Г.Номин: Эмэгтэй найруулагч нар амжилт гаргаж чадна

Залуу найруулагч Г.Номинг “Кино сонин” буландаа онцоллоо. Тэрбээр өнгөрсөн хавар СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийг кино найруулагч мэргэжлээр төгсчээ.

Г.Номин өнөө жилийн “Алтан хальс” индепендент кино наадамд “Түлхүүр” бүтээлээрээ оролцож, хүүрнэлт төрөлд өрсөлдөн, шилдгээр тодорсон юм.

-“Алтан хальс” индепендент кино наадамд хэд дэх удаагаа оролцов. Яагаад энэ наадамд бүтээлээ сойхоор шийдсэн бэ?

-Тус наадамд анх удаа оролцлоо. “Алтан хальс”-д сойсон “Түлхүүр” кино миний найруулсан анхны бүтээл, мөн дипломын ажил. “Түлхүүр”-ээ бүтээсний дараа хүмүүст үзүүлэхэд ам сайтай байлаа.

Түүнээс урам авч, уралдаан, кино наадамд оролцож, өөрийгөө сориод үзье гэж бодсон юм.

-“Түлхүүр” бүтээлээ өөрийнхөө амьдралд тохиолдсон үйл явдлаас сэдэвлэсэн гэсэн. Өөрт тохиолдсон бодит явдлаас сэдэвлэн кино бүтээх ямар байв. Дахин ийм төрлийн кино хийх үү?

-Гуравдугаар дамжаанд байхдаа дипломын ажлаа ямар сэдвээр хийх вэ гэж их удаан бодсон. Ингээд багад минь тохиолдсон явдлаас сэдэвлэхээр шийдсэн дээ. Би дөрөвдүгээр ангидаа гэрийнхээ түлхүүрийг гээчихээд ээж, ааваасаа айгаад хэлж чадахгүй, өвөөтэйгөө хуйвалдан долоо хоног нуусан юм.

Тэр хооронд хөгжилтэй олон үйл явдал өрнөсөн. Харин киноныхоо зохиолд үйл явдлыг илүү сонирхолтой болгох үүднээс нэг өдөрт болж өнгөрсөн мэтээр өөрчилж бичсэн. Өөрт тохиолдсон түүх учраас зохиолоо бичихэд тийм ч хэцүү байгаагүй.

Кино хийх явц ч сонирхолтой, амар байсан. Гол дүрд тоглосон бяцхан охинд заавар, зөвлөгөө өгөхөд ч дөхөм, сонирхолтой байлаа. Яг л хүүхэд нас руугаа эргээд очиж буй мэт санагдсан.

-Гадаадын олон улсын кино наадамд оролцох бодол бий юү. Аль наадмыг илүү сонирхож байна вэ?

-Оюутан байхдаа “Оскар”-ын наадамд оролцон, нэр дэвшиж, тухайн төрөлдөө ялахыг мөрөөддөг байлаа. Харин одоо юуны түрүүнд Каннын кино наадамд оролцохыг хүсдэг болсон. Мөн Бусаны олон улсын кино наадамд оролцож үзмээр байна.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” киног нь үзээд Гавьяат жүжигчин, найруулагч У.Уранчимэг эгчээр их бахархсан. Түүнтэй уулзаж, түүнээс суралцахыг хүсдэг байлаа. Оюутан байхдаа У.Уранчимэг эгчтэй уулзаж, намайг “Киноныхоо арын албанд ажиллуулаач” гээд гуйсан юм.

Азаар зөвшөөрч, “Атганд үлдсэн эрдэнэ” кинондоо ажиллуулсан. Оюутан миний хувьд маш том боломж шүү дээ. Дараа нь “Миний нууц” кинонд нь туслахаар ажилласан. Одоо түүний найруулж буй шинэхэн уран бүтээлд мөн ажиллаж байна.

-Найруулагч хүн ямар байх ёстой вэ. Олон ур чадвар эзэмших ёстой юу?

-Хоёрдугаар дамжаанд байхад “Монгол фильм”-ийн найруулагч Д.Золбаяр багш “Найруулагч хүн мэдрэмжтэй, ёс зүйтэй, чадвартай, тал бүрийн мэдлэгтэй, ялангуяа улсынхаа түүхийг сайн мэддэг, сайн удирдагч байх ёстой” гэж хэлж байсан юм. Хамгийн гол нь “Сайн хүн байх ёстой” гэсэн.

Багшийнхаа энэ үгтэй санал нэг байж, тийм хүн болохыг хичээдэг. Би өнгөрсөн дөрөвдүгээр сард Иран улсад олон улсын кино наадмын хүрээнд зохион байгуулсан хөтөлбөрт оролцсон юм. Тэр үеэр Ираны алдартай найруулагч “Найруулагч хүн сайн сэтгэлзүйч байх хэрэгтэй” гэсэн. Энэ үг их үнэн санагдсан шүү.

-Яагаад богино хэмжээний кино дурлаж бүтээдэг юм бэ. Бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээр төлөвлөсөн үү?

-Залуу уран бүтээлч учраас гараагаа богино хэмжээний киногоор эхлэхээр шийдсэн юм. Туршлагажсаны дараа, бас боломж олдвол бүрэн хэмжээний кино руу “орно”. Кино өндөр өртгөөр бүтдэг шүү дээ. Над шиг залуу хүнд ийм кино хийхэд энэ асуудал мэдээж тулгарна.

-Бүтээл бүртээ өөрийн ямар онцлогийг шингээхийг хүсдэг вэ?

-Бодит амьдрал дээр ямар байдаг, тийм л энгийн зүйлийг кинондоо үзүүлэхийг хүсдэг. Амьдралд ойр, бодитой. “Түлхүүр” киногоо тэгж л хийхийг хичээсэн. Цаашдаа ч энэ зарчмаараа ажиллана.

Би БНХАУ-ын найруулагч Жан Имоугийн кинонуудад маш дуртай. Яг л миний хүсдэг онцлог, шинж чанарууд тэр хүний бүтээлүүдээс харагддаг юм.

-Манайд эмэгтэй найруулагч тийм ч олон биш. Яагаад энэ мэргэжлийг эзэмшсэн юм бэ?

-Багадаа кино их үздэг байлаа. Үзсэн кинонуудынхаа гол дүрд хувиран, жүжиглэж давтаад л. Түүнийгээ гэр бүлийнхэндээ тоглолт болгон үзүүлдэг байв. Хүүхэд байхдаа найруулагч мэргэжлийн тухай мэдэхгүй учраас киног жүжигчид л бүтээдэг, тиймээс жүжигчин болно гэж боддог байсан.

Жаахан томроод кино бол багийн хөдөлмөр, түүнийг найруулагч зангиддаг гэдгийг ойлгож, энэ мэргэжлийг эзэмшихээр зориглосон. Дунд сургуулиа төгсөөд удаагүй байхад “Хамтдаа” олон ангит киноны арын албанд туслахаар ажиллах боломж олдсон юм. Энэ кинонд ажиллах явцдаа кино урлагт улам дурласан. Зарим уран бүтээлч “Эмэгтэй найруулагч байдаггүй юм. Чи шал дэмий энэ чиглэлээр сурах гээд байна” гэсэн удаатай.

Тэр үед “Тэгвэл би эмэгтэй анхны найруулагч болно” гэж өөртөө зорилго тавьсан. СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуульд элссэнийхээ дараа дэлхийн кино урлагийн түүхийг олон эмэгтэй найруулагч бичилцсэн, “Оскар”-т хүртэл нэр дэвшин, шагнал хүртсэн гэдгийг мэдээд олзуурхсан даа.

Миний үзэх дуртай олон киноны заримыг эмэгтэй найруулагч бүтээснийг мэдэж, улам л зориг орон, хичээн ажиллаж байна.

-Эмэгтэй найруулагч эрэгтэйчүүдээс юугаар онцгой, давуу талтай вэ?

-Найруулагч нарын олонх нь эрэгтэй. Ихэнх сайн киноны найруулагч мөн л эрэгтэй байдаг нь нууц биш. Гэхдээ кино урлагт эмэгтэй найруулагч нар ч амжилт гаргаж чаддаг. Харамсалтай нь, маш цөөн.

Жишээ нь, эмэгтэй найруулагч Кэтрин Бигелоу “Point break”, “The Hurt locker” зэрэг дайн тулаан, адал явдалт төрлийн кино бүтээж л байсан. Эдгээр кино олны таашаалд нийцэж, “Оскар”-аас шагнал хүртсэн шүү дээ.

Эмэгтэй хүн байгалиасаа уян зөөлөн, энэрэнгүй, нарийн мэдрэмжтэй. Энэ л давуу тал болов уу. Ажиглах нь ээ, эмэгтэй найруулагчийн бүтээсэн кино эрчүүдийнхээс илүү торгон мэдрэмжтэй, гэгээлэг байдаг.

-Хамгийн том мөрөөдөл, зорилго тань юу вэ?

-Д.Бямбасүрэн гэж эмэгтэй найруулагч бий. Баримтат кино сонирхогчид андахгүй байх. Тэрбээр ХБНГУ-д сурч, төгсөөд, Монголдоо ирж олон сайхан бүтээл туурвисан. Түүний “Ингэн нулимс” кино “Оскар”-ын наадамд нэр дэвшиж байсан шүү дээ.

Улсынхаа нэрийг олон улсын түвшинд гаргана гэдэг маш сайхан. Түүн шиг Монголынхоо нэрийг дэлхийд өргөх чадварлаг найруулагч болохыг мөрөөддөг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)