Говь-Алтай аймгийнхан гялгар уутнаас татгалзав

Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн батлуулсантай холбогдуулан БОАЖЯ-наас “Цэвэр, сайхан орчин” аяныг 21 аймаг, есөн дүүргийн дунд зохион байгуулсан. Тус аяныг тэргүүлсэн аймаг, дүүргийг өчигдөр зарлалаа. Нэгдүгээр байранд Говь-Алтай, хоёрдугаар байранд Увс, гуравдугаар байранд Дархан-Уул аймаг болон Сонгинохайрхан дүүрэг шалгарчээ.

Аяны хүрээнд нийт 18.974 иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хамруулан, 3945 орчим га талбайн хог хаягдлыг цэвэрлэн 21.148 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт буулгажээ. Говь-Алтай аймгийнхан гялгар уутнаас татгалзсанаараа тэргүүн байр эзэлжээ.

Энэ хүрээнд мазаалай, хулан, бөхөн, хар сүүлт, тахь, хавтгай буюу говийн гайхамшигт зургаан амьтны дүрс бүхий даавуун уут үйлдвэрлэж эхэлсэн байна. Уутны орлогын тодорхой хувийг дээр дурдсан зургаан амьтныг хамгаалах үйлсэд зориулах гэнэ. Увс аймгийн тухайд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Холивол хог, ялгавал баялаг”, “Бид байгаль эхтэй хүйн холбоотой”, “Байгаль орчны хяналтад бидний оролцоо” сэдэвт уралдаан зохион байгуулжээ.

Дархан-Уул аймагт “Хогоо витаминаар сольё” арга хэмжээ өрнүүлж, нийт 3000 уут витаминыг хогоор сольж, тараасан байна. Сонгинохайрхан дүүрэг нь аяны хугацаанд хогийн 164 цэгийг бүрэн устгасан аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)