ГОЛОГДСОН ТОСОНД ТОРЛОГДСОН МОНГОЛ

Хүн төрөлхтний агуу их төөрөгдлүүдийн нэг нь транс тос юм. Шингэн тосыг устөрөгчтэй урвалд оруулан, хатуу хэлбэрт шилжүүлснээр удаан хугацаанд хадгалах боломжтой, хямд тос хийж болох гаргалгаа өнгөрсөн зуунд хүчээ авч, тэр ч бүү хэл холестерин агуулаагүй энэ бүтээгдэхүүнийг эрүүл мэндэд нэн тустай хэмээн хоол судлаач, мэргэжлийн эмч нар зөвлөж байлаа.

Гэвч XX зууны төгсгөлд судлаачид буруугаа хүлээж, транс тос нь хүний эрүүл мэндэд аюултайг зарлан, хорт хавдар, чихрийн шижин, хавдар үүсгэх урьдач нөхцөл бүрдүүлдэг эл хүнснээс татгалзахыг зөвлөж, малын гаралтай өөх, тосыг холестерин ихтэй гэж “хэлмэгдүүлсэн”-ээ цайруулсан байна.

Ямар ч хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх зохист хэмжээ гэж бий. Малын гаралтай өөх, тос нь зөв бүтэцтэй учраас хүний биед шингэц сайтай байдаг бол транс тосны бүтэц нь гажуудалтай болохоор судасны хана зузааруулж, төрөл бүрийн өвчин үүсгэх эх үндэс болдог тухай хүнсний технологичид тайлбарласан.

Эрүүл мэндийн дэд сайд байсан Ж.Амарсанаа өнгөрсөн жил болон Цагаан сарын баярын өмнө мэдэгдэл хийж, транс тосны аюулыг танилцуулсан нь олон нийтэд цочрол өгч чадсан. Үнэндээ бол транс тосны аюулыг нийтэд мэдээлэхийн тулд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын секторынхон 2014 онд зөвлөмж гаргаж, хүнсний үйлдвэрүүдэд тараажээ.

ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС ӨӨХ ТОС ХАМГААЛДАГ

Хүний биед өөх тос тодорхой хэмжээгээр зайлшгүй шаардлагатай. Энэ нь олон төрлийн амин дэмийг биед шингээхэд тусалдаг. Нэг гр өөх тос исэлдэхэд 9.3 ккал энерги ялгардаг.

Ингэснээр дулаан ялгаруулахаас гадна биед зайлшгүй шаардлагатай өөх тосны хүчил, амин дэм, фосфатыг зөөвөрлөж, судас хатуурах явцыг тодорхой хэмжээнд саатуулдаг аж. Хангалттай хэмжээний өөх тос хэрэглэхгүй бол халдварт өвчин тусах эрсдэл нэмэгддэг гэнэ. Гэхдээ бүх тос ашигтай биш.

Хамгийн ашиггүй, аюултай тосоор өдгөө хүн төрөлхтөн транс тосыг нэрлэж байна. Ургамлын тосыг өндөр температурт халаагаад шингэн тосон дундуур устөрөгч нэвтрүүлснээр исэлдэж мууддаггүй тос үүсдэг. Энэ бол транс тос юм.

Энэ нь ханасан тосноос илүү холестерин агуулдаг болохоор судас хатууруулдаг гэж эрдэмтэд үзжээ. Транс тосноос татгалзахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уриалж байгаа бөгөөд холестерин ихтэй хэмээн адалдаг өөхнөөс 1000 дахин илүү аюултай гэж тодорхойлсон нь ч бий.

Эрүүл хооллолтын төлөө тэмцэгчид хүнсний үйлдвэрлэлд транс тос ашиглахгүй байхыг хуульчлахыг шаардан тэмцэж байна. Үүний үр дүнд Дани, Швейцарь, Австри, Финланд, Норвегид транс тос хэрэглэхийг хоригложээ.

Одоогийн байдлаар Монгол Улсын ямар ч хууль тогтоомж, дүрэм, журмаар транс тос хэрэглэхийг хориглоогүй байгаа. Харин олон улсын хэмжээнд 2018 оны зургадугаар сар гэхэд транс тосыг нийтийн хоолны хэрэглээнээс хасах зорилт тавиад буй гэсэн.

ӨНГӨРСӨН ОНД МАНАЙ УЛС 458.6 МЯНГАН АМ.ДОЛЛАРААР МАРГАРИН ХУДАЛДАН АВЧЭЭ

Дэлхий нийтээр транс тосноос татгалзаж байхад монголчуудын оруулж ирсэн маргарины хэмжээ өнгөрсөн оны эхний зургаан сарын байдлаар өсөж, 458.6 мянган ам.доллараар ийм бүтээгдэхүүн худалдан авсныг Гаалийн ерөнхий газраас гаргасан статистик мэдээлэлд дурджээ.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан Э.Эрдэнэцогтын хэлснээр тус хүрээлэн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран, транс тосны хэрэглээг багасгах арга хэмжээ авах талаар харилцан тохиролцсоноос өөр дорвитой үр дүнд хүрээгүй байна.

2014 онд манай улс 143.2 тн цөцгийн тос импортолсон бол дал модны 6731.83 тн тос хил гаалийн хяналтыг даван Монголд орж иржээ. Хүнсний үйлдвэрүүд дал модны тосыг нэлээд өргөн хэрэглэдэг бөгөөд хатуу хэлбэрт шилжүүлсэн ийм тос нь транс тос мөн. Тухайлбал, ихэнх нарийн боов, жигнэмгийн найрлагад дал модны тос орсон байх нь бий. Гэсэн ч улсын хэмжээнд хууль болон аливаа нэгэн дүрэм, журмаар транс тос хэрэглэх хэмжээг тодорхойлж заагаагүй учраас үйлдвэрлэл эрхлэгчид аль болох хямд түүхий эд худалдан авч, бүтээгдэхүүндээ ашиглаж байна.

Транс тос агуулсан бүтээгдэхүүнүүд

  • Маргарин
  • Ургамал болон амьтны гаралтай тосны холимог
  • Цэвэршүүлсэн ургамлын тос
  • Майонез
  • Кетчуп
  • Түргэн хоолны төмс
  • Нарийн боов, чихэр, жигнэмэг
  • Чипс болон попкорн
  • Хөлдөөсөн хагас бэлэн бүтээгдэхүүн

ТРАНС ТОСНЫ АЮУЛ

Эдгээр нь бие махбодид нэн чухал үүрэгтэй тосны хүчил болох Омега-3, Омега-6-гийн бодисын солилцоог өөрчилснөөр, тэдгээрийг эсийн мембранаас шахан гаргаж, сөрөг нөлөө үзүүлдэг.

Аймшигтай нь, транс тос орсон мембран нь шаардлагатай тэжээлт бодисуудыг хүлээн авдаггүй аж. Улмаар эс рүү тэжээлийн бодис шилжих үйл явц зогсдог. Эс нь энергийн өлсгөлөнд нэрвэгдсэнээр олон төрлийн эмгэг үүсэх нөхцөл бий болгодог.

Олон улсын Химийн аюулгүй байдлын холбооны судалгаанд дурдсанаар транс тос дараах сөрөг нөлөө үзүүлдэг.

1. Эхийн сүүний чанар муудна (хөхүүлэх үед транс тос нь эхийн сүүгээр дамжин, хүүхдийн биед ордог).

2. Эмгэгтэй, жин багатай хүүхэд төрөх эрсдэлтэй.

3. Чихрийн шижин үүсэх магадлал нэмэгдэнэ.

4. Үе мөч болон мөгөөрсөн эдэд сөрөг нөлөө үзүүлнэ.

5. Химийн бодис, хорт нэгдэл үүсгэхийг саармагжуулах үйл ажиллагаа доголдоно.

6. Дархлаа суларна.

7. Эр бэлгийн эсийг гэмтээнэ.

8. Сэтгэл гутралд нөлөөлнө.

Хорт хавдартай монгол хүн жилээс жилд олширсоор байгаад транс тос ч буруутай. 2004 онд 100.000 эрэгтэй хүн тутмын 241 нь хорт хавдраар өвчилсөн бол 2013 онд 297 болж нэмэгдсэн байна.

ХОЁР ЖИЛ ТРАНС ТОС ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙВАЛ

ХОРТОЙ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛНА

Хямд үнэтэй, түлэгддэггүй, тасалгааны хэмд удаан хадгалах боломжтой зэрэг давуу тал нь маргариныг зах зээлд тогтвортой орших үндэс болдог. ДЭМБ-аас гаргасан зөвлөмжөөр хүний бие махбодь хоногт хэрэглэх бүх энергийнхээ нэгээс илүүгүй хувийг транс тосноос авах буюу 2-3 гр хэрэглэж болохыг л зөвшөөрчээ.

Гэтэл түргэн хоолны нэг порц төмсөнд долоон гр транс тос агуулагддаг. 2009 онд энэ хэмжээг дахин судалж үзээд, ийм тосыг хүнсний хэрэглээнээс бүр мөсөн хасахыг зөвлөсөн аж. Судалгаанаас харахад, транс тос орсон ямар нэг бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр хоёр жил болсон тохиолдолд л тэр хүний биед үзүүлэх хорт нөлөө нь багасдаг аж.

Шингэн тосыг халааж, устөрөгчжүүлэн хатуу хэлбэрт шилжүүлэхэд цайвар өнгөтэй болдог учраас цөцгийн тос шиг болгохын тулд өнгө, амт нэмэх бүтээгдэхүүн хийдэг байна.

Хүнсний аюулгүй байдлын тухай хууль болон Сав баглаа боодлын шошгонд тавигддаг шаардлагын дагуу үйлдвэрлэгчид найрлагаа заавал бичих үүрэгтэй учраас хэрэглэгч бүр хүнс худалдаж авахдаа шошгыг нь харж хэвшвэл буруу хэрэглээнээс татгалзах хамгийн оновчтой арга болох тухай мэргэжилтнүүд ярилаа.

Цөцгийн тосны хэрэглээнийхээ 91 хувийг импортоор хангадаг манай улсын хувьд зах зээлээс шахагдаж байгаа транс тосны дайрлагад өртөх эрсдэл ойрхон байгааг сануулъя.

Иргэдийнхээ эрүүл мэндэд аюул учруулж, хэрэглээнд хүчтэй нэвтэрсэн хортой тосноос татгалзахад зориулж, шат дараатай арга хэмжээ авахгүй бол хавдар, зүрх, судасны өвчнөөр нас барах эрсдэл буурахгүй нь бололтой.

ДЭЛХИЙН ЖИШИГ

АНУ: 2008 онд Калифорни мужид транс тос хэрэглэхийг хориглов.

Аргентин: 2006 оноос хүнсний бүтээгдэхүүний шошгонд транс тосны хэмжээг бичихийг хуульчилж, 2010 оноос 100 гр бүтээгдэхүүнд оногдох транс тосны хэмжээг хоёр хувиас ихгүй байлгахаар заасан. Түүнчлэн 2014 оноос хойш транс тосны хэрэглээг бууруулахын тулд жилд 100 сая ам.доллар төсөвлөсөн.

Австрали: Тус улсын Засгийн газраас транс тосны хэрэглээг багасгахыг дэмжиж буй бөгөөд 2007 оноос хойш хуваарь гарган, жил ирэх тусам хэмжээг нь бууруулж байгаа. Гэхдээ үүнээс ч өмнө буюу 1996 оноос хойш транс өөх тосны хэрэглээ багасаж, үнэ нь хямдарч эхэлсэн байдаг.

Бразил: 2003 оноос бүтээгдэхүүний шошгонд транс тосны хэмжээг бичихийг хуульчилж, 2010 оны эцэс гэхэд 100 гр бүтээгдэхүүнд ногдох хэмжээг хоёр хувь болгосон.

Канад: 2008 оноос зоогийн газар, түргэн хоолны газарт транс тос хэрэглэхийг багасгах шаардлага тавьж хоёр хувиас хэтрэхгүй байлгахыг зөвлөжээ.

Дани: 2003 оноос устөрөгчжүүлсэн тосны хэмжээг хоёр хувиас хэтрүүлэхгүй байхаар зааж, хэрэглээг бууруулсаар зүрх, судасны өвчнөөр нас барсан хүн 50 хувиар цөөрчээ.

Швед: 2011 оноос транс тос хэрэглэхийг хоригложээ.

 Ж.СОЛОНГО


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)