагүй багаж, хэрэгслийг арьсны салстад хүргэснээр ХДХВ, ДОХ-ын вирус халдах эрсдэлтэйг мэдэхгүй хүн ховор биз. Шивээс хийдэг газруудад тавих хяналт дутмагаас энэ мэт зөрчил, дутагдал их гардаг гэхэд хилсдэхгүй.

Үүнээс гадна хөмсөг, уруул шивэх үйлчилгээ авах сонирхолтой иргэд ч сүүлийн үед олширчээ. Цахим орчинд “Хөмсөг шивүүлсэн охидын групп” хүртэл бий болов. Тус группийн гишүүд нэгнээсээ зөвлөгөө авч, хаанахын ямар газар сайн үйлчилгээтэй талаар санал, бодлоо хуваалцдаг юм байна. Харин хохирсон хүмүүс “Сэтэлгээ хийлгэсэн чинь нүдний угт “юм” гарчихлаа, яах вэ”, “Давхраа оёулаад хоёр хонолоо. Нүд их хорсож байна, туслаач” зэрэг пост их оруулж байв. 

Тус группийн гишүүн У.С хаягтай хэрэглэгч “Финикс” салонд зовхио татуулахаар очсон юм. Гэтэл мэс ажилбарын явцад “Давхрааг чинь үл ялиг томруулчихвал нүд чинь сэргээд шал өөр болно” гэж эмч хэлсэн. Мэргэжлийн хүн мэдэх байлгүй гэж итгээд зөвшөөртөл хоёр өөр давхраа хийгээд зогсохгүй нэмж төлбөр авсан. Ингэж хүний гоо сайханд халдаж болохгүй” гэв. Бас нэг хохирогч Ю.Ц “Eye clinic” эмнэлэгт давхраа оёулсан юм. Зовхийг минь хэт татаж оёсноос болоод арьс биржийж, үрчийгээд цагаан батга шиг зүйл үлдсэн” гэсэн бол иргэн Х.У “Улсын их дэлгүүрийн хажууханд байрлах “Eye clinic” эмнэлгийн эмч н.Оюунжин “Нүд чинь муухай болсон зургаа олон нийтийн сүлжээнд битгий тавиарай. Үнэгүй оёод, засаад өгье” гэсэн” зэргээр гомдол мэдүүлэх хүн олон байв.

“Ирээдүй” цогцолбор сургуулийн сурагч Б.Сувд “Охид нүдэндээ давхраа оёулах, сэтэлгээ хийлгэх нь энгийн л үзэгдэл. Энэ бол тухайн хүний эрх. Бусдад сайхан харагдвал өөртөө итгэх итгэл ч нэмэгддэг. Гэхдээ гоо сайхны салон ямар стандарттайг мэдэхгүй юм байна. Хэрэв би давхраа оёулах юм уу, нүдээ сэтлүүлэхээр бол сурталчилгаа сайтай, хямд газрыг л сонгох байх” гэсэн юм. Гэвч сурталчилгаа сайтай, шуурхай, хямд гэх тодотгол таны эрүүл мэндийг хохироохгүй гэсэн баталгаа болж чадахгүй болов уу.

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Эмчилгээний гоо засал, нөхөн сэргээх тасгийн их эмч Г.Баянжаргал “Сүүлийн үед эмчилгээний гоо засал хийдэг мэргэжлийн бус газар олширчээ. Давхраа оёх, үсний ургалт зогсоох, PRP буюу арьсны өнгийг сэргээж цайруулах, залуужуулах, нүхжилт багасгаж, нөсөө бүдгэрүүлэх зэрэг үйлчилгээг иргэд их хийлгэх болсон. Хийдэг салон ч олширлоо. 

PRP үйлчилгээг хийлгээд шар өвчин авсан тохиолдол гурван жилийн өмнө гарсан. Эмнэлгийн нөхцөлд халдвар хамгааллын стандартыг хангаж ажиллах ёстой. Стандартын дагуу ажиллаагүйгээс ийм тохиолдол дахиж гарахыг үгүйсгэхгүй. Мэдээж бохир орчинд хийсэн эмчилгээгээр ямар л бол ямар өвчин халдах эрсдэлтэй. Түүнчлэн шимэгч хорхойн эмчилгээ хийлгэх хүсэлтэй хүмүүс манай төвд их ханддаг. Энэ өвчин ахуйн замаар халдварладаг юм. Гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг газруудын алчуур, энгэсэгийн багс, хэрэгслээр хачиг дамждаг. Хүний арьсанд тодорхой хэмжээгээр хачиг амьдардаг. Харин байх ёстой хэмжээнээс ихэсвэл нүүр нь маш ихээр улайн, загатнаж, тууралт гарна. Арьс нь гуужиж зузаарна. Манай тасгаар өдөрт үйлчлүүлдэг 20 гаруй хүний 2-3 нь энэ төрлийн өвчинтэй байх тохиолдол элбэг. Тэдэнд зохих эм хэрэглэхийг зөвлөж, гэрийн нөхцөлд нүүрээ зөөлөн цэвэрлэгчээр угаахыг санал болгодог. Иргэд гоо заслын үйлчилгээг эмнэлгийн нөхцөлд, мэргэжлийн эмчээр хийлгэвэл эрсдэлээс өөрийгөө хамгаалж болно” гэсэн юм.

Гоё сайхан болох хүсэлтэй иргэдийг эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйлчилгээ авахдаа сонголтоо зөв хийж, эрсдэлээс өөрийгөө хамгаалан, эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, арьс гоо заслын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчнээр хангагдсан газарт хандаж үйлчлүүлэхийг холбогдох байгууллагынхан анхааруулсаар буй. Гэтэл энэ төрлийн зөрчил буурахгүй, хүмүүс эдийн засаг, сэтгэл санаагаар хохирсоор байгаа нь иргэдийн эрүүл мэндийн мэдлэг дутмагаас гадна хууль бусаар үйлчилгээ явуулдаг газар их байгаагийн илрэл гэлтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)