Говь-Алтайд энэ сарын 20-24-нд газар 650 удаа хөдөлжээ

Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвөөс 30 км зайтай Тамч багийн нутагт энэ сарын 20- нд газар дөрвөн удаа хүчтэй хөдөлсөн. Тэдгээрийн дээд үзүүлэлт нь 5.8 магнитуд байв. Тэгвэл өчигдөр тус голомтод дахин газар хөдөллөө. Энэ талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан А.Мөнхсайханаас тодруулав. Тэрбээр “Тус голомтод энэ сарын 20-24-нд газар 650 гаруй удаа чичирхийлсэн. Дөрөв нь 3.5 магнитудаас дээш хүчтэй байлаа. Энэ он гарснаас хойш манай орны нутагт 13 477 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн. Монгол Улсын нутаг дэвсгэр нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг” гэв. Мөн энэ сарын 22-ны 06.56 цагт Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын төвөөс 148 км зайд газар 3.8 магнитудын хүчтэй хөдөлснийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлсэн.

Ташрамд дурдахад, өнөөдөр буюу жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн лхагва гараг нь газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр юм. Энэ жил коронавирусийн халдвараас сэргийлэх хүрээнд олон нийтийг хамарсан дадлага, сургуулилалт явуулахгүй болсон тул газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх теле хичээлийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэхийг ОБЕГ-аас мэдэгдлээ.

Бэлтгэсэн: Б.Нандин


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)