Г.Мягмарсамбуу: Эв нэгдэл бол ариун санваар мөн

Уншигч-сурвалжлагч Г.НЯМ-ОЧИР

Судлаач

Зочин Г.МЯГМАРСАМБУУ

Түүхийн ухааны доктор, профессор


УА-ийн Түүх, археологийн хүрээлэн­гийн Бүс нутаг ба орчин үеийн түүхийн салбарын эрхлэгч, түүхийн ухааны доктор, профессор Галиндэвийн Мягмарсамбууг “Уншигч-сурвалжлагч” булангийнхаа зочноор урилаа. Түүнтэй ярилцах манай уншигч-сурвалжлагч Гончигийн Ням-Очир бол Төв номын сангийн сэргээн засварлагч, диваажингийн талаар судалдаг, Ц.Дамдинсүрэн хэмээх эрхэм хүмүүний шавь Л.Хүрэлбаатаарын гарын шавь. Академич Дамдинсүрэнгийн дэг сургуулийг үргэлжлүүлэгч гэдгээрээ бахархдаг нэгэн. Эрдэм, мэдлэгийн “богц” болсон хоёр судлаач маань төрийн ой санамж болон монголчуудын эрхэм шүтээний талаар ярилцлаа.


-Төрийн ой санамж гэсэн нэн тулгамдсан, оновчтой сэдвээр ярилцах боломж олгосон “Өнөөдөр” сонины хамт олонд гүнээ талархаж байна. Төрийн ой санамж гэдэг зүйлийн талаар ярихад төрт улсын үүсэл, эцэг өвгөд маань ямар зам туулсан, төрийн бодлогын уламжлал нь юу байсан, ямар шашны сургааль номтой байв гэхчлэн түүхээ сөхнө гэсэн үг. Тэгэхээр Монгол Улс хос ёст буюу төр, шашин хосолсон төрийн уламжлалаар 1000 жил явжээ. Ийм суурийг Чингис хаан тавьсан. Их хаан маань яагаад улсаа тэлж, аян дайн хийв, эцсийн зорилго нь юу байв гэхээр лалын ертөнцийнхний зүүн тийш чиглэсэн түрэлтийг зогсоох явдал. Энэ талаар Хүрэлбаатар багшийн маань “Чингис хаан болон Монголын бурхан шашин” номд тодорхой бий.

Энэ сэдвийн хүрээнд ярихын тулд өнгөрсөн долоо хоногт болсон хоёр том үйл явдлыг дурдахгүй байж болохгүй санагдана. Нэгдүгээрт, Монгол Улсад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчиллаа. Тэрбээр хэлсэн үгэндээ Төвөд бол БНХАУ-ын салшгүй нэг хэсэг гэдгийг сануулсан. Манай улс үүнтэй санал нэг гэдгээ хоёр дахь удаагаа баталчихлаа. Ингэхээр Монголын төрийн ой санамжид байсан төр, шашны тухай асуудал хөндөгдөнө. Үүнээс хойш Монголд Далай ламыг дахин урихгүй, БНХАУ-ын баримталж буй шашны бодлоготой нэг боллоо гэсэн үг гэж судлаач хүний хувьд харж байна. Урд хөрш маань дэлхийн буддизмын төв болохоор зорьж буй. Нөгөө нэг үйл явдал нь Ванчин Богдын хийсэн тахилга. Би яагаад энэ талаар онцлоод байна вэ гэхээр, төр, шашин хоёрыг салгаж болохгүй.

Төр нь зарчим, шашин нь ёс зүй гэсэн үг. Төрийн ой санамж, залгамж халааны талаар одоо л ярихгүй бол хэд хэдэн эрсдэлтэй нөхцөл үүсэх вий. Богд хаант Монгол Улс, дараа нь шинэ Монгол Улсаа байгуулаад эхэн үедээ төр нь иргэний болон шашны гэсэн боловсролын хоёр системтэй явсан. Энэ тухай Ардын намын анхны тангарагаас эхлээд 1920-иод оны үед бий болсон “Ард түмний ариун ёс”-нд тодорхой тусга­сан. Засаг, төрөө яаж бат бэх байлгах вэ хэмээн хувьсгалчид лам нарт хандан “Эр­дэ­нэт толь” хэмээх төрийн онолын ном ч бичүүлсэн. Үүний нэг нь мөн л “Ард түмний ариун ёс”. Та төрийн ой санам­­жийн талаарх бодлоосоо хуваалцана уу?

-Ням-Очир маань буддын чиглэлээр олон жил судалгаа хийсэн учраас төрийн ой санамж гэдэг асуудлыг тэр талаас нь тайлбарлаж бай­гаа нь сонирхолтой байна. Төр, шашны ха­рилцаа ямар байсан, одоо ямар байна вэ, цаашид ямар байх вэ гэдэг дээр бид сайн бодолцох ёстой болов уу. Түүхч хүний хувьд би төрийн ой санамж гэдгийг юу гэж ойлгодог вэ гэдгээ хэлье. Ер нь төр улс гэдэг хувь хүнтэй л адил. Хүн өнгөрсөн амьдралаа үргэлж эргэн дурсаж, мартдаггүй.

Тэгэхээр төрийн ой санамж гэдэг нь миний ойлгож буйгаар Монгол Улс, монгол төр хэзээ үүсэж бий болсон, ямар түүхэн замнал туулав гэдгээ эргэн харж, өнөөдөр ямар түвшинд байгаагаа цэгнэж, цаашдын хөгж­лийн зам чигээ тодорхойлно гэсэн гэсэн үг. Мон­голын төр мандан бадарч байхдаа ч, буу­ран доройтох үедээ ч өнгөрсөн түүхээ эргэн харж байсан уламжлалтай. Үүний тодорхой жишээ нь “Монголын нууц товчоо” (МНТ). XII-XIII зуу­­ны үед дэлхийг удирдан жолоодож байсан мон­голчууд өнгөрсөн түүхээ эргэн харж, алдаа оноогоо цэгнэж, алс хэтээ төлөвлөлж байс­ныг энэ сурвалжаас мэдэж болно. МНТ-нд Өгөдэй хааны алдаа, оноог хүртэл маш тодорхой бичсэн байдаг.

Өөр нэг жишээ нь, Монголын түүхийн гол том сурвалж бичгүүд XVIII зууны үед буюу монголчууд Манжийн эрхшээлд орс­ны дараа бичигдсэн байдаг. Чухам яагаад тэр үед түүхийн ном зохиолууд бичив гэхээр, нэгэн үе мандан бадарч байсан монгол­­чууд харь гүрний эрхшээлд орж, бууран дорой­тох замд орсныг ухааруулах, түүхээсээ сур­гамж авах, мөн баатарлаг түүхээрээ бахархах үндэсний үзлийг сэргээхэд чиглэж байсан гэж үзэж болно.

Төр улсаа дахин мандуулах ёстойг нь түмэн олонд сануулан, тэднийг хурцлах зорилгоор эцэг өвгөдийнхөө түүхийг эрдэм номтой бичгийн хүмүүс туурвисан хэрэг. 1911 онд монголчууд тусгаар тогтнолоо сэргээсний дараа ч түүхээ эргэн харж, сэргээн бичиж байсан. Үүний тодорхой жишээ нь, “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг” юм. Мөн 1921 оны Ардын хувьсгалын дараа Судар бичгийн хүрээлэн байгуулж, түүхийн үнэт ховор ном судраа олж цуглуулах, хадгалж хамгаалах, судалж сурвалжлах ажлыг эхлүүлж, 1930-аад оноос түүхээ шинээр бичиж эхэлсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл, Монголын төр ямар ч үед түүхийн ой санамжаа сэргээж, түүхээсээ суралцаж ирсэн байдаг.

-Монголчууд төрийнхөө түүхийг нэлээд сайн бичсэн. Харин шашныхаа түү­хийг төдийлөн сайн бичээгүй мэт санагд­даг. Тэгэхээр төрийн ой санамж хагас хугас байна уудаа гэж би хардаг. Нөгөө­тэй­гүүр, Түүх, археологийн хү­рээлэнгийн Бүс нутаг ба орчин үеийн түү­­хийн салбарын эрхлэгчийн хувьд танаас бүс нутаг дахь Монголын, өөрөөр хэлбэл, Өвөрмонгол болон Буриадын түү­хийн су­далгааны талаар асуумаар байна. Ер нь тус бүс нутгийн судалгаа монгол­­чууд­­тай салшгүй холбоотой юу. Энэ талаар та бүхэн ямар бодлого баримталж байна вэ?

-Өмнө нь бид түүхээ зөвхөн өнөөгийн Мон­гол Улсын хил хязгаарын хүрээнд бичиж бай­­­жээ. Тухайн үедээ улс орныхоо хил хязгаараас хальж, нийт монгол үндэстний хэмжээний түүхийг авч үзэх боломжгүй байсан. Харин өнөөдөр цаг үе, түүхийн судалгааны хамрах хүрээ, чиг ханд­­лага их өөрчлөгдсөн. ШУА-ийн Түүх, археоло­­гийн хүрээлэнгээс сүүлийн жилүүдэд Монго­лын түү­хийг бүс нутгийн хэмжээнд авч үзэх бод­лого баримталж байна.

Үүний хүрээнд хи­лийн гадна үлдсэн буриад, барга, өвөрмонгол, дээд монгол, Шинжааны монгол, тува, халимаг гээд туурга нэгтнүүдийнхээ түүхийг цогц байд­­лаар судлахыг эрмэлзэж байна. Энэ үүднээс 2015 онд хүрээлэнгийн бүтэц зохион байгуулал­таа өөрчлөхөд Шинэ түүхийн тасгийг Бүс нутаг ба орчин үеийн түүхийн тасаг болгосон. Ингээд 2015-2017 онд “ХХ зууны Монголын түүхийн туламдсан асуудлууд” сэдвийн хүрээнд “Бүс ну­таг ба Монголын түүхэн дэх баргууд” сэдвээр судалгаа явуулж, ном хэвлэн гаргасан. Энэ бол хилийн гадна үлдсэн монголчуудынхаа түүхийг судлах эхний алхам. Бидний дараагийн алхам Буриад, Өвөрмонгол гэхчлэн монгол туур­­гатнуудынхаа түүхийг тодорхой үе шаттай­гаар судлахад чиглэж байна.

Таны асуусан шашны түүхийн тухайд гэвэл, 1990-ээд оноос өмнө бараг хаагдмал байсан сэдэв. Харин 1990-ээд оноос хойш Мон­голын шашин соёл, төр, шашны харилцааны түүхийн судалгаа шинэ түвшинд гарсан гэж үзэж болно. Гэхдээ энэ сэдвийг цаашид цогц байдлаар судалмаар санагддаг.

-Шашны түүхийн талаар асуух болсон шалтгаан гэвэл мөн л төрийн ой санамжтай холбоотой. Мэдээж, ой санамж нь байгаа бол зорилготой байх ёстой. 20 жилийн дараа Монгол Улс шашны ямар бодлоготой байх талаар тодорхой төсөөлөлтэй хүн алга. Харин гадаадын олон судлаач манайд ирж судалгаа хийдэг. Жишээ нь, Баян Өлгий аймагт франц судлаач нар олон жил ажиллаж байгаа. Мөн Японы судлаач, эрдэмтэд тогтвортой судалгаагаа хийж байна. Энэ мэт судалгааны үр дүнгээс харахад, 2040 он гэхэд Монгол Улс исламын шашинтай болох магадлалтай гэсэн сонин таамаг, дүр зураг гарч байгаа, өнөөгийн энэ байдлаараа явбал шүү дээ.

Жишээ нь, Казахстан руу гарсан Монголын казах үндэстнүүд олноороо эргэн ирвэл хүн ам нь хурдацтай өснө. Дээрээс нь тэдэнтэй зах залгаа оршиж буй монгол хүмүүс шашны нөлөөнд нь автах үзэгдэл нэлээд газар авсан. Үүнийг хэд хэдэн үндэслэлээр тайлбарладаг. Нэгдүгээрт, исламын шашин өч төчнөөн ном уншуулдагүй, ёс зүйн цөөхөн хэдэн зүйл номлодог. Хоёрдугаарт, хязгаар нутагт монгол соёл, боловсрол, төрийн бодлого хүрэхгүй болохоор өөрт ойр, хүчтэй байгаа соёлын нөлөөнд маш хурдтай автагдаж байна. Тиймээс нэн яаралтай энэ талаар ярилцах шаардлага тулгарчээ. Миний бодлоор, гадаадын шашны байгууллагуудын хөрөнгө оруулалтыг зогсоож, хил хязгаарыг хаах хэрэгтэй. Гаднаас авах санхүүжилтийг нь хуулиар хорьчихвол цагийн аясаар ялгарч чадах, эсэх нь тодорхой болно гэж боддог.

-Бид энэ талаар нухацтай ярилцаж, нэг ший­дэлд хүрээд, тодорхой шийдвэр гаргах хэрэг­тэй байгаа нь үнэн. Шашны тал дээр төрийн бод­логод хоёр зүйл суулгаж өгмөөр санагддаг. Нэгдүгээрт, хүүхэд, залуучуудын дунд гад­нын шашны нөлөө улам хүчтэй болж байна. Ийм учраас үндэснийхээ шашин, соёлын тухай хичээлийг бүх шатны сургуулийн хөтөл­бөрт оруулмаар байна. Нөгөөтэйгүүр, уламжлалт шашнаа дээдлэх, хамгаалах, хөгжүүлэх талаар төрөөс тодорхой бодлого хэрэгжүүлмээр са­нагд­даг.

АНУ-д янз бүрийн шашин шүтдэг хү­мүүс байгаа. Гэтэл Ерөнхийлөгч нь библийн су­дар дээр гараа тавиад тангараг өргөдөг биз дээ. Тэгвэл Монгол Улсад үндэснийхээ шашныг төрийн бодлогын түвшинд хамгаалж, хууль­чилж болохгүй гэж үү. Манай улсад мөрдөж бай­гаа одоогийн хуулиар бол төрийн байгуулла­гад шаш­ны зан үйл үйлдэх хориотой. Гэтэл амьд­рал дээр тэр нь хэрэгжихгүй, хэрэгжих боломж­гүй гэдэг нь харагдаад байна. Одоо бараг бүх яамд тус тусдаа бурхан шүтээн бүтээгээд залчих­сан байна. Иймэрхүү жишээ олон байна. Тий­мээс амьдралд нийцсэн заалтаа хуульд оруу­лаад, үндэсний шашнаа төрийн бодлогын түв­­­шинд гаргаж тавибал ямар бол.

-Ёс зүй гэж зүйл бий, ямар ч хуулиар зохицуулах боломжгүй. Тэгвэл үүнийг итгэл үнэмшил, шүтлэг бишрэлээр нь зохицуулдаг арга зам хаймаар. Тэр нь шашны талаарх төрийн бодлого. Төрийн албан хаагчийн анкетанд ямар шашин шүтдэгийг нь оруулах хэрэгтэй гэж боддог. Би нэг зүйл анзаарч, ажигласнаа хэлье. 2012 онд байгуулсан Засгийн газрын боловсрол хариуцсан яамны хүмүүс нь мунийн, соёлын асуудал хариуцсан хэсгийнхэн нь морманы шашны үзэл баримтлалтай байсан.

Тэдгээр хүн үндэсний шашин, соёл, цаашлаад төрийн ой санамжид маш хортой үйлдэл хийсэн гэдгийг би баттай хэлж чадна. Энд нэг түүхийн талаар онцлон дурдахад, Богд хаан төр, шашныг хослон барьж, ард түмнээ нэг үзэл санаагаар зангидаж чадсаныхаа хүчинд улсынхаа тусгаар тогтнолыг бүтэн авч үлдсэн юм шүү. Энэ бол мартаж болохгүй, ховор түүхэн тохиолдол. Түүний ухаалаг бодлогын хүчээр бид улс хэвээр үлдсэн. Миний харж буйгаар өнөөгийн Монголын хямрал эдийн засаг, мөнгө санхүүтэй огт холбоогүй. Шашны тухай асуудлаа цэгцлэх боломж олгохгүй зориудаар туйлдуулж, хямраагаад байна уу даа гэж хардаг.

-Монголын хямралын гол шалтгаан нь алт мөнгө, уул уурхай, өр зээл, эдийн засагтаа байгаа юм биш гэдэгтэй санал нэгдэнэ. Харин оюун санааны хувьд нэгдмэл бус байгаа нь хямралд хүргэсэн гол урхаг. Монголчууд өнөө­дөр олон янзын үзэл бодол, шашин шүтлэг, эрх ашигт хуваагдсан байдалтай байна. Ер нь өнөөгийн хөгжлийн гол үндэс нь мөнгө биш шүү дээ. Мөнгийг хаанаас ч, хэзээ ч босгож болох зүйл. Монголын хөгжлийн үндэс нь алс хэтийн зөв бодлого, эв нэгдэл, нэгдсэн зорилго чиглэл гэж би боддог.

-Таны бодлоор манай төр одоо хаана байна вэ?

-Төр хаана байгааг би үнэндээ хэлж мэдэх­гүй нь. Төр бол улс орноо хөгжил дэвшилд хүргэх бодлогыг тодорхойлж, түмэн олноо удирдан зохион байгуулж, тэрхүү бодлогоо хэрэг­жүүлдэг субъект юм. Гэтэл одоо манайд улс орноо хөгжүүлэх төрийн тодорхой бодлого алга, төрд эв нэгдэл алга. Тийм учраас би төр хаана байгааг хэлж мэдэхгүй байна. Жалханз хутагт Дамдинбазар 1912 онд Ховдын хязгаарт очоод “Эв нэгдэл гэдэг бол ариун санваар мөн” гэсэн гайхамшигтай үг хэлсэн байдаг.

Өнөөдөр тэр эв нэгдэл нь үгүй болсон уч­раас бид хүчгүй байна. ХIII зуунд монголчууд цөө­­хүүлээ байж яаж дэлхийг байлдан дагуулсан юм бэ. Энэ талаар олон тайлбар, гаргалгаа бий. Гэх­дээ миний бодлоор, тэр үед монголчууд оюун санааны хувьд нэг хүн шиг нэгдэж чадсан уч­раас, тэд эв нэгдэлтэй байсан учраас тийм гай­хамшигт амжилт гаргасан гэж би боддог. Одоо бид тэр түүхээс суралцах цаг болжээ.

-Үнэхээр Монголын төрийн хамгийн том шүтээн нь Чингис хаан байсаар ирсэн. Ер нь Чингис хаан мон­голчуудын бурхан мөн үү?

-Бид одоо нийтээрээ шүтэж, дээдэлдэг нэг үнэт зүйлтэй болох шаардлагатай.Ажил, мэр­гэжил, нас, хүйс, шашин шүтлэгээсээ үл хамаа­ран хүн бүхэн хүлээн зөвшөөрөх шүтээн гэсэн үг. Тэр нь ямар нэгэн шашин, бурхан биш, ха­рин Чингис хаан юм. Ерөөс монголчуудад тэнгэ­рээс мөнхийн шүтээнийг нь заяасан гэж бод­дог. Тэр бол Чингис хаан.

-Чингис хааны мэндэлсэн өдрөөр амрахаас өөр дорвитой арга хэмжээ авдаггүй. Соёлын ямар ч акц, контент алга. Сүүлийн гурван жилд харин Үндэсний номын сангийнхан өөрийн хүрээнд тодорхой ажил хийж байгаа. Би үүний хүрээнд Чингис хааныхаа ойг хэрхэн тэмдэглэж байсан талаар судалсан юм. Тасмын болон гүүний үрс гаргах тахилга гэхчлэн байна. Надад нэг мөрөөдөл бий, Чингис хааны судалгааны төвтэй болох.

Энэ бол багшийн минь, олон судлаач эрдэмтний хүсэл юм. Ордост 1987 онд тийм төв байгуулсан. Би тэдний захиалгаар нэг ном хийж байна. Түүнд гайхалтай баримтууд орсон. Жишээ нь, дэлхийн II дайны үед Мао Зэдун, Чан Кайши нар Чингис хааны шүтээнийг тахиж байж Японы колончлолоос чөлөөгдсөн, япончууд тэр шүтээнийг авахын тулд Хатан гол дээр гүүр барьсан байдаг. Тийм байтал бид их хааныхаа талаар судалдаг төвгүй байна шүү дээ.

“Өнөөдөр” сониноор уламжлан төрийн өндөрлөгүүдэд уламжлахад Төв номын сандаа суурилаад цэвэр монгол шашин болсон Чингис хаандаа зориулан нэн яаралтай төв байгуулаач гэж хүсэх байна.Энэ дашрамд, ийм чухал сэдвийг онцгойлон авч үзэж, судлаачдын үгийг түмэн олонд хүргэх санаачилга гаргасан сонины удирдлага, хамт олонд дахин дахин талархал илэрхийлье.

-Чингис хаан нэгэн үед жирийн морьтон баатар байсан. Нэгэн үе Монголын хаан бай­сан. Нэгэн үе дэлхийг эзэгнэсэн их хаан бай­сан агуу хүн. Түүнийг тэнгэрт хальснаас хойш монголчууд тахин шүтсээр ирсэн. Төрийн уламжлалаа алдалгүй энэ эрин зуунтай зол­госон нь ч их хаанаа шүтэж дээдэлж байсны хүч гэж би боддог. Энэ цаг үед харин Чингис хаа­ны тухай асуудлыг эргэн дүгнэж, цоо ши­нээр хармаар санагддаг.

1990-ээд оны үеэс их хааныхаа түүх цадигийн талаар ярьж, тайлга та­хилга зэргийг нь сэргээх оролдлого хийж, “Чин­гис хаан” төрийн дээд шагнал бий бол­гож, мэн­дэлсэн өдрийг нь “Монгол бахархлын өдөр” болгосон гээд багагүй зүйл хийснийг үгүйсгэхгүй. Түүхчид ч Чингис хааныхаа түү­хийг олон талаас нь судалж байна. Гэх­дээ Чингис хаан судлалыг арай өөрөөр, шинэлэг байдлаар хийх шаардлагатай байна. Энэ нь төрийн ой санамжийг сэргээхэд чухал ач холбогдолтой. Түрүүн өөрөө Хятад улс буддын төв болох бодлого баримталж байна гэлээ. Миний харж буйгаар урд хөрш ил тод зарлаагүй боловч бас Чингис хаан судлалын төв боло­хыг зорьж байх шиг.

Өнөөдөр Хятадад өргөн хүрээнд судалгаа явуулж, Чингис хааны тайлга тахилгыг тогтмол хийж, өч төчнөөн хөшөө, цогцолбор босгож байна. Өвөрмонголд Чингис хааны хөшөөгүй, судалгааны төвгүй хот бараг үгүй дээ. Ганцхан жишээ хэлэхэд, Шилийн голын ажил мэргэжлийн дээд сургууль 2016 онд Чингис хааны сурвалж бичгийн музейтэй болж, 50 гаруй хэлээр бичсэн, 60 гаруй орны 20 гаруй мянган сурвалж бичгийг цуглуулжээ. Гэтэл Чингис хааны төрж өссөн өлгий нутаг Монголд боломж, бололцоо нь байсаар атал судалгааны төв алга. Тэгэхээр бид эзэн хааныхаа өлгий нутагт тахилгын сүм, судалгааны төв байгуулж, нэгдэн нягтаръя. Уг нь өнөөгийн Монголын нутагт Чингис хааны тахилгын сүм байсан, тэр бол Тугийн сүм. Тэр талаар би нэг ном гаргаж, яг энэ санаагаа хэлсэн.

-Төрийн ой санамжийн талаарх яриа маань явсаар шашнаар дамжаад, Чингис хааны судалгаанд хүрлээ. Бид хоёртой санал нэгдэх эрдэмтэн, судлаач олон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хятадад энэ жил манай их хааны тухай гурван ч кино хийлээ. Сүүлийн үед эл сэдвээр кино хийгээгүй өнжсөн жил байхгүй шүү. Миний бодлоор, Монгол Улсын төсөв батлахдаа Чингис хаантай холбоотой уран сайхны болон баримтат кино бүтээхэд жил бүр тодорхой мөнгө тусгадаг болчихвол дэлхийд их хаанаа, Монголынхоо тухай судлалыг илүү таниулан, алдаршуулах том боломж юм. Ингэснээр аялал жуулчлалын салбарт ч их нэмэртэй. Нөгөөтэйгүүр энэ талаарх судалгаа хийдэг хүмүүсийн ажил үр дүнд хүрнэ.

Өвөрмонголчууд жилд зургаан удааЧингис хаанд зориулан тахилга хийдэг, Ордосын дунд сургуулиудад хичээл эхлэхээс өмнө “Чингис хааны эзэн сан”-г уншаад, хөшөөнд нь мөргөдөг юм билээ. Том гүрний бөөрөнд байж өвөрмонголчууд “хайлчихгүй” байгаагийн гол шалтгаан ердөө л их хаанаа дээд шүтээнээ болгосонтой холбоотой. Хилийн чанад дахь монгол туургатнуудын хувьд ч ялгаагүй. Тэгэхээр бид Чингис хаанаа чин зүрхний шүтээн болгохын тулд яах ёстой вэ. Миний бодлоор, Чингисийн тухай хуультай болох ёстой. Ингэхийн тулд судлаач, эрдэмтдийнхээ үгийг сонсох учиртай. Түүнд нь их хааны нэрийг ашиглан ашиг орлого олсныхоо төлөө татвар төлдөг болох заалт ч тусгасан болмоор.

-Чингис хааныг шүтээн болгож чадсан та­лаар нь өвөрмонголчуудыг магтаад баршгүй. Айл болгон хоймортоо хөргийг нь залсан байдаг. Харин манайд хааныхаа нэртэй ар­хийг “залаагүй “ айл байхгүй болов уу. Энэ мэ­тээр хилийн чанад дахь монголчуудаасаа су­рал­цах зүйл бидэнд бий. Судалгааны түв­шинд манайхан боломжийнхоо хэрээр ажил­лаж бай­гаа. Харамсалтай нь, төрийн зохих бай­гуул­лага, төрийн түшээд болон өндөрлөгүүд судал­гаа­ны үр дүнг ашиглахгүй байна. Тийм байхад төрийн бодлогод энэ талаар тусгана гэдэг нь эргэлзээтэй. Нэг үе Чингис хааны тухай хууль­тай болъё гэж нэлээд ярьж байгаад намж­сан. Энэ талаар эргэн харж, төрийн бод­логодоо тусгавал зүгээр юм шиг санагддаг.

Үүнээс гадна би нэг асуудлын талаар энд заавал ярих ёстой гэж бодлоо. Энэ ч гэсэн төрийн ой санамжтай холбоотой юм. Баруун хилийн тулгаралтын ялалтын 70 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал өчиг­дөр боллоо. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амиа өргөсөн баатарлаг хүмүүсийн ал­дар гавьяаг хэрхэн мөнхжүүлэх вэ, тэдэнд Мон­гол Улсын баатар цол нэхэн шагнаж болохг­үй юу гэдэг асуудал энэ хурал дээр хөндөгд­сөн. Монгол Улсын баатар цолыг нэхэн олгохыг зогсоосноор ээдрээтэй асуудал үүссэн. Үүнийг яаж зохицуулах вэ.

Эх орныхоо төлөө баатарлаг гавьяа байгуул­сан зарим хүнд баатар цол нэхэн олгох хүсэлт сүүлийн жилүүдэд аймаг, орон нутгаас нэлээд гарч байна. Ирэх жил Халхын голын ялалтын 80 жилийн ой болно. Энэ ойн үеэр ч ийм санал бас л гарна байх. Гэтэл төр нь “нэхэн олгохгүй” гээд байдаг. Үнэхээр эх орныхоо тусгаар тогтно­лын төлөө баатарлаг гавьяа байн­гуулаад тулалдаа­ны талбарт амь насаа алд­сан хүмүүст баатар цол нэхэн олгохгүй гэдэг бол тэдний эх орон, ард түмнийхээ өмнө бай­гуулсан гавьяаг үгүйсгэ­сэн хэрэг болно гэж би боддог.

Тийм учраас то­дорхой журам гаргаад тулалдааны талбарт баатарлагаар амь насаа алдсан хүмүүст баатар цолыг нэхэн олгодог болмоор байгаа юм. Үүний зэрэгцээгээр эх орныхоо тусгаар тогт­нолыг хамгаалан тэмцэж ирсэн баатар­лаг мон­­гол цэргүүддээ зориулсан хөшөө босго­­­­­­моор байна.

“Монгол төрийн ой санамжийн гол цөм нь Чингис хаан байх ёстой. Энэ бол бид оюун санаагаар нэг болж, хөгжилд хүрэх том хөшүүрэг” хэмээсэн манай зочин Г.Мягмар­самбуу болон “Өдий зэрэгтэй судлаач болсноо багш нарынхаа ач” гэж үргэлж талархан, үйл хэргийг нь үргэлжлүүж буй судлаач, “Өнөөдөр”-ийн уншигч-сурвалжлагч Г.Ням-Очирнарын яриа энд хүрээд өндөрлөлөө. Бидний нийгэм талцал, хэрүүлтэй байснаар хөгжлөөс ухарч буйг эрхэм уншигч та энэхүү сонирхолтой, шим­тэй ярианаас тунгаасан буй за. Эвийг хичээ­хийн тулд хүн бүр өөрөөсөө эхлэх учиртай. Тэгэхээр энэ мөчөөс эхлэн их шүтээн болсон аав, ээж, эзэн Чингистээ мөргөн, дор бүрнээ хичээе.


Тэмдэглэсэн Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)