Говь-Алтай, Хөвсгөл рүү шөнийн нислэг үйлдэх боломж бүрдүүлэх нь


Агаарын тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл болон тулгамдаж буй гол асуудлуудыг өчигдөр хэлэлцлээ. Тухайлбал, агаарын тээврийн салбарт өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай аж. Олон улсын нислэг 14, орон нутгийн нислэг 23 хувиар өссөн бөгөөд цаашид ч нэмэгдэх хандлагатай байгааг ИНЕГ-ын дарга дурдлаа.

Орон нутгийн нисэх буудлуудыг өргөтгөн сайжруулах, статусыг нь нэмэгдүүлэхээр хийж буй ажлуудын хүрээнд 10-аад жил зогсонги байсан Завханы Донойн хөндийн нисэх буудлыг өргөтгөж эхэлсэн гэнэ. Түүнчлэн Хөвсгөл аймгийн нисэх буудлын гэрэлтүүлгийн ажил дуусаж байгаа бөгөөд Говь-Алтайнхыг эхлүүлсэн аж.

Ингэснээр Хөвсгөл, Говь-Алтай аймаг руу шөнийн нислэг үйлдэх боломж бүрдэх юм байна. Хөшигийн хөндийн нисэх буудлыг ашиглалтад хүлээлгэн өгөх ажил хуваарийн дагуу явж буйг ч мөн онцоллоо. Ирэх арваннэгдүгээр сарын 10 гэхэд онгоц нисэж, буухтай холбоотой бэлтгэл ажлуудыг дуусгахаар төлөвлөжээ. Гэвч нислэгийн үйл ажиллагаа эхлүүлэх шийдвэрийг Японы талаас яаран өгөхгүй, ирэх жил болтол хүлээзнэх төлөвтэй гэнэ.


Л.Аргамжин


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)