Г.Нандин-Эрдэнэ: Кино урлаг бол улс орноо дэлхий дахинд таниулах том боломж гэдгийг солонгосчууд хэдийнэ олж харсан

Чансаагаараа Дэлхийд 46, Солонгостоо нэгдүгээрт эрэмбэлэгддэг БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуульд өдгөө 10 монгол оюутан суралцаж буй. Тэдний нэг нь Г.Нандин-Эрдэнэ. Кино найруулагчийн мэргэжлээр суралцаж буй тэрбээр ирэх арванхоёрдугаар сард сургуулиа төгсөх боловч хэд хэдэн богино киног бие дааж хийгээд буй. Өдөр шөнөгүй дэлгэцийн урлагт суралцахаар шамдах их ажлын зэрэгцээ тэрбээр олон нийтийн ажлаас огт хойш суудаггүй. Тиймдээ ч Солонгост суралцаж буй монгол оюутны холбоог тэргүүлэн, солонгос дахь монгол залуусыг хөгжүүлэх олон арван үйл ажиллагааг зохион байгуулж яваа юм билээ. Түүнтэй цахим сүлжээгээр холбогдсоноо хүргэе.

 -Солонгосын нэр хүндтэй сургуульд суралцах боломж хэрхэн олдсон бэ?

-Би багаасаа “Ди энд Эл” продакшн болон MN25, MҮОНТ-д хүүхдийн нэвтрүүлэг хөтөлж байсан болохоор ямар ч байсан дэлгэцийн урлагийн хүн болно гэж боддог байлаа. Дунд сургуулиа төгссөн зун өөрийнхөө сонирхож буй чиглэлээр гадаадын их дээд сургуулиудыг судалж байгаад Солонгосын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын Үндэсний урлагийн их сургууль /K-Arts/-д суралцах боломж байгааг олж мэдсэн юм. Азийн орнуудаас жил бүр 20 оюутан шалгаруулж авдаг юм билээ. Материал хүлээж авч дуусахад ердөө долоо хоног үлдээд байсан  тул хамаг л хурдаараа материалаа бүрдүүлээд явуулсан. Хариу нь аравдугаар сард гарах тул жил алдахгүйн тулд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд элсэн суралцсан. Аравдугаар сарын сүүлчээр тэнцсэн гэсэн хариу ирснээр би Солонгос улсыг зорьсон доо.

Телевизэд ажиллаж байсан болохоор дүрс бичлэг хийх, эвлүүлэг хийх дөртэй болчихсон тул зуны амралтаараа гэр бүлээрээ аялах бүртээ аялсан газрынхаа сонин сайхныг хуваалцсан “нэвтрүүлэг” бэлтгэн “Загасан нүд” фестивальд оролцож Үндэсний ялагчаар тодорч байсан. 13 настайдаа НҮБ-аас зохион байгуулсан богино кино хийх төсөлд хамрагдаж, үе тэнгийхэндээ хүргэхийг хүссэн санаагаа киногоор дамжуулан хүргэсэн минь хамгийн анхны өөрөө зохиолоо бичиж найруулсан богино кино байсан. Эдгээр бүтээл маань тэтгэлэгт тэнцэхэд нөлөөлсөн байх. Мөн дээр нь сурлагын голч дүн өндөр байх шаардлагатай, эссэгээрээ өөрийгөө маш сайн илэрхийлэх хэрэгтэй.

-Солонгост урлагийн салбар нь маш их өрсөлдөөнтэй байдаг гэдэг. Тэгэхээр урлагийн ажилтнуудыг бэлтгэдэг үндэсний томоохон сургуульд суралцах хүсэлтэй оюутны тоо ч их, өрсөлдөөнтэй байдаг байх.

-Энэ оронд шоу урлаг өндөр хөгжсөн болохоор солонгосчууд өөрсдөө мөн гадны оюутнууд, монголоос ч гэсэн энэ чиглэлээр суралцахыг хүсдэг залуус олон байдаг нь анзаарагддаг. Тэр дундаа салбартаа тэргүүлдэг үндэсний ганц сургуульд бүр ч их өрсөлдөөнтэй. 1993 онд Соёл, спортын яамны шийдвэрээр байгуулагдсан, харьцангуй залуу сургууль боловч төгсөгчид нь Солонгосын урлагийн салбарын нүүр царай болсон, нэр хүндтэй хүмүүс байдаг. Манай сургуулийг төгссөн, алдартай найруулагчид сургуульдаа багшилж байгаа.

-Танай сургуульд хэдэн монгол оюутан суралцаж байна вэ?

-Одоогоор 10 монгол оюутан ардын хөгжим, ардын урлаг, сонгодог хөгжим, бүжиг, жүжигчин, кино найруулагч зэрэг мэргэжлийг сонгон суралцаж байна.

-Тэгвэл БНСУ-ын хэмжээнд кино урлагийн чиглэлээр суралцдаг хэр олон хүн байдаг юм бол?

-Одоогоор солонгост 5800 орчим монгол оюутан суралцаж байна. Энэ нь тус улсад суралцаж буй гадаад оюутнуудаас тоогоороо гуравт жагсаж буй үзүүлэлт юм. Би БНСУ дахь Монгол оюутны холбоогоороо дамжуулан урлагийн чиглэлээр сурдаг оюутнуудын групп нээсэн. Тэгэхэд урлагийн чиглэлээр 40-өөд хүн суралцдагаас 10 орчим нь кино урлагийн чиглэлээр сурдаг гэж байсан.

Манай сургуулийн хувьд киноны ангидаа зохиолч, найруулагч, зураглаач, эвлүүлэгч гээд бүгд багтдаг. Дотроо чиглэл чиглэлээрээ мэргэшдэг. Анх 35-уулаа нэг ангид элсэн орж байхад талаас илүү нь найруулагчийн мэргэжлийг сонгож байсан бол ирэх арванхоёрдугаар сард ганцхан оюутан энэ мэргэжлээр төгсөх гэж байна. Цаашид энд кино урлагийн чиглэлээр суралцаж буй залуустайгаа хамтраад нэг уран бүтээл хийх сэн гэж хүсдэг.

-Суралцах хугацаандаа хэд хэдэн богино хэмжээний кино бүтээж амжсан юм билээ. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

Манай сургууль дадлагыг чухалчилдаг. Тиймдээ ч нэгдүгээр ангид ороод долоо ч хоноогүй байхад кино хийх даалгавар өгч байлаа. Бие даалтанд хагас сар бүр нэг богино хэмжээний кино хийх даалгавар өгдөг. Өнгөрсөн хугацаанд багаараа хамтарсан гуч гаруй богино хэмжээний кино хийж, яг өөрийн бие дааж ахлаж хийдэг workshop хэмээх гурван бүтээлээ хийсэн.

Төгсөлтийн дипломын ажил болгож, 20-30 минутын богино хэмжээний кино хийх ёстой байдаг. Солонгосын томоохон студиуд ямар бүтэц, загвараар ажилладаг вэ, түүний жижигрүүлсэн хувилбараар л бид төгсөлтийн ажлаа хийдэг. Нийт 30-аад хүн кинонд маань оролцсон. Багаа ч найруулагч өөрөө бүрдүүлдэг тул гадаадын оюутнуудад энэ нь жаахан хүндрэлтэй байдаг юм. Миний хувьд чөлөө зав гарах бүрт ангийнхаа хүүхдүүдийн кинонд тусалдаг болохоор тэд ч миний кинонд ажиллахдаа дуртай байдаг. Киноныхоо зургийг зун авч дуусгасан. Одоо эвлүүлэг дээрээ явж байгаа. Сургуулиас төгсөгчдийнхөө дипломын ажлыг солонгосын болон Олон улсын кино фестивалиудад илгээдэг, мөн манай сургуулийн нэрэмжит кино фестивалиар дамжуулан кино театруудад гаргадаг уламжлалтай. Миний кино ирэх хоёрдугаар сард театрт тавигдах байх.

-Энэ киногоо монголчуудад толилуулах бодол бий юү?

- Дипломын ажлаараа би хүний нутагт сурч, ажиллаж буй монголчуудынхаа тухай өгүүлэхийг хүссэн. Тийм болохоор кинонд маань олон монгол хүн оролцож байгаа. Мэдээж, эхлээд багш нартаа киногоо танилцуулчихаад дараа нь монголчууддаа толилуулна. Сошиал сүлжээ болон цахим орчноор бүтээлээ түгээх бүрэн боломжтой шүү дээ.

-Солонгос болон Монголын кино урлаг хэр их ялгаатай байна вэ?

-Солонгост киноны уран бүтээлчдээ Холливудын школоор бэлтгэдэг бол манай уран бүтээлчид орос школоор суралцсан байдаг. Үүгээрээ нэлээд ялгардаг. Мөн сэтгэлгээний хувьд их ялгаатай санагддаг. Баруунд кино найруулагчаар суралцаж буй хэдий ч зохиолоо өөрсдөө бичих нь элбэг. Биднийг ч мөн энэ жишгээр сургасан. Анхны зохиолуудыг маань багш нар уншчихаад биднээс огт өөр сэтгэхүй харагдаж байна гэдэг байлаа.

-Амралтаараа эх орондоо очихдоо Монголын кино урлагтай танилцаж, үнэлэлт дүгнэлт хийдэг л байх.

-Би кино урлагийг таньж мэдэж, суралцаж яваа залуу хүн. Ахмад үеийнхнийхээ босгосон энэ том салбарыг цаашид үргэлжлүүлэн авч явна. Зав гармагц интернэтээр ч болтугай монгол кинонуудаа үздэг. Миний бодлоор манайд кино урлаг хөгжиж байгаа. Манай сургуульд зураглаачаар сурч төгссөн ах монголд очоод студи байгуулсан юм. Зураг авахдаа солонгос технологи ашигладаг болохоор салбартаа нэр хүндтэй болсон байна билээ. Энэ мэтчилэн хөгжингүй орнуудад суралцсан залуус кино урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа болов уу. 

-Төгсөөд эх орондоо ирж ажиллах уу?

-Солонгос бол урлагийн салбарынханд маш ээлтэй орон.Тухайлбал, томоохон компаниуд нь кино зохиолын уралдаан байнга зохион байгуулж, шалгарсан бүтээлд кино хийх зардлыг нь олгодог.  Тэгэхээр уран бүтээлчид өөрсдөө л хичээвэл бүтээлээ амилуулах боломж энд илүү нээлттэй байдаг. Тиймээс хэрэв боломж олдвол эндээ хэсэг ажиллаж, туршлага хуримтлуулахаар төлөвлөж байгаа. Мэдээж, дараа нь эх орондоо очно, өөрийн студиэ байгуулна, мөрөөдлөө биелүүлнэ.

-Эмэгтэй хүн кино найруулагч болно гэдэг тийм ч амар биш. Гэрийнхэн нь хэр их дэмждэг вэ?

-Манай гэр бүлийнхэн намайг үргэлж дэмжиж, урам зориг өгдөг. Ээж маань бас телевизэд продюсер хийж байсан, дээр нь кино урлагт хайртай. Магадгүй, энэ нь ч бас нөлөөлсөн байх гэж би боддог.

-Кино бүтээлүүд арилжааны болон арт гэсэн төрөлд хуваагдаад буй. Манай оронд ихэвчлэн арилжааны кино л бүтээж байна. Харин Солонгосын урлагийн сургуульд аль чиглэлийн кино бүтээх талаар түлхүү зааж байна вэ?

-Арт кино бүтээх талаар түлхүү заадаг. Харин төгсөөд өөрсдөө аль чиглэлийг барьж ажиллахаа сонгодог.  Манайд бол хөрөнгө мөнгөний асуудлаас болоод ихэвчлэн арилжааны кино хийдэг байх. Энд манай Кино үйлдвэр шиг улсын байгууллага байдаг юм. Тус байгууллага кино зохиолын уралдаан зарлаж, кино бүтээх зардлыг нь гаргадаг тул арт кино хийх боломж нөхцөл нь бүрдсэн байдаг.

Кино урлаг бол улс орон, түүх соёлоо дэлхий дахинд таниулах том боломж гэдгийг солонгосчууд хэдийнэ олж харсан учраас энэ салбарт хөрөнгө оруулалт сайн хийдэг. Кино урлагийн нөлөө хичнээн их гэдгийг олон нийтийн телевизийн бүтээсэн “Тусгай салаа”, “Хэцүү анги”, “Өдөр өдрийн наран” зэрэг зорилтот кинонууд нотолсон гэж би боддог.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)