Голыг нь тасалчихгүй юм сан

Үйлдэл, хөдөл­гөөн, хөг аянд тулгуурлан амьдралыг уран сайхны дүрээр илэрхийлдэг балетын урлагийн түүх XV зуун бу­­юу Италийн сэргэн мандалтын үеэс эхэл­дэг. Цааш­ лаад урлагийн бие даасан нэгэн төрөл болж, тайзны бүтээ­лийн хэмжээнд очсон нь XVII зуунд Францын “Наран хаан” гэж алдаршсан XIV Людовикийн үе. Харин манай улсад 1940-өөд оны эхэн үеэс улбаатай. Тодруулбал, 1944 онд Н.В.Кузнецова Улсын хөгжимт драматик театрт ирж ажилла­сан бөгөөд урлагийн сургуулийн дэргэд бүжиг анги нээн хичээллүүлж, жилийн дараа төгсөгч­дөөс 10, мөн бүжигт авьяас, сонирхолтой жү­жигчдээс сонгон 22 хүнтэй анги бий болгожээ. Тэд хөгжимт драмын бүжгийн жүжгээс гадна монгол ардын, зөвлөлтийн олон үндэстнүү­дийн, сонгодог бүжиг нийлсэн 59 төрлийн бү­жиг бүхий хөтөлбөртэй болсноор бие даасан анхны тоглолт “Бүжгийн үдэшлэг”-ийг хийсэн байдаг. Монголын балетын урлагийн үүслийн талаар энд дэлгэрэнгүй дурдах гэсэнгүй. Харин манай балетын урлагийн хөгжилд юу дутагдаж, бид чадварлаг гоцлоочдоо яагаад нутагтаа тог­тоож чадалгүй гадаадын театр, компаниудад алдаж буйг хөндөх гэсэн юм. 

1945 онд Зөвлөлтийн мэргэжилтэн, багш Ю.Романовский Монголд ажилласны дүнд Гавьяат жүжигчин Д.Болхүү, Ц.Дашдулам, Б.Гүрбазар нарын сайн бүжигчин, Төрийн шаг­налт Ц.Сэвжид, Г.Долгорсүрэн зэрэг бүжиг дэг­лээч төрсөн байдаг. Тухайн үед Ю.Романовс­кий ардын ба сонгодог бүжгийн үзүүлбэрүүд багтаасан тоглолт тавьсан нь дээр дурдсан “Бүжгийн үдэшлэг”-ээс чанарын шинэ шатанд гарсан байлаа. Улмаар Ю.Романовскийн “Анчин ба зээр”, 1953 онд Г.Жамьянгийн хөгжим, Ц.Раднаагийн дэглэлт “Манай нэгдлийнхэн” нэг бүлэгт бүжгэн үзэгдэл, Э.Чойдогийн хөг­жим, Б.Гүрбазарын дэглэлт “Ийм байлаа” бүж­гийн жүжиг, 1956 онд Б.Асафьевын “Бахчи­ сарайн оргилолт булаг”, 1958 онд Ф.Яруллины “Шурале” жүжгийг тоглосон нь сонгодог бүжгэн жүжгийн эхлэл болж, жүжигчдийн ур чад­вар ихэд өссөнийг харуулж байсан юм. Гэвч сонгодог бүжгийн мэргэжлийн жүжигчид, үндэсний балетмейстерүүд чухал шаардлага­тай байсан учир 1950-иад оноос ЗХУ-д балетын урлагийн боловсон хүчнийг бэлтгэх болсон байна. Анхны мэргэжлийн балетмейстер Д.Лха­сүрэн С.Гончигсумлаагийн хөгжмөөр 1958 онд “Ганхуяг” хэмээх анхны бүрэн хэмжээний үндэсний балетыг дэглэсэн нь урагшлах нэг алхам болжээ. Тухайн үед бодлогоор болов­сон хүчнээ бэлтгэж, гадаадад сурган, ур чад­варыг нь ахиулж, тэр хэрээр сонгодог ур­лагийн хөгжил урагшилж байж. Манайд одоо дутагдаж буй зүйл яг л энэ. Монголын анхны Зингфрид гэгддэг Гавьяат жүжигчин Э.Оюун­бат “Монголд сонгодог урлагийг хөгжүү­лэхэд эдийн засгийн хөшүүрэг маш чухал. Төр, засгаас нь дэмжихгүй бол зөвхөн уран бү­тээлчид сэтгэлээрээ зүтгээд яах юм бэ. Улсын хөгжлийг сонгодог урлагаар нь хэмждэг юм. Монголын сайн балетчид яагаад заавал га­даадын тайзан дээр бүжиглээд байна вэ. Ойлгомжтой биз дээ. Энд цалин, хангамжийг нь сайжруулах хэрэгтэй байна” хэмээсэн нь бий. 

Дахин түүх сөхье. Манай улс 1962 онд ЗХУ-д бүжгийн сургууль төгссөн анхны мэргэжлийн жүжигчидтэй болжээ. Түүнчлэн Хөгжим бүж­гийн дунд сургуулийн дэргэдэх сонгодог бүжгийн анги төгссөн залуусаар балетын жү­жигчдийн эгнээ өргөжиж байв. Ийн 1963 онд Улсын дуурь бүжгийн театр байгуулагдан, сонгодог бүжгийн урлаг эрчимтэй хөгжиж, А.Чичинадзе, В.Проебраженский, Г.Ситни­ков, В.Захаров зэрэг зөвлөлтийн нэрт балет­мейстерүүд манайд урилгаар ирэн “Риминий Франческа”, “Вальпургийн шөнө”, “Золушка”, “Парисын дөл” зэрэг балет тавьж, гадаадын мэргэжлийн багш нар удаан хугацаагаар багш­лан, балетын жүжигчид ирж хамтран тоглож байсан түүхтэй. Улсын дуурь бүжгийн театр байгуулагдахаас эхлэн Төрийн шагналт балет­мейстер Б.Жамъяндагва балетын урлагийг хөгжүүлэх ажлыг гардан удирдаж, “Шехера­зада”, “Эсмеральда”, “Коппелия”, “Дон Кихот”, “Хунт нуур” зэрэг сонгодог балет, “Шарилжин дундах цэцэг”, “Найз залуус”, “Хошуу наадам”, “Нуурын домог”, “Уран хас”, “Мөнгөн залаа” зэрэг үндэсний олон балетыг найруулан дэг­лэсэн. Түүнчлэн 1975 онд П.И.Чайковскийн “Хунт нуур”, 1979 онд А.Аданы “Жизель” сонгодог бүжгийн эрхэм дээж болон уламжлагдсан балетыг найруулж тавьсан нь уран бүтээлчдийн чадвар өсөхөд их нөлөөлжээ. Тухайн үед мэргэжлийн 80 шахам балетчинтай, уран бүтээлчдээр “хахаж” байжээ. Нэг бүтээ­лийг 2-3 бүрэлдэхүүнээр тавьдаг байсан тэр үед чадалтай, авьяастай бүжигчин олон байж. Тэр хэрээр бүтээлийн чанар сайн, өрсөлдөөн ихтэй байх нь мэдээж. Харин одоо овоохон олон дүртэй бүжгэн жүжиг тавих гэхэд бүжигчдийн тоо хүрэлцээгүй л байна шүү дээ. Энэ талаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулган “Ака­демик театр гэчихээд “Түмэн эх”, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчдийг авчраад балетад тоглуулж байх юм. Хөгжим бүжгийн коллежийн балетын ангийн хүүхдүүд манайд академик театрын бүжигчид болоо юу даа. Ийм л өрөвдмөөр болжээ, Монголын театр” хэмээн хатуухан хэлсэн удаатай. 

1968 оноос эхлэн манай бүжигчид балетын олон улсын уралдаанд оролцож эхэлжээ. Тухайлбал, 1978 онд Японд болсон балетын олон улсын уралдаанд Ардын жүжигчин О.Ган­баатар, Ю.Оюун нар шагналт тавдугаар байр эзэлж байв. Түүнчлэн Зууны манлай бүжигчин Ю.Оюун 1974 онд Варна, 1977, 1981 онд Москва, 1980 онд Японд болсон уралдаанд амжилттай оролцон, гурван хүрэл медаль хүртсэн байдаг. Монголын балетын түүхэнд олон алдартан, чадварлаг бүжигчид төрсөн. Сүүлийн 10 га­руй жилийн дотор гэхэд олон улсын уралдаанд амжилт үзүүлж, эх орноо сурталчилж буй олон хүний нэрийг дурдаж болно. Тухайлбал, 2006 онд Японд болсон балетын Ази, Номхон далайн олон улсын уралдааны алт, ОХУ-ын Пермьд болсон Арабеск уралдааны мөнгө, Япон болон АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулсан ба­летын олон улсын уралдаанаас хүрэл медаль хүртэн, 2009 онд Италийн Скала театрын “Pink Floyd” балетын гол дүрд тоглосон Гавьяат жү­жигчин Д.Алтанхуяг, Германы “Theater and Philarmonie Thuringen” компанид бүжиглэдэг, дэлхийд нэр хүндтэй “Тheater Oskar” шагна­лын эзэн Д.Одсүрэн, Хорват, Франц, ХБНГУ, БНХАУ, Япон зэрэг оронд урилгаар бүжиглэж, Японы “К балет” компанийн гоцлоочоор ажил­ласан Б.Батболд, Японы театр болон БНСУ-ын “И Вон Үг” балетын компанийн Ц.Цолмонбуд, БНСУ-ын “Универсал балет” компанид ажил­лаж буй О.Ганцоож нарыг нэрлэж болно. Яавал тэдэн шиг мундаг уран бүтээлчдээ гадаадын биш, Монголынхоо театрын тайзан дээр бүжиг­ лэхийг харах вэ. 

Гадаадын орнуудын жишгийг сонирхъё. Ев­ропын орнуудад компаниуд нь урлагийн арга хэмжээг дэмжвэл татварын тодорхой хувийг хөнгөлдөг. Маш олон компани урлагтаа мөнгө “хаядаг” аж. ХБНГУ-ын театрууд гэхэд улсаасаа санхүүждэг. Тэд тоглолтоо хэдэн хүнд үзүүлэх вэ гэдэгт санаа зоволгүй уран бүтээлдээ илүү анхаарч, экспериментал тал руугаа, заримдаа дэндүү минималист чиглэл рүү бүтээлээ тавих жишээтэй. Японы “К балет” компани гэхэд Их Британийн “Рояал балет”-тай хамтран ажил­лаж, багш, бүжигчдийг нь урьж, компанийн­хаа бүжигчидтэй туршлага солилцуулдаг гэнэ. Ингэснээр уран бүтээлчдийн чадвар ахидаг. Үүний адил бодлогоор БНСУ сонгодог урла­гаа дэмждэг. “И Вон Үг” компанид гэхэд ОХУ, БНХАУ, Их Британи, Япон, Румыний 60 га­руй бүжигчин ажилладаг. Тиймээс тэнд чам­лахааргүй өрсөлдөөнтэй байдаг. Аялан тоглолт ч ихтэй. Олон улсын балетчидтай өрсөлдөх нь ур чадвараа ахиулахад дэм болдог гэж тэнд ажиллаж буй уран бүтээлч хэлнэ билээ. БНСУ-ын бас нэгэн жишээг дурдъя. Тэнд ганц улсынх биш, хувийн олон театр болоод студи ажилладаг. Улсаас нь бүжгэн жүжгийн сонгон шалгаруулалт явуулж, хөрөнгө оруулдаг. Шинэ бүтээлдээ улсаас хөрөнгө оруулалт авахын тулд театр, студиуд өрсөлдөж, уран бүтээлийнх нь чанар сайжрах давуу талтай. Түүнчлэн гадаадад суралцаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн чадварлаг хүмүүсээ аль болох эх орондоо авчрах бодлоготой. Мэдээж нөхцөл, баталгаа сайтай байж таарна. Харин манай уран бүтээлчдийн цалин хаанаа ч хүр­дэггүй. Зөвхөн уран бүтээлдээ сэтгэл зүрхээ зарцуулж байх ёстой байтал бүхий л ачаагаа үүрч, түүндээ түүртдэг. Угтаа эх орондоо ажил­ламаар байсан ч амьдралын баталгаагүй учир гадаад орныг зорьдог. Барууны орнуудтай харьцуулахад манайд уран бүтээлчдийн цалин урамшуулал маш доогуур нь нууц биш. Мөн олон улсын уралдаанд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй. Дэлхийн хаана ч чансаа дээгүүрт бичигдэж чадах хэдий ч энэ л асуу­далд “уяулсан” олон уран бүтээлч манайд бий. Театрынхаа удирдлагыг нь ойр ойрхон “онхолдуудаггүй”, чанартай уран бүтээлийг нь дэмждэг, уран бүтээлчдээ урамшуулж, эх орныхоо тайзан дээр авьяасаа гайхуулах бо­ломж олгодог, сонгодог урлагийг шимтдэг олон үзэгчтэй үлгэр жишээ, соёлтой орон болох сон. 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)