Голын эрэгт өнжиж, тугалын хашаанд тоглох жаргалтай өдрүүд

Зуны амралтаар нь хөдөө аваачаад “мартчихсан” хүүхдүүд. Шургааг сугавчлаад саравчилж зогсоо хүү аав, ээжийгээ санасан бололтой. Байн байн зам ширтэнэ. Түүний эцэг, эх удахгүй хотоос ирэх тухай хэн нэгэн шивнэсэн байж ч мэднэ. Дунд буй дөрөв үү. Дээл, ажлын гуталтай хүү магадгүй хурдан морь унадаг байх. Морь хөлсөлж, замд явж байгаад саяхан ирсэн бөгөөд харж явдаг охин нь хашаан дээр сууж байгааг мэдээд яриа өдөх санаатай яаран очиж, хүүхдүүдтэй нэгдсэн ч, бас нэг жижигхэн бор “нөхөр” хашаа өөд чадан ядан мацаж, ах, эгч хоёрт саад болж байгаа бололтой. Нөгөө талд суугаа эгч, дүү хоёрын бодол тэс ондоо. Эгч нь үглээ шаазгай ямар нэгэн хэл чимээ дуулгахаар шагширч буй хэмээн санаж, чухам юу гээд байгааг таамаглах санаатай анхаарлаа төвлөрүүлнэ. Хажууд суугаа дүү нь нэг бол энэ тэрийг шулганаад эс бөгөөс уначих гэж айлгана. Урчуудын эвлэлийн хорооны байран дахь “Сэнгэраги” галерейд гаргасан зураачдын хамтарсан үзэсгэлэнгээс зураач Б.Хонгорзулын уг шинэ бүтээлийг онцлов. Тэрбээр бага насны, зуны амралт эхлэв үү, үгүй юү ах, дүү нарын хамт хөдөө хүргэгдээд, намар хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх өдөр хотод ирдэг байсан үеийн, зуны жаргалтай өдрүүдэд хөгшин аав, ижийдээ эрхлэн тугалын хашаанд тоглож, голын эрэгт өнждөг байсан дурсамжаасаа сэдэвлэсэн биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)